ЛОНДОН./BBC/. Эмнэлгийн үйлчилгээний зардал өндөр байдаг учраас хүйсээ солиулсан хүмүүс Америкийн армид алба хааж болохгүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

 

“АНУ-ын Засгийн газар армийн ямар ч албан тушаалд нэг ч трансжендер хүмүүсийг авахгүй. Манай цэрэг арми ялгуусан ялалт дээр төвлөрөх ёстойгоос биш цэргийн албанд трансжендерүүдийн үүсгэх үл ойлголцолд автаж, тэдэнтэй холбоотой их хэмжээний эмчилгээний зардлыг гаргах ёсгүй ээ” хэмээн тэрбээр бичжээ.

 

АНУ-ын армид трансжендерүүдийг алба хаахыг хориглох тухай шийдвэрийг Барак Обамагийн засаг захиргаа хүчингүй болгож байсан юм. Уг хоригийг өнгөрсөн оны 6 дугаар сарын 30-наас эхлэн хүчингүй болгосноор трансжендерүүд цэргийн албанд татагдаж эхэлжээ.

 

6 дугаар сард АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис армийн албан хаагчдад эмнэлгийн тусламж үзүүлэх талаарх шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг хойшлуулсан ба уг төлөвлөгөөнд трансжендерүүдийг оруулахыг зөвшөөрч байжээ. Энэ асуудлаарх шийдвэрийг 1 дүгээр сарын 1 хүртэл хойшлуулсан аж.

 

“The Palm Center”-ийн тооцоолсноор, Америкийн армид 13 000 орчим трансжендер хүн алба хаадаг байна.

 

2011 онд цэргийн албанд гей болон лесби хүмүүсийг алба хаахыг хориглох тухай шийдвэрийг бүрмөсөн хүчингүй болгожээ. Энэ хүртэлх хугацаанд дээрх хүмүүс зэвсэгт хүчинд алба хааж болдог байсан боловч өөрийн бэлгийн чиг баримжаагаа нээлттэй ил ярих эрхгүй байсан юм.

 

2016 оны 6 дугаар сард Пентагон АНУ-ын цэргийн албанд трансжендер хүмүүсийг алба хаахыг хориглосон шийдвэрийг хүчингүй болгох гэж байгаа тухайгаа зарласан юм.

 

О.Барс 

Эх сурвалж: Монцамэ агентлаг