Эрх баригч нам болох МАН-ынхан Удирдах зөвлөлийн хурлаа өнөөдөр хуралдуулах товыг зарлаад байгаа бөгөөд хурал нэлээд ширүүхэн болох төлөвтэй дүр зураг харагдаж байна. Учир нь, энэ удаагийн хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцохоос эхлүүлээд Элчин сайдын суудлаас татгалзсан С.Баярын хүсэлт зэргийг хэлэлцэх мэдээлэл бий.

 

Үүний дараа ирэх есдүгээр сард намын Бага хурлаараа намын даргын албан тушаалаа өгөх нь гэдэг яриа ч бий. Улмаар мань эрийг албан тушаалаа хүлээлгэж өгөхтэй зэрэгцэн өнөөгийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох “бор шувуу” ч сонсогдоно билээ. Ийн өөрчлөлт оруулахдаа эхний ээлжинд МАН-ын даргыг бус, намын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчийг томилж, түүнийгээ намын Их хурлаар жинхлүүлнэ хэмээн ярилцаж байгаа талаар ч чих дэлсэх болсон.

 

Гэвч үүнийг хэр ойрын зайнаас шидсэн чулуу болохыг хэн ч таахааргүй байгаа юм. Үндсэндээ сүүлийн үед дотроо их л бужигнаан, зодоонтой байгаа харагдах МАН парламентад үнэмлэхүй олонх болж, Засгийн газраа дангаараа байгуулсан нь сөрөг хүчинд тийм ч таатай санагдаагүйн дээр дараагийн алхамдаа ойртохоор гэтэж байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Түүнийг батлах мэт МАН-ыг хөндлөнгөөс өшиглөх, өнөөдөр болох Удирдах зөвлөлийн хуралд томоохон бэлэг барьсан нь дөнгөж уржигдархан буюу даваа гарагт С1 телевизээр цацагдсан “Тооны машин дээрх төрийн алба” нэвтрүүлэг байлаа.

 

Уг нь тэрхүү нэвтрүүлгийн гол агуулга нь олон нийтийн анхаарлыг татаад байсан 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг зарах талаарх мэдээлэлд тулгуурласан мэт байсан. Гэвч цаад утгаараа бол МАН руу хөндлөнгөөс шидсэн чулуу гэдэг нь илэрхий болж орхив. Учир нь, 60 тэрбумын дараагийн асуудал болгон олны анхаарлыг татаж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захиалгаар Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан гэх мэдээллийг хавсаргаад амжжээ.

 

Ингэхдээ “иргэн” Доржзодов Ц.Сандуй, А.Ганбаатар нартай ярилцах үедээ нууцаар бисэн гэх бичлэгийг ашиглаж, Доржзодовыг яриулсан байгаа юм. Тэрхүү бичлэг нь 2014 оных гэх түүнийгээ Доржзодов 2016 оны УИХ-ын сонгууль, энэ онд болсон Ерөнхийлөгчийн сонгууль зэрэгт хар пи-ар болгон ашигласан нөгөө л эвлүүлэг мөн биш нь тодорхойлогддогүй дуулианы эхлэл гэлтэй.

 

Ингэж МАН-ыг харлуулахын далимд дараагийн дуулиан цацагдсан нь том дарга нар нь албан тушаалаас болж биесээ тагнаж, чагнасан талаарх асуудал. Үүнийг мөн л гэрч гэгдээд байгаа, өдгөө баривчлагдсан Ч.Батболдын яриагаар дүрсжүүлжээ.

 

Нэвтрүүлгээс өнгөц харахад МАН-ынхан бол тэр чигтээ л албан тушаалын тулаан хийж байгаа дүр зураг буух ч цаад утгаараа нэвтрүүлгийн төгсгөлд Шадар сайд У.Хүрэлсүх болоод түүнийг тойрсон МАН-ын гишүүд ихэд нэр цэвэр гэдгийг “халиар” хэмээн тодотгож “өмөөрсөн” явдал байв. Энэ нь жинхэнэ утгаараа У.Хүрэлсүх олон нийтэд бусдаасаа нэр хүндтэйгээс гадна намдаа хагарал үүсгэх боломжтой гэдгийг олж харсан схем байлаа. Цаад утгаараа бол У.Хүрэлсүхийг ингэж уг нэвтрүүлэгт “хавчуулж”, өмөөрч байгаа нь түүний захиалга мэт харагдуулах төлөвлөгөө байсан гэж зарим хүн ярьж байна. Ингэж гэмээнэ МАН-ынхан хоорондоо “алалцаж” бас ч үгүй “хөгжөөн дэмжигчид” нь ч урвах магадлал нь нэмэгдэнэ гэдгийг тооцсон бололтой.

 

Эгээ л гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр МАН-ын толгойд хийгээд тэргүүн эгнээнд хэнбуйга нар байх нь хэнд ч сонин бус. Харин МАН гэдэг улс төрийн томоохон хүчин олон нийтэд таагүй сэтгэгдэл төрүүлж, онцгүй харагдаж л байвал нэвтрүүлгийн гол агуулга болон ач холбогдол нь орших гээд байгааг харж болохоор байгаа нь хачирхалтай.

 

Б.Төгөлдөр