Оффшор бүсэд данстай нэр бүхий 23 хүнийг шалгаж байна
2017/08/09
Оффшор бүсэд данстай төрийн албан хаагчдад хариуцлага тооцож, мөнгөн хөрөнгийг нь Монголд оруулж ирэх шаардлага байгаа тухай шүүмжлэл сүүлийн үед олон нийтийн зүгээс эрчимжих болсон.
Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга хууль, хяналтын байгууллагуудад 49 хоногийн хугацаа өгч, асуудлыг яаралтай хэлэлцэж, хуулийн хүрээнд шийдвэрлэхийг үүрэг болгосон билээ.
Иймд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон, ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаарх мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.
Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хэргийг мөрдөн шалгах хэд хэдэн байгууллага шалгах шаардлагатай гэж үзэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулахыг дээрх байгууллагуудад даалгажээ. Ингэснээр олон нийтийг төөрөгдөл, бухимдалд оруулж буй уг асуудал дээрх 49 хоногийн хугацаанд тодорхой болж, нэр бүхий 23 албан тушаалтныг ил тод зарлах боломж бүрдэх бололтой.
ҮЛГЭР ҮЛГЭР. · 2017/08/09
ҮЛГЭР ЯРИХАА БАС ТАРХИ УГААХАА БОЛООЧ ХЭН ИТГЭХ ЮМ ВЭ ОЛОН ЖИЛ ҮЛГЭР ЯРИЛАА Ш ДЭЭ
төрөө цэвэрлэе · 2017/08/09
ЗӨВ ажил. ТӨРд ажлаад тэрбумтан болж болохгүй