Гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн бүх давхаргад байдаг.   Хамгийн аймшигтай нь гэр бүлийн хүчирхийлэл нь  далд хэлбэртэй байдаг бөгөөд гол төлөв хохирогч нь эмэгтэйчүүд,  хүүхдүүд хохирдог.

Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд  өссөн эрэгтэй хүүхдийн 80-90 хувь нь насанд хүрсэн хойноо  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болдог.  Харин  ийм орчинд өссөн эмэгтэй хүүхдүүдийн 80-90 хувь нь ээжийнхээ хувь тавиланг давтдаг байна. Үүний улмаас  нэг нь эрүүл мэнд амь насаараа хохирдог ажээ.  

Дээрхи судалгааны дүнг  Монгол улсад гарч байгаа гэмт хэргийн гаралт баталж байгаа юм.  Тодруулбал хүнийг санаатай хөнөөсөн гэмт хэрэг жилд дунджаар 350 бүртгэгддэгийн 80 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийллээс болж алтан амиа алджээ. Сүүлийн гурван жилд хүчирхийллийн  улмаас хохирсон эмэгтэйчүүдийн тоо ч  өссөөр байгаа бөгөөд 2010 онд 284, 2011 онд 420, 2012 онд 534 эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь нас, бие махбодоороо хохирон цагдаагийн байгууллагад ханджээ.  

Өнөөдрийн байдлаар ийм 300 гаруй эмэгтэй хорих ял эдэлж байна. Ер нь хорих ял эдэлж байгаа болон эдэлж байсан эмэгтэйчүүдийн 90 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, нөхөр болон хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөснөөс болж ял эдэлж байгаа гэсэн байна.

 Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэлд Монголчууд та бидний  уламжлал  нэг талаасаа сөргөөр нөлөөлж байна. Монгол Улс эрт дээр үеэс эрэгтэй хүнийг хүндэлж, эцгийн эрхт ёс давамгайлдаг байсан. Энэ уламжлал өнөөгийн нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл болон хувирч байна.  Нөгөө талаас  амьд хүний гэрч болсноос  үхсэн хүний гэрч болсон нь дээр гэх яриа ч нөлөөлж байгаа юм.  

Тэгвэл  гэр бүл, найз нөхдийнхөө амь нас,  эрүүл мэндийн хамгаалахыг төлөө  та бид өчүүхэн анхаарал хандуулаад  цагдаад мэдэгдчихэд болох асуудал.  Өөрөөр хэлбэл хажууд айлын гэр бүл чинь зодолдож байвал цагдаад мэдэгдчих. Үүнийгээ нэг хүний амь насыг аварч байгаа буян гээд бодчих хэрэгтэй.  Цаашлаад  нэг биш нилээн хэдэн хүүхдийн ирээдүйг аварч байна гэж бодвол   гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчид  баярлана.  Өөрөөр хэлбэл хамтран амьдрагчийнхаа гарт  амиа алдсан олон  Ц  бүсгүй шиг хүний амийг аварна гэсэн  үг.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлд  өртөгчдийг түр байрлуулах байр нийслэлийн хэмжээнд ганцхан байдаг.  Тэр байр нь ердөө 24 хүний багтаамжтай. Өөрөөр хэлбэл хүртээмж муутай,  ачаалал ихтэй  байна.   Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэлд  өртөгчдийг түр байрлуулах байрыг  дүүрэг бүрт ядаж хоёрыг, аймаг бүрт  тавыг байрлуулах  хэрэгтэй  болчихоод байна.  Нэмэх ёстой болсныг эмэгнэлт жишээгээр тайлбарлъя. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийг түр байрлуулах байрны багтаамж хэтэрсэн тул  нэгэн бүсгүйг тус  байрнаас гаргасан байна.  Гэвч тус байрнаас гарсан  бүсгүй  гэртээ харьсан бөгөөд нөхрийнхөө гарт амиа алдсан.  

 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа  бүсгүйчүүд өнөөдөр мэдээлэлгүй байна, зориггүй байна, хуулиа мэдэхгүй байна.  Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдэд  үзүүлэх зөвлөгөө, тусламжийг хаанах ямар байгууллага үзүүлдэг болохыг мэдээлдэг болох шаардлагатай байна. Мөн  төр засаг нь энэ чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай байгаа.  

 ЕБС-ийн  хичээлд   хүн байх, соёлтой, ухамсартай, хариуцлагатай байх талаар  заагаад өгчих хэрэгтэй байна.

Өнөөдөр 2004 онд баталсан Гэр бүлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа.  Харамсалтай нь энэ хууль өнөөдөр хэрэгжихгүй байгаа бөгөөд  “агаар”-ын гэж хэлж болно.  Тэгвэл  энэ хуулиа эргэн харах шаардлагатай байгааг  энэхүү нийтлэлээр дамжуулан төр түшилцэж байгаа эрхмүүдэд дуулгая.

А.Баярмаа