Живж буй хөлгөө түрүүлж орхисон шившигтэй ахмад Ж.Эрдэнэбат
2017/07/22
МАН-ын дотоодод өрнөж буй хөдөлгөөн нэлээд эрчимжиж ирлээ. Зарим нь тус намын дотор хагарал, зөрчил үүслээ гэж дэвэргэж байна. Үнэндээ бол энэ нь зөрчил тэмцлийн хэрээний өндрөө авсан үзэгдэл биш юм. Гагцхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлаас үүдсэн зүй ёсны хөдөлгөөн, түүнээс үүдсэн давалгаа гэж хэлж болохоор байна.
Энэ давалгаанд жижиг завь бол хөмрөөд, юүлэгдэхээр. Гэтэл МАН бол жижиг завь биш, нүсэр том хөлөг онгоц. Юу юугүй живээд сүйдчихгүй гэсэн үг л дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлаас үүдсэн хөдөлгөөн гэдэг нь М.Энхболдын оронд хөлгийн ахмадаар хэн очих вэ гэдгээс үүдэлтэй далд явуулга юм.
Нам буруу чиглэлд явж байгаа нь саяын сонгуулиар тодорхой болов. Тиймээс хөлгийн залуурыг зөв хүний гарт атгуулах хэрэгцээ үүсчээ.
Хөлгийн ахмад буюу намын дарга болчих санаархал тээж байгаа улстөрчдийн дүр эхнээсээ тодорч байна. Тэдний тэргүүн эгнээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нэр цохиж явна. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд ялсан ч, ялагдсан ч намын дараагийн дарга болно гэж эртнээс ярьж байсан нь ийнхүү биеллээ олж байна. Нэг ёсондоо Ж.Эрдэнэбат М.Энхболдын оронд намын дарга болох биш, харин түүний орыг залгаж намын дарга болохоор санаархаж эхэллээ. Энэ хоёр бол том ялгаатай ойлголт гэдгийг уншигчид маань мэдэж буй биз ээ.
Нэгдүгээрт, энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан М.Энхболд хариуцлага хүлээж буй сэтэр зүүж, намын даргын суудлаа хүлээлгэж өгөх боловч нэдэр дээрээ өөрийн гарын хүнээ ор залгуулж, тамга өвлүүлэх гэсэн башир арга.
Хоёрт гэвэл, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МАН-ын дарга болсноор бусад хүний хүлээж байгаа шиг өөрчлөлт хийгдэхгүй бөгөөд хариуцлага тооцсон гэж хэлэгдэхгүй. Учир нь М.Энхболдыг хөлгийн ахмад хийж байх үед Ж.Эрдэнэбат тус хөлгийн орлогч капитан буюу гол туслагчдын нэг байсан юм.
Энэ үед Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар гэнэт тодорч гарч ирсэн нь нэг л зорилготой харагдаж байна. Тэр Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын хариуцлагаас эзнийхээ нэр төрийг цэвэр сугалж авч үлдэх даалгавар авсан бололтой. Хариуцлагаас хэн нэгнийг мултлая гэвэл зайлшгүй ирэх сумыг өөр бусад руу чиглүүлэх хэрэгтэй гэдгийг төлөвлөгөө зохиогчид андахгүй. Уг нь ном дүрмийн дагуу бол хариуцлагын сум МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарт хаяглагдах нь тодорхой байсан. Гэвч М.Ганбаатар гэгч энэ гурван байны зөвхөн нэгийг нь онилсон нь тун хачирхалтай.
Тэрээр хэлэхдээ “Би МАН-д элсээд 16 жил боллоо. Энэ хугацаанд чин үнэнч шударгаар намдаа зүтгэж ирсэн. МАН бол зөв нам. Зөв нам учраас хариуцлагын тогтолцоо зөв байж улс төрийн соёлыг тогтоох ёстой. Энэхүү зарчмыг бий болгохын тулд шаардлага гаргасан. Тиймээс бид МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардах бичиг хүргүүлж байна” гэсэн юм.
Д.Амарбаясгаланг хариуцлага хүлээж, албан тушаалаа өгөхийг шаардаж буй үндэслэлээ тайлбарлахдаа “МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежер Д.Амарбаясгалан нь сонгуулийн үйл ажиллагаанд намын анхан шатны байгууллага болон гишүүд дэмжигчдийнхээ хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шудара зарчмыг баримтлан ажиллаж чадаагүй. Мөн дотоод удирдлагаар хангаж, оновчтой үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргаагүй учраас бид ялагдлаа” гэж дүгнэжээ.
Хэрэв энэхүү дүгнэлт үнэн зөв байхын зэрэгцээ бас шударга бол үүнд хамгийн их хамаатах хүмүүс нь Д.Амарбаясгалангаас гадна М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар байх учиртай. Гэвч М.Ганбаатарын “том шаардлага”-д тэдний нэр байсангүй. Хачин жигтэй улс төр гэж энэ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын дарга М.Энхболд, дэд дарга Ж.Эрдэнэбат нарыг суманд өртүүлэхгүйгээр сонгуулийн штабын менежерээр хариуцлагын тугаа мялаагаад өнгөрөх гэсэн явуургүй санаа эндээс нэвт үнэртэж байна. М.Энхболд бол намын даргын суудлаасаа ховхрох нь нэгэнт ойлгомжтой болсон. Тиймээс түүнээс сум зайлуулаад байх шаардлага байхгүй. МАН-ын даргаас бууж, УИХ-ын даргын суудалтайгаа үлдвэл мань хүнд дээд аврал нь болчихоод байгаа гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл хариуцлагаас бултах сонирхол Ж.Эрдэнэбат дээр л тунаж байна. Тэр намын даргын суудалд очихын тулд эхлээд хариуцлагаас нэр цэвэр мултрах шаардлагатай нь мэдээж. Ингээд бодож олсон арга нь зайлбаргүй ирэх шийтгэлийн аманд хамгийн бага залуугаа шидэж өгөх хувилбар юм. МАН-ын дарга М.Энхболд гарцаагүй шалтгаанаар суудлаа тавьж өгч, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын гишүүдийн шаардлагаар албан тушаалаасаа огцорсноор хариуцлагын тухай яриа намжиж таарна. Ийм л төлөвлөгөө боловсруулж, М.Ганбаатар гэгчийг сумлан тавьсан нь тэр.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ үйлдлийг уснаас хуурай гарах хийгээд живж буй хөлөг онгоцоо хаяад зугтсан ахмадын үйлдэлтэй адилган зүйрлэж болмоор санагдана.
Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо осолдож живсэн "Севол" хөлөг онгоцны ахмад И Жун Сук ослын үед хөлөг онгоцоо түрүүлж орхисон гэдэг шалтгаанаар ял авсан байдаг. Солонгосын Чежү арлыг чиглэн хөвж явсан "Севол" гатлага онгоц даац хэтрүүлэн ачсан байснаас огцом эргэлт дээр тэнцвэрээ алдан хөмөрч, осолдсон юм. Хөлөг онгоцон дээр 475 зорчигч байснаас ердөө 170 гаруй хүнийг аварч чадсан юм. Хөлөг онгоцны ослоос эсэн мэнд аврагдсан хөлгийн ахмад И Жун-сук болон багийн бусад 15 гишүүн зорчигчдыг бүхээгнээсээ гарахгүй байхыг анхааруулсан хэрнээ өөрсдөө хөлгөө орхижээ.
Хөлөг онгоц живэхэд хөлгийн гишүүд тодорхой дүрмийн дагуу хөлгийг орхих ёстой байдаг аж. Багийн гишүүдээс хамгийн эхэнд хархнууд хөлгийг чөлөөлөх ёстой. Дараа нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд (энэ хоёр бүлэг тэнцүү эрхтэй) чөлөөлнө. Үүний дараа бүх эрчүүд хөлгийг чөлөөлөх бөгөөд хамгийн сүүлд хөлгийн ахмад живж буй онгоцоо орхих ёстой.
МАН-ын хувьд үүнтэй адилтгаж болох нөхцөл байдалд орсон гэж үзвэл Ж.Эрдэнэбат хөлгийг түрүүлж орхиж буй ахмадтай тун адилхан харагдаж байна. Яагаад гэвэл, сонгуульд ялагдсаныг хөлөг онгоц живэхтэй зүйрлэвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүнд зохих хувь нэмрээ оруулсан гэдэг нь маргаангүй билээ.
МАН-ын нэр хүндийг унагаж, сонгуульд ялагдал хүлээхэд хүргэсэн гурван том шалтгааны хоёр нь Ж.Эрдэнэбаттай холбогдоно. Эхнийх нь Засгийн газрын зарим татварыг нэмсэн шийдвэр. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед албан тушаалтан, дарга нарын эрх ямба хэрэглээг танахын оронд ард иргэдийнхээ халаас руу гараа дүрэх шийдлийг сонгосон нь эрх баригч намын рейтингийг унагаасан. Хоёр дахь нь мэдээж томилгоо. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амлалт өгч гарч ирсэн МАН-аас Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилж, танхимаа бүрдүүлэх эрх хэмжээг түүнд олгосон. Гэтэл тэр мэргэжлийн бус хүмүүсээр танхимаа бүрдүүлж, ард нийтийн дургүйцлыг илэрхий өдөөсөн юм. Гурав дахь шалтгаан нь урт зангилааны үзүүрт түүнтэй холбогдож мэдэх нигууртай. Тэр нь алдарт 60 тэрбумын асуудал. Албан тушаалын томилгоо, хуваарилалтаар дамжуулж 60 тэрбум төгрөг босгох төлөвлөгөөний нэг бүрдэл хэсгийг Ж.Эрдэнэбат гардан гүйцэтгэсэн ч байж болох талтай. БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах болсон шалтгааныг намдаа олж ирэх учиртай мөнгөө босгож чадаагүй гэх үндэслэл байсан гэх жиг жуг яриа ч дуулдаад өнгөрснийг санах хэрэгтэй.
Ийнхүү нам нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад оройлон үүрэг гүйцэтгэсэн Ж.Эрдэнэбат одоо дараагийн намын дарга болох гээд санаа бэлчээж, хор гүйлгэж суугаа нь хэр зохистой вэ. Тэрээр уг нь нэгэнтээ “Би ажлаа хийе. Та нар улс төрөө хий” гэж өөрийн гүйцэтгэх засаглалын үүрэг ролийн чухлыг ухаарсан өнгө аястай үгийг хэлж байсан нь саяхан. Гэвч ундуй сундуй байгаа улсын ажлыг үл хайхран, намын даргын суудалд улайран элч, зараалаа илгээн, илд бамбайгаа агсаж эхэлсэн нь энэ.
Д.Дамдинжав
WWW.ZINDAA.MN
ман ахмад гишүүн · 2017/07/24
За хариуцлагын асуудал нэгэнт яригдсан байна. Өрчлөлтийг эргэлт буцалтгүй шийдэмгий хийх хэрэгтэй. УИХ-дарга, ерөнхий сайд нарыг ч огцруулах нь зүйтэй Эрдэнэбат гарч ирээд ард түмний халас руу гар дүргэж эхэлсэн Энхболд Энхбаяр шиг болно гэж мөрөдсөн
Зочин · 2017/07/23
Хүрэлсүхийг дэмжиж байгаа шүү
шаабар · 2017/07/23
Лаагаа иднэ үү луувангаа иднэ үү өөрсдийнх нь хэрэг. Харин жирийн гишүүд нь арай өөр шинэчлэлийг хүлээж байгаа. Ялагдсан намын удирдлага хариуцлагаа хүлээж чадахгүй бол нам биш зүгээр л мөнгөний төлөө хуйвалдагсад болж хувирах байлгүй.
Зочин · 2017/07/23
Ж.ЭрдэнэбатЭхний үед хийж бүй ажлаа олон нийтэд сайн тайлбарлаагүйээс хүмүүст үл ойлгогдах байдал байсан харин сүүлийн үед авч явуулж байгаа ажлууд нь нааштай итгэл төрхүүц байгаа .Ярьж хэлж тайлбарлаж байгааня маш эмх цэгцтэй ойлгомжтой байгаад талархалтай байгаа шүү
болд · 2017/07/23
ОДОО ШААЛ ӨӨР ИДЭЖ УУХ ШУНАЛ НЬ АРАЙ БАГА ХҮМҮҮС НАМАА УДИРДАХ НЬ ЗӨВ . .ЗАЛУУЧУУД БОЛ ДЭМИЙ БААХАН ГАНТУЛГУУД ГАРЧ ИРВЭЛ БӨӨН ХҮЧИН МҮЧИН БОЛООД ЗАМАРСАН ЮМ БОЛНО
zochin · 2017/07/23
ardiin namiinhan enhbold, bayar,hayan, bagabandi, erdenebat,nyamdorj naraas salahgui tsagt hezeech oodlohgui