Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ
2017/08/17
Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улсын нийгэм, эдийн засгийн бараг бүх салбарт өсөлт гарчээ. Яг жилийн өмнө түүхий эд, төгрөгийн ханш суларч, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд дараалан буурсаар ДНБ-ий өсөлт жилийн эцэст нэг хувьд хүрч байв. Тэгвэл энэ оны эхний долоон сарын байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрснийг өчигдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Эдийн засаг ийнхүү өсөх болсон нь манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, санхүүгийн сахилга бат суулгах арга хэмжээ авч эхэлсэнтэй холбоотой гэж хэлж болно. Мөн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн орлого өмнөх жилээс 40 хувиар өссөн нь голлон нөлөөллөө. Тухайлбал, дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн ханш өссөн нь уул уурхайн олборлолтыг өсгөж, орлогын хэмжээ таван их наяд төгрөгт хүржээ. Ингэснээр экспорт 38, импорт 27 хувиар өссөн байна. Энэ нь сүүлийн хоёр жилд сонсогдоогүй сайн мэдээ гэж хэлж болно. Учир нь, экспорт, импортын орлого сүүлийн хоёр жил дараалан хасах үзүүлэлттэй буюу алдагдалтай гарч байсан. Тухайлбал, өнгөрсөн онд экспорт 9.7, импортын орлого 17 хувийн алдагдалд хүрсэн юм. Үүний шалтгаан нь, уул уурхайн томоохон төслүүд зогсонги байдалд орж, нефтийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унаж, төгрөгийн ханш суларсантай холбоотой. Манай улсын экспортын орлогын 78 хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлдэг учраас аж үйлдвэрийн салбар эдийн засагт хамгийн их жин дарж, нөлөөлдөг билээ.
Тэгвэл экспорт, импортын өсөлтийг дагаад гадаад худалдааны тэнцэл ч өндөр өсөлт үзүүллээ. Уг тэнцэл 2006 оноос хойш тасралтгүй алдагдалтай гарсаар 2014 оноос хасах тэмдгээс арай хийн “өндийж”, ашигтай гарч эхэлсэн. Тэгвэл энэ онд 1.1 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 67 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, манай улс бусад улстай хийсэн худалдаа, санхүүгийн гүйлгээ сайжирсныг илэрхийлж байна. Өнгөрсөн жилийн эхний хагас жилийн байдлаар 708 сая ам.долларт хүрч байсан юм.
Бэлэн мөнгөний гүйлгээ багасч, хадгаламжийн орлого өсчээ
Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний долдугаар сард 500 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэ нь валют 205, төгрөгийн хадгаламж 103 тэрбум төгрөгөөр өссөнтэй холбоотой аж. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар нэмэхээр болж, хадгаламжийн хүүнд татвар ногдуулахаар болсон билээ. Гэвч татвар нэмэгдсэн ч төгрөг, валютын хадгаламжийн орлого өссөөр байна.
Харин төгрөгийн харилцах 110, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 38 тэрбум төгрөгөөр буурсан байна. Мөн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөн өмнөх сараас 27 хувиар буурчээ. Тэгвэл зээлийн хэмжээ 13 их наяд төгрөгт хүрснээс 6.8 хувь нь хугацаа хэтэрсэн, 8.8 хувь нь чанаргүй зээл байна. Зээлийн хэмжээ нэг тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ч сүүлийн хоёр сар хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээнд өөрчлөлт гарсангүй.
Үнэт цаасны арилжааны өсөлт түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Үнэт цаасны арилжаагаар энэ оны эхний долдугаар сард 923 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 53 сая ширхэг үнэт цаас гаргасан нь өмнөх оноос 5.8 дахин өссөн дүн болжээ. Харин өнгөрсөн оны өдийд 97 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж байсан юм. Иймээс үнэт цаасны арилжаа цаашид ийн үргэлжилбэл түүхэн дээд амжилт үзүүлэх төлөвтэй байна. Үүний шалтгаан нь, Засгийн газраас гурван сараас гурван жилийн хугацаатай бонд арилжаалж буйтай салшгүй холбоотой. Учир нь, энэ оны нийт арилжааны 96 хувийг зөвхөн Засгийн газрын бонд бүрдүүлсэн. Үлдсэнийг нь компанийн бонд, хувьцаа эзэлсэн юм. Өчигдөр гэхэд гурав, есөн сар болон гурван жилийн хугацаатай 170 мянган ширхэг Засгийн газрын бонд арилжаалагдлаа. Түүнчлэн энэ сараас эхлэн Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг өрсөлдөөнт хэлбэрт шилжүүлсэн. Учир нь, хөрөнгийн зах зээл идэвхжиж, хөрөнгө оруулагчдын захиалга, нийлүүлтээс давсан тул арилжааг өрсөлдөөнт хэлбэрт оруулсан билээ.
Төгрөгийн ам.доллар, юаньтай харьцах ханш сулрав
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 18 хувиар буурч, 2441 болон суларчээ. Мөн юаньтай харьцах ханш 365 төгрөгт хүрч, 17 хувиар суларсан байна. Харин рубльтэй харьцах ханш 41 төгрөг болж, 0.8 хувиар чангарчээ.
Экспортын орлого импортынхоос 1.2 тэрбум ам.доллараар давлаа
Манай улс энэ оны эхний долоон сард 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 5.9 тэрбум ам.долларт хүрчээ. Экспортын орлого импортоос 1.2 тэрбум ам.доллараар давсан нь гадаад худалдааны тэнцэлийг ашигтай гаргахад голлон нөлөөлсөн юм. Тухайлбал, нүүрсний экспортын орлого 1.1 тэрбум ам.доллараар өссөн нь сайн үзүүлэлт боллоо. Харин импортын орлого шалтгаан нь дизелийн түлш, автобензин, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, сэлбэг, эд ангийн худалдаа өссөнтэй холбоотой юм.
Манай улсын эрдэс, нэхмэл, бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металлын гоёлын зүйлс нийт экспортын 94 хувийг эзэлж байна. Харин импортын 67 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээвэрийн хэрэгсэл, эд ангийн худалдаа бүрдүүлж байгаа юм.
Барилгын материалын үйлдвэрлэл буурав
Аж үйлдвэрийн салбарын орлого 6.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 40 гаруй хувь өссөн байна. Үүний шалтгаан нь, уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн ашиг, орлого өссөнтой холбоотой. Тухайлбал, алт, молибден, нүүрс, төмрийн хүдрийн олборлолт 3-87 хувь, архи, шар айраг, ноос, ноолууран бүтээгдэхүүн, адууны мах, малын тэжээлийн үйлдвэрлэл 6-15 хувиар өссөн байна. Харин цайр, зэс, газрын тос, хайлуур жоншны олборлолт 8-33 хувь, хиаман бүтээгдэхүүн, барилгын материалын үйлдвэрлэл 1.5-27 хувиар буурчээ.
Даатгалын орлого 38 хувиар нэмэгджээ
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлснээр нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 24 хувиар өсчээ. Энэ нь тэтгэвэр, эрүүл мэндийн сангийн орлого 22-29 хувиар өссөнтэй холбоотой аж. Мөн тэтгэвэрийн олголт 4.2, нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд олгосон мөнгө 1.8 хувиар өссөн байна.
Түүнчлэн даатгалын хураамжийн орлого 84 тэрбум төгрөгт болж, нөхөн төлбөрт 20 хувийг нь олгосон байна. Өөрөөр хэлбэл, даатгалын орлого 38 хувиар өсч, нөхөн төлбөр 5.8 хувиар нэмэгджээ. Үүний шалтгаан нь, хариуцлага, эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрагдах иргэдийн тоо өссөнтэй холбоотой аж.
Үндэсний шуудан сонин
Зочин · 2017/08/18
худлаа шаа цалингаа нэм төрийн бөөсүүдээ
Бат · 2017/08/17
Ж.Эрдэнэбатын ЗГ сайн ажиллаа. За ашгүй дээ, Монгол минь өөдлөх замдаа орлоо. Урагшаа нүүрсний төмөр замаа тавьчихвал ч эдийн засгийн өсөлт 19 хувьд хүрнэ дээ.