Б.ДАМДИН

Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод 20 орчим хоног болж байна. Бүрэн эрхээ хэрэгжүүлээд гэсэн үг шүү дээ.

Одоо түүнд АН, “Женко” компани гэсэн овог байхгүй. Тэр Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. Мэдээж хэрэг, гаднын зочид төлөөлөгчдийг хүлээж авч уулзах, элдэв арга эхжээнд уулзах, зарим асуудлаар зарлиг гаргах гээд тэр завгүй л ажиллаж байгаа байх.

Гэхдээ Ерөнхийлөгчид хүргэх нэг үг байна. Ганцхан үг шүү. Х.Баттулга Ерөнхийлөгч төрийн төмбөгөр, ёсны ёмбогорыг дагах учиртай.

Ерөнхийлөгч Х.Баттулга Японы төлөөлөгч, Германы нэгэн хотын даргатай, түүнээс хойш хэд хэдэн хүнтэй уулзсан. Ингэж уулзахдаа мэндлээд л толгойгоо бөхийлгөх юм. Магадгүй, энэ нь түүний бизнест, спортод сурсан мэндчилгээ байх. Энэ тухай бичлэг нь president.mn-д ч хадгалаастай байна.  Уг нь Монгол Улсын Төрийн тэргүүн хүн чинь толгой дээгүүр, гар браихад хүртэл дээрээс өгдөг номтой гэдэг.

Түүнчлэн саяхан “Хааны эрэлд” олон улсын цэргийн сургуулилтын нээлтэд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар оролцов. Хар футболкан дээр пиджак өмсөөд очжээ. Баарны хамгаалагч шиг гээд л шүүмжлүүлж байна. Дээрээс нь хар шил зүүсэн нь хамгаалагчийн дүрийг шууд л бүтээсэн байгаа юм.

Энэ бүхнээс үүдээд төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг үгийг дахин хэлээд “...Одоо та Монгол Улсын Ерөнхийлөгч болосн. Өмссөн зүүсэн, ярьсан хэлсэн, хийсэн хөдөлсөн болгон чинь Монгол Улсыг төлөөлнө” гэдгийг хэлмээр боллоо.

Дээрээс нь Төрийн ёслолын алба ажлаа сайн хийж Монгол Улсын Ерөнхийлөгчид анхаарвал яасан юм гэж бодогдов. Цаад гадныхан чинь Х.Баттулга гэхгүй Монгол Улсын Ерөнхийлөгч гэж ярина гэдгийг энэ дашрамд сануулъя.

Эх сурвалж: www.polit.mn