БЭЭЖИН. /Xinhua/. Өчигдөр орой Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужид 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас есөн хүн амиа алдаж, 160 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын холбогдох албаны хүмүүс өнөө өглөө мэдээллээ.

 

Албаны хүмүүсийн хэлснээр, газар хөдлөлтийн голомт нь жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг Зюжайгоугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд 20 км-ийн гүнд ажээ.

 

Нурангинд дарагдаж боогдсон хүмүүсийг цаг алдалгүй аврахыг тус улсын дарга Ши Жиньпин цагдаа нар болон гал сөнөөгчдөд үүрэг болгожээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, жуулчид амиа алдаж, гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байхгүй байгаа боловч 100 орчим жуулчин хөрсний нуралтад боогдсон бололтой.

 

Зюжайгоугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан газар бөгөөд зун болон намрын улиралд жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг газруудын нэг юм.

 

Хятадын Сычуань нь газар хөдлөлтөд өртөмтий муж билээ. Тус мужид сүүлийн жилүүдэд олон хүний аминд хүрсэн газар хөдлөлт нэг бус удаа болсон юм. Тухайлбал, 2008 онд тус мужид 8.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 69 мянга гаруй хүн амиа алдаж, 17 мянга гаруй хүн сураггүй болж байв.

 

Мөн 2013 оны дөрөвдүгээр сард 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 200 орчим хүн амиа алдаж, 13 мянга гаруй хүн гэмтэж бэртэж байсан юм.

 

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ агентлаг