“Sunday” плазагийн хөршүүд галд автлаа
2013/03/13
Хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлон хэсэг худалдаачдыг “нөмөрч” амьдралын баталгаанаас нь салгалаа.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг дэвгэр, Намьянжугийн гудамж дагуу байрлах худалдааны павлионууд өчигдөр 10.00 цагийн орчимд галд автаж худалдаачид их хэмжээний хохирол амслаа.
Галын дуудлага 10.14 минутад ирсэн бөгөөд дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын Аврах гал унтраах 10 дугаар анги галыг унтраасан юм. Бид мэдээллийн дагуу 11.00 цагт тухайн газар очсон бөгөөд тухайн үед “Хас солонго” нэртэй павлионоос гал авалзсан байж болзошгүй дүр зурагтай байв. Учир нь тус павилон бүрэн шатаж түүнтэй залгаа баригдсан “Хас” гутлын дэлгүүр, “Хас солонго” барааны дэлгүүр, “Солонгос Вьетнам” брэндийн хувцас, “MGL Shop” болон нийтийн бие засах газар тодорхой хэмжээний хохирол амссан байна. Тухайн дэлгүүрүүд нь захын үнээс хямд гэдгээрээ үйлчлүүлэгч ихтэй байдаг бөгөөд голчлон гутлын наймаа эрхэлдэг байжээ.
Галыг бүрэн унтраасны дараа Баянзүрх дүүргийн цагдаа нар гал гарсан хэсгийг хамгаалалтад авч тусгаарласан юм. Учир нь худалдаа эрхлэгчдийн бүрэн үлдсэн зарим нэг бараа материалыг алдагдахаас сэргийлэх мөн галын шалтгааныг тогтоох шинжээчдийн багийг ажиллуулах зорилгоор тусгаарласан аж. Бид худалдаа эрхлэгч нараас зарим нэг зүйлийг тодруулахыг хүссэн боловч, “Гомдол байхгүй, адилхан бүгд л хохирлоо. Өс санахгүй байна” зэрэг сэжиг бүхий зүйлээс өөрийг дурьдсангүй.
Иргэд тус павлионуудыг “Sunday” плазагийн зам дагуу байрладаг болон хамгийн анх удаа “гоймондоо” гэх газар байгуулагдаж байснаар нь илүү сайн мэддэг билээ. Харин өчигдөр болсон харамсалтай хэрэг явдал галын аюулгүй байдлыг бүрэн хангаагүйн улмаас ямар сөрөг үр дагавар гарч болохыг дахин санууллаа. Өнгөрсөн сард яг ийм байдлаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хатан сүйх” үйлчилгээний төв галд автаж байсан. Улмаар тус байртай залгаа орших бар, ресторан, айлын гэр галд автаж, нэг байгууллагаас болж олон хүн эрсдэх шахсан. Яг үүн шиг “Sunday” плазагийн зам дагуух павлионууд өөр өөр эзэнтэй үйлчилгээний төвүүд атлаа нэгнээсээ болж нийтээрээ ийнхүү хохирол амслаа.
Б.Ширнэн