Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын Яамны зөвлөх байсан, өмгөөлөгч О.Баасанхүү Монголын улс төрд орох болсон түүх Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр, Н.Удвал нар МАХН-ыг сэргээн байгуулж, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхээр тэмцэж байх үеэс эхэлдэг.

Үүний дараа УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн нэрсийн жагсаалтанд багтан нэр дэвшиж, улмаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Энэ бүхэнд МАХН-ын дарга Н.Энхбаярын нөлөө маш их байсан нь эргэлзээгүй билээ. Гэвч 2012-2016 оны хооронд Н.Энхбаяр, О.Баасанхүү нарын харилцаа амаргүй байдалтай байсан юм. Тэр бүү хэл О.Баасанхүү нэгэнтээ : "Н.Энхбаяр дарга намайг УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшүүлэх эсэхийг ч мэдэхгүй байна" хэмээж байв. Гэсэн ч УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН-аас О.Баасанхүү нэр дэвшиж, ялалт байгуулснаар тус нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд оролцох боломжтой болсон юм. Гэсэн ч 2016 оны намраас 2017 оны хавар хүртэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү ба МАХН-ын удирдлагуудын харилцаа тун муу байсан ба үүнийгээ ч аль аль нь ний нуугүй өгүүлж байв.

 

http://www.sonin.mn/news/politics-economy/66485

 

http://sonin.mn/news/politics-economy/76839

 

 

2016 оны сүүлээс эхлэн л  "АН-д орсон нь зөв гэж бодогдох юм" хэмээн Twitter хуудсандаа бичиж байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү ийнхүү сүүлийн нэг жил орчим МАХН-тай уялдаа холбоотой ажиллахгүй байсаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр намаасаа нэгмөсөн зам салсан гэхэд болно.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг дэмжиж, огт ажиллаагүй төдийгүй харин ч эсрэг агуулгатай шүүмжилсэн мэдэгдэл хийж байв. Учир нь УИХ-ын гишүүнээс гадна Монголын Жүдо Бөхийн Академийн дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг тэрээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболдоос санал хуваах хүнийг л МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр идэвхтэй ажиллаж байсан юм. Энэ бүхэнтэй нь холбоотойгоор МАХН-ын Гүйцэтгэх Товчоо хуралдан, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын Гүйцэтгэх Товчооноос хасч, цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Товчхондоо МАХН-ынхан түүнийг өөр намын улс төрчдийн эрх ашгийн төлөө ажилладаг урвагч гэж үзсэн бололтой. Дашрамд дурьдахад УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын хүн болсон гэх яриа улс төрийн хүрээнд байдаг юм.

 

П.Энхмандах

sonin.mn