ОУВС-гийн шалгалтад бүдэрсэн Засгийн газар бодит дүгнэлтийг нуув уу
2017/08/05
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд манай улсад ажилласан.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үнэлгээний талаар танилцуулж буй Засгийн газар, Монголбанкнаас өгч буй мэдээллүүд хол зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байгаа билээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр хоногийн өмнө ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайг хүлээн авч уулзсан бөгөөд хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн хэмээн Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээнд дурджээ. Тодруулбал “Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний бодлогын арга хэмжээг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, хөтөлбөрийн эхний шатанд хүрэх ёстой үр дүнд хүрсэн байгаа тул эхний шатны үнэлгээг “Амжилттай хэрэгжүүлсэн” гэж дүгнэх боломжтой боллоо. Тухайлбал, төгрөгийн ханш тогтворжин, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн идэвхжил сэргэх, төсвийн алдагдал буурах зэрэг үр дүн гарч байгааг ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч дурдлаа” гэжээ. Засгийн газраас ОУВС-ийнхан эерэг дүгнэлт өгч байгаа гэж мэдээлж буй ч Монголбанкны ерөнхийлөгчийн хэлж буй мэдээлэл өөр байгаа юм.
Мягмар гаригт Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, ОУВС нь манай Засгийн газрын ажилд таагүй байр суурьтай байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Н.Баяртсайхан “ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж байна. Хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч нь Азийн хөгжлийн банк байгаа. Нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт хийх ёстой. Азийн хөгжлийн банкнаас “Та бүгд ийм байдал үүсгэж байгаа учраас бид цаашид санхүүжилтээ шийдэхэд хэцүү боллоо шүү” гэж ярьж байгаа юм билээ. Засгийн газартай холбоотой ийм мэдээлэл байна” гэсэн юм. Ийнхүү ОУВС-гийн ажлын хэсгийнхэн ямар бодолтой буцсаныг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы мэдээллээс харж болно.
Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Засгийн газар ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ умартан хүүхдийн мөнгө олгосон, халамж тараасан нь нэгэнт тодорхой болж өнгөрсөн факт. Санхүүгийн сахилга батгүй аашилсан хэрэг билээ. Үүнд ОУВС хийгээд санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк ч таагүй хандаж байгаагаа мэдэгджээ. Засгийн газар харин алдаа дутагдал гаргаж, тааруу үнэлгээ авснаа олон нийтээс нууж байгаа юм байна. Засгийн газрын тэргүүн ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайтай хийсэн уулзалтаар юу яригдсан, ямар захиа даалгавар авсан гэдгийг нарийвчлан мэдэх боломжгүй билээ. Харин Монголбанкны тэргүүний Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын видео бичлэг нь олон нийтэд нээлттэй хүрснээрээ итгэж болох билээ. Түүнээс Засгийн газраас өгч буй албан мэдээ (текстэн мэдээлэл)-нд бид итгэх аргагүй. Өөрийгөө муучилсан, шүүмжлүүлсэн мэдээ материал олон нийтэд цацна гэж үгүй. Аль ч Засгийн газар “арьсаа хамгаалж” үлдэх нь зүйн хэрэг. Өөрийнхөө “но”-г олон нийтэд дэлгээд сууж байдаг Засгийн газар гэж үгүй.
Түүнчлэн Засгийн газрын ойрын эх сурвалжуудын мэдээлж буйгаар ОУВС-гийнхан сэтгэл дундуур буцаж байгаа гэнэ. ОУВС Засгийн газарт Хүүхдийн мөнгөөр дамжуулан эхний сануулга өгөөд буцсан байна. Цаашид хөрөнгө оруулалт, санхүүжилт зогсох эсэхийг ирэх есдүгээр сард шийдвэрлэх нь. Харин Азийн хөгжлийн банк Монгол Улсаас нүүр буруулж эхэлжээ. Ийм тохиолдолд ОУВС, Азийн хөгжлийн банк дараагийн санхүүжилтээ зогсоох боломжтой гэж учир мэдэх эдийн засагчид онцолж байна. Учир нь хөтөлбөрийн явц үнэлгээг харгалзаж байж цаашид дараагийн хөрөнгө оруулалтаа оруулах эсэхээ шийднэ. Эхнээсээ амлалтаасаа буцаж, итгэлийг нь алдсан Засгийн газарт ОУВС хариу барьж, хөтөлбөрөө зогсоох хүртэл арга хэмжээ рүү орж мэдэх билээ.
Т.Түвшин
ZINDAA.MN