Монгол HD телевиз 2013 оны 12 дугаар сар 10-ны өдөр  мэргэжлийн ёс зүйгүй, бусдын нэр хүндэд халдсан,  худал мэдээлэл цацаж баатар мэтээр харагдахыг завдсан ч  өөрсдийнхөө нэр төрийг газар доор оруулчихлаа.  

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл  зарим тохиолдолд худалдагдаж байгаа нь үнэн.  Гэхдээ та нарын яриад байгаа шиг бүгд худалдагдаагүй,  бүгд  хар бараан, идээ бээрэндээ баригдаад бугшаагүй. Сэтгүүл зүйн сөрөг үзэгдлийг   сүлжээ хоолны газар Монголд салбараа нээнэ гэсэн мэдээгээр "нотолж" болохгүй.  Монгол HD телевиз бүх сэтгүүлчид худалдагдсан, бүх сэтгүүлчийг, хэвлэл мэдээллийн байгууллагыг  энэхүү мэдээгээрээ худалдан авсан гэж ярих юм. Энэ бол хэнийг ч худалдаж аваагүй.  Чадах ч үгүй.  Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийн энгийн нэгэн үйлчилгээг худалдан авснаа андуураад байна.  

Нөгөө талаас  тухайн хэвлэл мэдээллийн сэтгүүлч, редакцид нь  биш маркетингийн албанд төлбөрөө төлж мэдээ өгчихөөд худалдагдсан сэтгүүл зүй гэж тайлбарлаж байгаа чинь асар буруу.   Аливаа хэвлэл мэдээллийн байгууллагад сурталчилгаа авдаг тусгай хүмүүс ажилладаг. Тэдгээр улсын үүрэг нь сурталчилгаа байршуулах.   Монгол HD телевизийнхэн хэвлэл мэдээллийн байгууллагын сурталчилгааны албанд хандсан, Тиймээс энэхүү мэдээлэд сэтгүүлчдийн оролцоо, нөлөө огт ороогүй. Тэгсэн байхад зохиомол жүжгийнхээ талаар мэдээ бэлтгэж хөтлөлт хийхдээ сэтгүүлчид мөнгөөр мэдээлэл сурталчилгаа авч нийтэлдэг мэт дүгнэлт хийсэн. Ор үндэсгүй мэдээллийг шууд цацлаа, авлига авдаг ч гэх шиг... Үнэхээр сэтгүүл зүй худалдагдсан гэдгийг нотлох гээд байгаа юм бол  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Мунзуй” хочит Нямдоржийн талаарх  мэдээллээ “50 цаас өгье” гээд сэтгүүлчдээс гуйж явсныг нь баримтжуулчих хэрэгтэй.  Тэгээд “50 цаасыг” нь аваад гаргасныг нь харуулж чадсан бол ёстой худалдагдсан сэтгүүл зүй гэгчийнх нь тод жишээ болох байлаа.   Үүнийг хэрэгжүүлж чадахгүй бол  ядаж нэг сэтгүүлч дээр очоод “Хөгшнийг нь дарамтлаад байна. Чи гаргаад өгөөч. Урьдчилгаа гэж сая төгрөг өгье. Чи харин аятайхан тавиад өгчих” гэж яриад, мөнгө атгуулчихснаа ядаж бичлэг хийгээд баримтжуулчих  хэрэгтэй байсан юм. Тэгээд дараа нь  ийм байж болохгүй гээд гаргачих ёстой байлаа.  Тэгж чадсан бол танай телевизд алга ташиж баяр хүргэж, цэцгийн баглааг гардуулах байлаа.  Харамсалтай нь та нар худалдагдсан сэтгүүл зүй гэдгээ хөдлөшгүй баримтаар нотлож чадаагүй бөгөөд  дэмий  жүжиг тоглож өөрсдийнхөө нэр хүндийг газар доогуур оруулчихлаа. Ядаж л сэтгүүл зүй, зар сурталчилгаагаа салгаад ойлгочихож чадахгүй байна шүү дээ.  Үнэхээр гутармаар...

Монголын хэвлэлийнхэн Мак Доналдьсын ерөнхийлөгч Дон Томпсон руу утасдаж, Монголд салбараа нээх гэж байгаа талаар нь лавлах байсан бололтой.  Тэгвэл танайхаар шүдний ооны сурталчилгааг байршуулахын тулд хэрхэх ёстой вэ? Үнэхээр шүдийг цайруулах уу, үнэн үү...? гэж танайх асуух болов уу? Үгүй шүү дээ.  Ядаж л танайх www.Ikon.mn сайтын сурталчилгааг хагас сар гаргахдаа тийм сайт байдаг эсэх,  тухайн  сурталчилгааг  танай телевизээр гаргая гэсэн хүний ажлын үнэмлэхийг үзээгүй биз дээ.  Өөрсдөө адилхан байж зөвхөн танайх цагаан, бусад нь хар гэж харагдуулах шаардлага байгаагүй шүү.

Өнөөдрийн нийгэмд цагаан цаасан дээр хараар бичигдсэн хууль, бичигдээгүй ч мөрдөгдөж  явдаг хууль, уламжлал  мөрдөгддөг. Тэгвэл цагаан цаасан дээр хараар бичснээс бусад нь зар сурталчилгааны салбарт баримтлагдаж байгаа. Өөрөөр хэлбэл зар сурталчилгааны шинжтэй ийм мэдээллийн бодит үнэнийг зарлуулсан байгууллага хувь хүн хариуцна гэсэн шалгуурыг хэвлэлүүд баримталж, үүнийгээ ч бизнесийн байгууллагуудад мэдэгддэг.

 Өнөөдөр  хэвлэл мэдээллийн байгууллагын  зарын алба нь хэн нэгний нэр төрд халдсан нийтлэлийг авахгүй байхаа мэддэг.  Хууль бус зар сурталчилгааг  байршуулахгүй байхаа мэддэг. Мөнгөө төлөхөд баримтан дээр нь хэнээс ямар байгууллагаас нь гэдэг нь тодорхой байгаа. Тэгэхээр цаашаа лавлаж асуух шаардлага байгаа юу гэдгийг бодолцох л асуудал. Тэгэхээр бусдыг ингэж тэнэг болгож харагдуулж байгаа нь Монгол HD телевизийнхэн дэндүү “гэнэн хонгор”  юм сурах болоогүй байгааг илтгэж байна.   Монгол HD телевизийнхэн өөрсдийнхөө энэ үйлдлийг  тархи угаалт хэмээн тайлбарлаж байгаа. Харин ч тархи угаахгүй гэж ялгаж салгаж байгаа шүү дээ.  Арилжааны мэдээг үйл явдлын мэдээ юм шиг цацаж, үзэгчдийг хуурдаг байсныг өөрчилсөн. Энэ бол  сэтгүүл зүйн салбар алдаагаа засаад, заларуулаад явж байгаагийн жишээ шүү.  Тэгэхээр  тархи угаалт гэж тайлбарлаж байгаа нь  буруу.  

Өөрсдийнхөө энэхүү ёс зүйгүй үйлдлийг зөвтгөхийн төлөө Монгол телевизийнхэн онол ярьсан , сэтгүүл зүйн тогоонд 100 хувь чанагдаж байгаа бус, ажиглагчийн үүрэг гүйцэтгэж байгаа  улсыг ярилцлагын нэвтрүүлэгт урьж  оролцуулжээ. Өөрөөр хэлбэл “Нүүдэл Шийдэл” ток шоу гэх  нэртэй нэвтрүүлэгээрээ энэ талаар ярилцаж байгаа нь бас л буруу байлаа. Оролцогч нь ч буруу ярьж байлаа. Ток шоу гэдгийг утгаар нь хийгээгүй байж ток шоу гэж үзэгчдийг хуурч байгаа чинь ёс зүйтэй үйлдэл үү А.Бүрэнбаатар аа, Монгол HD телевизийнхээн. Ток шоу гэдэг чинь  хөтлөгч нь үзэгчидтэйгээ нийлж,  оролцогчтой ярилцлага хийхийг  хэлдэг юмаа.  Ядаж ток шоу, ярилцлагын нэвтрүүлгээ ялгаж салгаж чадахгүй байж  битгий  аруин цагаан тагтаа болж та нар цээжээ дэлд.  Ядаж байхад  оролцогч нь  буруу яриад байх юм. Тухайлбал Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах хэвлэл мэдээллийнхэн гэж бүгдийг хамруулан буруу ярьж, бусдын нэр төрд халдаж байх юм. Үүнийхээ оронд сэтгүүлч энэ тоглоомд огт хамаагүй гэж ягаад хэн ч хэлэхүй, тэдний нэрийг цэвэрлэхгүй байгаа юм бэ.  Оролцогч нь хүртэл  ёс зүйгүй байхад... харамсмаар дэндүү харамсмаар.  Ядаж нэвтрүүлэгтээ яагаад арилжааны телевиз,  сонин, сайтын төлөөллийг оролцуулсангүй вэ?  Тэд оролцоогүй болохоор нэвтрүүлэг чинь дэндүү “агаарын” болчихлоо редактор оо.  Энэ чинь хэт нэг талыг барьсан болчихлоо. Сэтгүүл зүй хэт нэг талыг барьж болохгүй ш дээ.

МОНГОЛ HD гэдэг телевиз ингэж нэгнээ “барьж идэж”, нэр хүнд олж авахаар төлөвлөсөн бол нэг салбарт зүтгэж байгаа төлбөртэй мэдээ тавиулсан талбайдаа сэтгүүлчдээс, уншигчдаас, үзэгчдээс уучлал хүсэх учиртай.

 

Олгой хагаравч тогоондоо гэдэг юм шүү Монгол HD телевизийнхээн.  Та нар Монголын сэтгүүл зүйг цэвэрлэх гээд байгаа бол  өөрсдийнхөө санал санаачилгыг л хэрэгжүүлнэ биз.  Хаа хамаагүй  Дани улсын иргэн Жеффе Найброе гэгч   нөхрийн санаачлагыг хэрэгжүүлж,  элэг нэгтнээ бусдад буруугаар харуулах юм шаардлага байгаа юм бэ?  Зүгээр л гадаад нөхрийн үгээр  Монголын сэтгүүл зүйг тэр чигт нь хараар будаж, бусдын бах тавыг хангаж  бодлогогүй алхам хийчихлээ.  Та нар гутамшиг шүү...

Монгол HD телевизийнхэний амжилт, шинэлэг зүйлс, давуу талыг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ өөрийгөө дөвийлгөхийн тулд өрөөлийг муулдаг арга аль ч салбарт, тэр тусмаа сэтгүүл зүйд байх нь соёлтой хийгээд оносон алхам биш байлаа. Монголын төдийгүй дэлхийн мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь зар сурталчилгааны орлогоор үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг юм шүү. Тэглээ гээд худалдагдсан гэсэн үг биш шүү. 

Бизнесийн зарлалын үнэн худлыг зарлуулсан цаад эзэн нь хариуцдаг.  Тэгэхээр Монгол телевиз хуурамч мэдээ цацуулж үзэгчдийг төөрөгдүүлж, үүгээрээ бусдыгаа шударга бус өрсөлдөөнөөр ялан дийлэх гэсэн зальт аргынхаа төлөө үйл ажиллагаа явуулах эрхээ хаалгах ёстой... Үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулахгүй бол  ядаж бусдын нэр хүндэд халдаж, гутаан доромжилсон энэ үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 110,111-р зүйлээр  хариуцлага хүлээх ёстой.  

А.Баярмаа