Зэсийн ханш ганцхан сарын дотор 350 ам.доллараар өсчээ
2017/08/11
Сүүлийн таван сар 6000 ам.доллараас доогуур төвшинд хэлбэлзсэн зэсийн ханш эргэн сэргэлээ. Лондоны металлын биржийн өчигдрийн арилжаагаар тонн зэсийн ханш 6393 ам.доллартай тэнцэж байна.
Дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч, уг түүхий эдийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлдэг БНХАУ-ын макро эдийн засгийн үзүүлэлт эерэг гарсан. Тус улсын ДНБ-ий хэмжээ өнгөрсөн улиралд 6.9 хувиар өссөн нь зэсийн зах зээлд эерэг төлөв дагуулж, тус металлын ханш өсөхөд ихээхэн нөлөөлжээ. Зэсийн ханш он гарснаас хойшхи хамгийн доод үнэ болох 5500 ам.доллараас даруй 400-500 ам.доллараар дээшлээд буй нь энэ юм. Энэ нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаан дахь хамгийн өндөр ханшид тооцогдож байна. Өнгөрсөн оны мөн үед уг металлын ханш тонн тутамдаа 5000 ам.доллартай тэнцэж байсан бол 2015 оны тавдугаар сарын сүүлчээр 6285 ам.долларын ханштай байсан юм. Түүнээс хойш аажмаар буурсаар, тухайн оны арваннэгдүгээр сараас 2016 оны арваннэгдүгээр сар хүртэл тонн зэсийн үнэ бирж дээр голдуу таван мянган ам.доллараас доош ханштай байсан билээ.
Зөвхөн өнгөрсөн долдугаар сард л гэхэд зэсийн үнэ тонн тутамд 350 ам.доллараар өслөө. Олон улсын шинжээчид зэсийн ханшийг 5500-6000 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамагласан. Үүнээс үзэхэд энэ онд зэсийн экспорт таамгаас давсан орлого өгөх боломж байна. Хятадын цэвэр зэсийн импорт оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.4 хувиар буурч 2.23 сая тонн болжээ. Мөн өнгөрсөн зургадугаар сард 420 мянган тонн цэвэр зэс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад мөн л бууралттай буюу долоон хувиар багасчээ. Гэхдээ зэсийн баяжмалын импорт өнгөрсөн зургадугаар сард өмнөх сарынхтайгаа харьцуулахад 23 хувиар өсч, 1.41 сая тоннд хүрсэн байна.
Оны эхний хагасын байдлаар тус улсын зэсийн хүдэр, баяжмалын импорт 8.28 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийнхүү зэсийн баяжмалын импорт өсөхөд хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрүүдийн боловсруулалтын зардал багассаны сацуу Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл багагүй хувиар өссөн нь нөлөөлжээ. Хятадын эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд 6.9 хувьтай (жилийн дүнгээр буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс) гарсан нь тухайн улсын энэ оны төлөвлөж буй өсөлт болох 6.5 хувиас өндөр дүн болсон.
Харин энэ оны эхний улирлын өсөлттэй харьцуулсан дүнгээр авч үзвэл хоёрдугаар улирлын өсөлт 1.7 хувь болж нэмэгдсэн нь маш чухал үзүүлэлт болж байна. Хэрэв цаашид уг хандлага хадгалагдвал Хятадын хувьд 2010 оноос хойш анх удаа өмнөх оны өсөлтийн үзүүлэлтээсээ илүү хурдацтай өндөр өсөлттэй байх зураглал харагдаж буйг олон улсын хэвлэлүүд онцолжээ. Үүний хажуугаар дэлхийн томоохон уурхайн олборлолт, тухайлбал Чилийн Эскондида уурхайд оны эхээр ажил хаялт зарласнаас гадна Индонезийн Грасбэрг зэсийн уурхайн ажилчдын зарим хэсгийг хамраад буй ажил хаялт ирэх сарын сүүлч хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Түүнчлэн “Citigroup Inc”-ээс зэсийн үнийн өсөлт цааш үргэлжилнэ хэмээн мэдэгдэв.
Үндэсний шуудан сонин