ОУВС-гаас Монголд AQR /asset quality review/-активын чанарын үнэлгээ/ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Монголын арилжааны банкуудад бүтцийн өөрчлөлт хийх нэрээр хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд хашааны газар болон мал барьцаалахыг хориглох асуудлыг ОУВС болон Монголбанк хоорондоо хэлэлцэж байгаа аж.

Хэрэв энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл, малчид малаа барьцаанд тавьж зээл авах боломжгүй болно гэсэн үг. Хамгийн аюултай нь ОУВС Монголд Азийн аль ч оронд хэрэгжүүлээгүй, AQR /asset quality review/-активын чанарын үнэлгээ/ хөтөлбөрийн туршилтыг хийх гэж байна. Эндээс ОУВС Монголд тусламж үзүүлээд байна уу, туршилт хийгээд байна уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Ингэхэд Монгол дандаа бусдын туршилтын туулай болсоор байх уу.

 

ОУВС БИДНИЙ ГАЗАР ДЭЭРХ БАЯЛГИЙГ ГАЗРЫН ДООРХТОЙ НЬ  ҮНЭГҮЙДҮҮЛЧИХЖЭЭ

 

Наадмын дараах налгар өдрүүд бол монголчуудын зоо тэнийж, амарч налайдаг үе. Гэтэл энэ үеийг далимдуулж бидний хөрөнгийг үнэгүйдүүлэх зүйлийг Засгийн газар маань ОУВС-тай хамтран  хийжээ. Энэ нь тэдний Азийн нэг ч оронд өмнө нь хэрэгжүүлж байгаагүй, Монголд туршихаар зэхэж буй AQR хөтөлбөрийнх нь эхлэл байж магадгүй юм. Мал аж ахуйн орон байтал монголчуудыг малаа барьцаалж болохгүй гэдэг бол доромжлол, уул уурхайн орон хэрнээ ашигт малтмалын лицензийг барьцаалж болохгүй гэдэг нь тэнэглэл гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. ОУВС-ийнхан иргэдийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг зогсоож байна.  Эдийн засгийг эргэлтэд орж чадахгүй хөрөнгө үнэгүйддэг нь бичигдээгүй хууль. Хэнд ямар ашигтай болоод ОУВС бидэнд ийм шаардлага тавиад байна вэ. Бурханы дүрд хувирсан чөтгөр гэж монголчууд буруу бусармагийг хэлэлцдэг. Түүнтэй адилтгаваас эд IMF-ийн дүрд хувирсан эдийн засгийн алуурчид биш үү. Ингэж хэдийгээр хэлмээргүй байвч тэдний тавьж буй шаардлагуудаас харахад ингэж хэлэхээс өөр арга алга. Өөрийн эрхгүй ингэж хардахад хүрч байна. Өөрөөр хэлбэл газар дээрх баялаг газрын доорхтойгоо үнэгүйдсэн байна шүү дээ. Тэд ийм зүйл хийжээ. Олон улсын валютын сангийнхан монголчуудыг мал, хашааны газар, ашигт малтмалын лицензээ барьцаалж зээл авч болохгүй гэсэн. Малаа барьцаалж зээл авч болохгүй юм бол малчдыг яаж амьдар гэж байгаа юм бол. Уул уурхайн компаниудыг болонбарилгынхныг яаж хоолоо олж ид гээд байна вэ. Ийм асуултууд ар араас гарч ирж байна. Магадгүй нэг талаасаа бид хүртэх ёстойгоо хүртэж байгаа ч юм болов уу. Өнгөрсөн сонгуулиар бид МАН-ын сэтэртэй л бол хар халзан хонь байсан ч улс нийтээрээ сонгож гаргасан. Харин өнөөдөр тэд ОУВС-г оруулаад ирлээ. Тэд бидний хөрөнгийг үнэ цэнэгүй гэж хэллээ. Хэрэв та малаа барьцаалж зээл авсан бол одоо тэр чинь үнэ цэнэгүй болж байна. Ашигт малтмалын лиценз барьцаалж зээл авсан бол одоо үнэ цэнээ алдаж байна. Улс эх орон эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах гэж байна.

 

ЗАСГИЙН ГАЗАР ТӨСВӨӨ ОУВС-ЫН ЗААВРААР ЗАХИРАН ЗАРЦУУЛНА

 

Эдийн засгийн хүндрэлтэй үед ОУВС-ийнхан манай улсад орж ирэхэд монголчууд алгаа тосон  угтаж авсан. ОУВС-ийнхан Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөтөлбөрийн явцыг шалгахаар ирж өнгөрсөн долоо хоногт манайд ажиллаад эхний шатны үнэлгээг Ерөнхий сайдад “Амжилттай  хэрэгжүүлсэн” гэж дүгнэх боломжтой болсныг мэдэгдсэн.  Харин Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй шинжээчдийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзсан. Уулзалтаар хөтөлбөрийн явцын талаар  танилцуулж, цаашид эдийн засгийн байдал тогтворжлоо гээд тайвширч болохгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийнхан манай суурь эдийн засагт үнэлэлт, дүгнэлт өгсөн эсэхийг лавлаж, энэ талаар ямар нэг мэдээлэл гарахгүй байгааг онцолсон юм. Кошигийн мэдэгдлээс харахад, ОУВС, Монголын Засгийн газрын хамтарсан төсвийн зөвлөл тун удахгүй байгуулагдах бөгөөд энэ нь Монгол Улс бусдын зааврын дагуу төсвөө захиран зарцуулах шаардлагатай болно гэсэн үг юм. Уг зөвлөлийг байгуулах болсон шалтгаан нь Монголын Засгийн газар сонгуулийн өмнө дур мэдэн бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгож эхэлсэнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Хүүхдийн мөнгийг танаад зогсохгүй долоон төрлийн татварыг нэмэхгүйгээр, тэтгэврийн насыг өсгөхгүйгээр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах боломж байхгүйг учирлаж, хэрэв сангийн шаардлагыг хүлээж авбал Монголд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын зээлийн эрх нээгдэж буйг Сангийн сайд мэдээлэлдээ онцолж байсан билээ. Хэдийгээр ноён Кошигийн мэдэгдэлд хүүхдийн мөнгө олголтыг зогсоохыг шаардсан гэх үг, өгүүлбэр байхгүй ч Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Бүх хүүхдэд мөнгө олговол санхүүжилтийн асуудлыг эргэн харах нөхцөл үүснэ гэдгийг ОУВС-гаас анхааруулсан” гэснээс харвал хүүхдийн мөнгө олгох Засгийн газрын бодлого сонгуулийн өмнөх богино настай худал амлалт   байжээ гэж харагдаж байна. Тэгэхээр МАН мэдэхгүйгээр ОУВС-ийн хөтөлбөрт оров уу, мэдээд ард түмнээсээ түр зуурын оноо авах гэв үү. Энэ бүгдийн эцэст эдийн засгийн тусгаар тогтнолоо тавиад туучихсан хэрэг болж хувирч байна гэж Ерөнхийлөгч хийгээд  эдийн засагчид хэлж байна.

 

Ц.Мягмарбаяр