Ардчилсан намын алдааг давтах вий?!
2017/08/08
-МАН одоо дотроо бужигналаа гэхэд жилийн өмнөх Ардчилсан намын шинэчлэлийг биш харин ч эсрэгээрээ 2012 оны сонгуульд ялсан Ардчилсан намын алдааг давтах гэж байгаа мэт. Нэг үгээр бол, Ерөнхий сайдаа маргаанд татан оруулчихаад байгаа МАН-ын хэрэг явдал бол ялагдсан намын биш ялсан намын зовлон гэвэл үнэнд ойр сонсогдох байх-
Сонгууль болгоны өмнө улс төрийн намууд нийгмээ эрс өөрчлөх “хувьсгал” зарладаг шигээ сонгууль бүрийн дараа аль ялагдсан нам нь дотооддоо намаа шинэчлэх хөдөлгөөн үүсгэдэг нь бараг л жам ёс болов. Нийгмээ өөрчлөх, эс чадваас намаа шинэчлэх гэсэн хоёр зорилго тэдний өмнө ийнхүү байн байн тулгарах аж. Яг жилийн өмнө УИХ-ын сонгуульд яая даа гэтлээ ялагдсан Ардчилсан намд том, жижиг жигүүрүүд шил шилээ даран өдөлж, намаа шинэчлэх их үйлсийн аянд гарцгааж байсан бол өнөөдөр МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлаас үүдэлтэй шинэчлэл маягийн давлагаанд хөл дүрэв. Ялгаатай нь гэвэл Ардчилсан нам УИХ-д чүү ай бүлэгтэй, хуулиар олгогдох төрийн томхон албан тушаал ердөө ганцтай /УИХ-ын дэд дарга/ болсныхоо дараа шинэчлэл ярьж суусан бол МАН өнөөдөртөө парламент, засгаа дангаар атгасан эрх баригч хүчин. Энэ утгаараа Ардчилсан намын шинэчлэл лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, хоол нь ходоодондоо зохих болтугай гэгчээр ард түмэнд төдийлөн хүртээлтэй зүйл биш байв. Харин өнөөдрийн МАН бол улс орныг удирдаж, хамаг хариуцлагыг дангаар үүрч яваа хүчний хувьд ялагдлынхаа ял зэмийг тооцох, шинэчлэгдэх, өөрчлөгдөх асуудалдаа яавч бодолтой, болгоомжтой хандах учиртай гэдгээрээ Ардчилсан намын жилийн өмнөх нөхцөл байдлаас эрс ялгаатай байршил дээр зогсч буй хэрэг.
МАН-ын хэсэг гишүүд буюу “Ээлжит бус их онц их хурлын төлөө” хөдөлгөөнийхөн намынхаа одоогийн удирдлага, тэр дундаа УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн хоёрт хандан “Эрх барьсан сүүлийн нэг жилийн үйл ажиллагаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд дүгнэлт хийж, уучлал гуйх ёстой” гэх шаардлагыг өчигдөр хүргүүллээ. Өнөөгийн удирдлагадаа хангалтгүй үнэлгээг өгч, хариуцлага хүлээлгэх тухай ярьж буй бол дараагийн удирдагчид хэн байх талаарх В хувилбар хаа нэгтээ бэлэн байгаа гэсэн сануулга. Жилийн өмнө УИХ болон орон нутгийн сонгуульд үзүүлсэн амжилтаа Ерөнхийлөгчийн сонгуулиар баталж чадаагүй нь МАН-ын рейтинг унасны нотолгоо бөгөөд үүний буруутан нь өнөөгийн удирдлага гэж хөдөлгөөнийхөн дүгнэжээ.
Сонгуулийн ялагдалдаа зөв үнэлэлт дүгнэлт өгөх, тэрхүү оношдоо нийцүүлэн алдаа дутагдлаа засах гээд МАН-д хуралдах, ярилцах асуудал бий юу гэвэл мэдээж бий. Гэхдээ энэ удаад МАН-д өрнөж буй хөдөлгөөнүүдийн зорилгоо тодорхойлж буй шалтаг нь л “ялагдал” болохоос биш цаад шалтгаан нь харин ч “ялалтдаа” байгаа мэт. МАН хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан ч гэлээ парламентын засаглалтай улс орны хувьд УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялсан нам шүү дээ. Эрх баригчийн энэхүү статусыг нь 2020 он хүртэл хэн ч хөндөхгүй нь бас л үнэн. Тэгэхээр МАН одоо дотроо бужигналаа гэхэд жилийн өмнөх Ардчилсан намын шинэчлэлийг биш харин ч эсрэгээрээ 2012 оны сонгуульд ялсан Ардчилсан намын алдааг давтах гэж байгаа хэрэг юм. Нэг үгээр бол, Ерөнхий сайдаа маргаанд татан оруулчихаад байгаа МАН-ын хэрэг явдал бол ялагдсан намын биш ялсан намын зовлон гэвэл үнэнд ойр сонсогдох байх.
Ялалтдаа ташуурсан АН яалаа?
Ардчилсан нам 2012 оны парламентын сонгуулиар УИХ-д хамгийн олон суудал авч, Засгийн газраа дангаар бүрдүүлж дөнгөхгүй ч засгийг байгуулах эрх мэдлийг авч байлаа. Нам доторх фракциудынхаа төлөөллийг хангасан Засгийн газар байгуулж, парламентад суудалтай намуудаа танхимдаа ээлж дараалан оруулж, эвтэй найртай явсан үе АН-д бий. Намаа сонгуульд ялуулсны хувиар намын дарга Н.Алтанхуяг нь Ерөнхий сайд болж, түүний удирдсан “шинэчлэлийн” Засгийн газар нь шижигнүүлж, гадаад, дотоодоос босгосон мөнгөөрөө бүтээн байгуулалтыг бужигнуулж явлаа гэж хэлбэл бараг л шүлэг. Аливаа амжилт нь алдар нэрийг дагуулаад ирэхийн хэрд Ардчилсан нам Засгийн газраараа оролдож, гурван сайдыг сугалах нэрээр Ерөнхий сайдаа унагаж байв. Ерөнхий сайдын албаа өгсөн Н.Алтанхуягаас намын даргын ажлыг нь ч дараагийн хүн нь шилжүүлэн авсан нь З.Энхболд. Намын дарга нь Ерөнхий сайдын албыг давхар авахаар дүрэмтэй ч тэгээгүй, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилж орхисон. Нам нь өөр даргатай, засаг нь өөр удирдлагатай. Эрх баригч намын дарга эцэстээ Засгийн газрын тэргүүнээ гартаа хийж, гүйцэтгэх засаглал нь өөрийн мэдэлтэй, мэдэлгүй нь засварт сүүлийн хоёр жил шахмын хугацааг өнгөрүүлсэн. Ардчилсан нам ялсныхаа зовлонг тэр дөрвөн жилд хангалттай эдэлсэн ч тэглээ гээд ард түмэн тэднийг өрөвдсөнгүй, сонгуулиар дүнг нь тавьж өгөөд явуулсныг та бид мэднэ. Ардчилсан нам ялсан ч, ялагдсан ч эрх ашгийнхаа төлөө эвлэлдэж чаддаггүй гэх нэртэй өнөөдрийг хүрч байна.
МАН яг одоо дээрх алдааг давтах гэж байх шиг... Ялагдсан хүмүүсийн ялыг шүүх гэхээсээ илүү ялсан намынхаа ямбыг эдлэх гэсэн шунал энд, тэнд эвийг эвдэж явсаар эцэст нь намаа ч, хариуцлагаа ч золигт гаргах вий.
zochin · 2017/08/10
hujaagiin hol gar bolson hulgaich aluurchin huchendehch nam MAN bol. Ev negdel gesen nernii tsaan jinhen hulgai deerem yadag. Yamar saindaal hujguudiig vizgui oruulj ireh yum yariad yavj bhavdee. Jihen avilgalchid c.bayar mtiin hulgaichdaa hariutslag tootsoj chadahgui baij.
Иргэн · 2017/08/08
МАН учраа олох нь гарцаагуй ээ!!
Иргэн · 2017/08/08
МАН учраа олох нь гарцаагуй ээ!!
Иргэн · 2017/08/08
МАН учраа олох нь гарцаагуй ээ!!
Иргэн · 2017/08/08
МАН учраа олох нь гарцаагуй ээ!!
зочин · 2017/08/08
БИД ЭХ ОРНООСОО ДАЙЖИХ ЁСТОЙ ЮУ
ХА · 2017/08/08
ХООЛ ХҮРЭХГҮЙ БАЙНА ХОДООДОНДОО ХӨЛӨӨ ЖИЙЛЦЭЦГЭЭ
bi · 2017/08/08
Ардчилсан нам шинчлэгдэж чадааагүй шүү дэээ