Гэрчийг устгах ажиллагаа “У.Хүрэлсүхийн” Ч.Батболд дээр явагдаж байна уу... эсвэл
2017/08/14
Хэрэгт холбогдуулан зургаан хүнийг цагдан хорьжээ
Аливаа гэмт хэргийн гэрчийг хамгаалалтандаа авах нь цагдаа, хяналтынхны үүрэг. Манайх энэ талаар хуулиндаа тодорхой тусгаж, хэрэгжүүлж ирсэн. Харин энэ хуулийн заалт хэрэгжихгүй байна хэмээн Шадар сайдын Ажлын алба болоод өмгөөлөгч нь хэд хэдэн удаа мэдэгдээд авав. Шалтгаан нь Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэрэг. Манайд урд өмнө нь төрийн өндөр албан тушаалтныг тагнаж, чагнасан хэрэг дуулдаж байсангүй. Тэр дундаа энэ хэргийг хийлцсэн гэх эрхэм гэрч болон ил гарч, олон нийтэд нээлттэй мэдээлэл хийж, МАН, улс төрчдийн дунд хэрүүл тарьж байгаагүй. Хамгийн сонирхолтой нь энэ хэрэг хууль хяналтынхныг анхаарлыг төдийлөн татаагүй. Гэрчийг нь ч хамгаалалтад аваагүй, мэдүүлгийг нь ч авах байцаагч олдоогүй гэдэг. Бас нэг гайхширал төрүүлэм явдал нь хэргийн ганц гэрч болох Ч.Батболд гэгч захиалагч нь Ж.Эрдэнэбат хэмээн мэдэгдээд байхад “Холбогдох байгууллагуудад нь хандана” гэх Ерөнхий сайдын ганц өгүүлбэрийн цаанаас үл цухуйн таг дуугүй “гөлийсөөр”.
Үйл явц өрнөж байтал цагдаагийн байгууллага гэнэт нүсэр баривчилгаа хийв. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ хэрэгт холбогдуулан өнгөрсөн пүрэв гаргийн үүрээс эхлэн нийт зургаан хүнийг баривчилжээ. Шүүх хурал нь баасан гарагт болж, Ч.Батболд нарын зургаан хүнийг Нийслэлийн прокурорын газраас гаргасан яллагдагчаар татан, цагдан хорих хүсэлтийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хүлээж авсан байна.
Ч.Батболд гэрч үү, яллагдагч уу
Өнгөрсөн хугацаанд Шадар сайдын Ажлын алба болон өмгөөлөгч Ч.Батболдыг “хэргийн гэрч” хэмээн “цоллож” ирсэн. Тиймдээ ч Шадар сайдын өмгөөлөгчийн зүгээс гэрч Ч.Батболдыг цорын ганц гэрч учраас хамгаалалтанд авах ёстой гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байгаа билээ. Гэвч шүүх Ч.Батболды яллагдагч хэмээн үзэж, цагдан хорив. Гэрч гэдэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд 41 дүгээр зүйлд зааснаар хэрэгт ямар ч хамааралгүй, хөндлөнгийн харсан хүн байх ёстой. Тэгэхээр Ч.Батболд гэрч биш яллагдагч болж таарах нь. Цаашлаад энэ хэрэг гэрчгүй, зөвхөн хэрэгт оролцсон яллагдагч нарын байцаалтаар үргэлжлэхээр болж байна. Гэвч хууль, хяналтынхны авсан энэ арга хэмжээ бас нэг хардалтыг төрүүлэв. У.Хүрэлсүхийн зүгээс цагдаа, хууль хүчний байгууллагуудын ажилд төрийн өндөр албан тушаалтан нөлөөлж байгааг үгүйсгээгүй. Тиймдээ ч “Гэрчийг устгах ажиллагаа” Ч.Батболд дээр явагдаж болзошгүй хэмээж байна.
Гол захиалагч нь хэн бэ
Гэрч Ч.Батболдын мэдэгдсэнээр бол энэ хэргийн гол захилагч нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат. Харин сүүлийн өдрүүдэд У.Хүрэлсүхийг өөрөө зохион байгуулсан гэх мэдээлэл цахимаар хүчтэй явж байна. Тодруулбал “Өөрийг нь зохион байгуулсан хэмээн гүтгэсэн гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Улмаар уг үйл ажиллагааг зохион байгуулсан хүнийг олж тогтоосон. Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан гэх асуудлыг ЭЦГ-ын хэлтсийн дарга Амарсанаа гэгч гардан гүйцэтгэсэн. Амарсанаа нь Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн эгч Оюунхүүгийн төрсөн хүү. Тэгэхээр энэ бүх үйл ажиллагааг Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө зохион байгуулсан нь тодорхой. Өөрсдөө хийсэн хэргээ бусад руу чихэж байгаа ч хэн ч харсан анхнаасаа энэ хэргийг У.Хүрэлсүхийн баг зохион байгуулсан нь тодорхой” гэх мэдээлэл Чөлөөт хуудас хэмээн фейсбүүкийн хуудсанд бичээстэй байна.
Гэрч гэх Ч.Батболд юу ярив
Харин Ч.Батболд энд өөр зүйл ярьсныг онцолъё. Тэрбээр “Намайг Чойжилсүрэнгийн Батболд гэдэг. Надад хэлэх нэг зүйл байна. Би 2006 оны арваннэгдүгээр сараас “Нью Фалкон” гэдэг харуул хамгаалалтын ажилд орсон. Намайг ажиллаж байх хугацаанд манай захирал надад бэлэн мөнгө харуулж нэг ажил даалгасан. Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаад, өөрийгөө ямар нэгэн аргаар У.Хүрэлсүхэд цохиулаад цагдаад өргөдөл өг гэж даалгасан. Цагдаагийн байгууллагаас гарах бүхий л ажлыг хариуцаж, миний ар талыг даана гэж хэлсэн. Манай захирлыг Зоригтын Золбаяр гэдэг. Би тухайн үед Зоригтын Золбаяртай уулзсан. Энхмэнд гэж хүний үйлдвэр комбинатад байдаг “Ханхүүбат” гээд компани дээр очсон. Тэр үед “У.Хүрэлсүх одоо бол ер нь Ерөнхий сайд болно, бүр цаашлаад намын дарга болох учраас болгож болохгүй гэсэн Ерөнхий сайд Эрдэнэбатын даалгавраар энэ үйл ажиллагааг явуулж байгаа” гэж надад хэлсэн. Ерөнхийдөө надад хэлж тайлбарласан юм нь ямар нэгэн аргаар У.Хүрэлсүхийг өдөж, уурыг нь хүргэж байгаад нэг л удаа цохиулаад ав. Хэрвээ цохиулаад гэмтэж бэртдэггүй юм бол гарч байгаад найз нөхдөдөө ч юм уу цохиулаад, цагдаад өргөдөл өгөөд л чиний ажил дуусна. Бусад бүх юмыг нь бид нар хариуцна гэсэн. Надад тортой 50 сая төгрөг харуулсан. Тэгээд тавдугаар сараас У.Хүрэлсүхийг дагаж эхэлсэн. Машин тэрэг, гэр орныг нь судалсан. Гэрийнх нь гадаа гурваас дөрөв хоносон. Өөрийг нь машинтай нь дагасан. 0073 гээд Lexux 570 машинтай байсан. Тэгээд ер нь хэсэг явсан. Энэ ер нь онцгүй ажил байна больё гэж бодоод энэ ажилд оролцохоо больж эхэлсэн. Тэр мэдээллийг надад өнгө гэсэн хүн нь “Очир” гээд Тусгаар тогтнолын ордны харуул, хамгаалалтыг хариуцдаг компанийн захирал Энхмэнд гэж залуу байгаа юм. Эхний ээлжинд 50 сая төгрөг өгье гэсэн. Процесс дууссаны дараа дахиад 50 сая төгрөг өгнө. Хамаагүй, чамайг айж ичиж байгаа бол гадаад, дотоод руу гаргаж болно. Ар талыг чинь бүгдийг нь хариуцна гэсэн. Тэгээд 50 саяасаа нэг саяыг нь хоол унд, бензин тосондоо зарцуулаарай гэж өгч байсан. Мөн юунд зарцуулснаа бүгдийг нь тайлагнаад буцаагаад өгч байсан. Ийм л асуудал болсон” хэмээжээ.
Б.Өрнөх
24tsag.mn
bayr · 2017/08/14
хүрэлсүх жүжигчин даргын рольдоо дасчээ
Зочин · 2017/08/14
Новшнууд хэн нь хэнийгээ хийгээд байгааг бид яаж мэддэгийн.Хэн нэгэн нь л бас шоудаж олны танил болохыг хүссэн юм байгаа биз зайлуул.
Зочин · 2017/08/14
эрдэнэбат лаларын л хийж байгаа ажил
Зочин · 2017/08/14
Bataa... · 2017/08/14
МАН гаднаасаа биш дотроосоо идээ бээрэндээ баригдаж байгаа ч бас дотроосоо түүнийг шахаад гаргах зүрх зоригтой шинэ ЭД ЭС байгаа гэдгийг мэдрүүлээд гаргаад шахаад зайлуулах хэрэгтэй
Зочин · 2017/08/14
Хүрэлсүх намын дарга болох ёстой хужаа нараас салах цаг нь болсон
Зочин · 2017/08/14
Эрдэнэбат ч эвгүй нөхөр бололтой шүү. гэрчийг зайлуулах ажиллагаа нь хүчтэй явдагдаж байна шүү
s · 2017/08/14
Хүрэлсүхийгээ дэмжинээ Миеэ Эрдэнэбат МАК-тай нь устгах нь манай үндэсний эрх ашиг мөн.
D · 2017/08/14
МУ-ын Шадар сайдыг ингэж мөрдөж мөшгиж,гүтгэж байгаа юм чинь!Мань мэтийг яадаг байсан нь тодорхой!..