Хамгийн эрэлттэй рашаан, сувиллын газруудын үнэ, маршрут, утасгы дугаар
2017/08/21
Та бүхний цаг завыг хэмнэх зорилготой рашаан сувилалуудын талаархи мэдээллийг ноднин /2016/ хүргэж байсан.
Харин сүүлийн үед миний танилууд, найз нөхөд энэхүү мэдээллийг надаас лавлах боллоо. Тиймээс та бүхэндээ энэхүү мэдээллээ энэ жилийн байдлаар тухайн амралт, сувиллын холбогдох утас, хаяг, мэдээллийг шинэчлэгдсэн байдлаар нь хүргэж байна.
Энэ мэдээлэл маань гурван цувралаас бүрдэж байгаа юм шүү. Таны сонирхсон амралт, сувилал энэ хуудсанд байхгүй бол дараа дараагийнх нь цувралаас орж сонирхоорой.
Тухайн рашаан сувилал ямар эмчилгээтэй, ямар өвчин эмгэгт илүү сайн тохирдог, ямар өвчтэй бол танд тохирохгүй талаар нийтэлсэн болохоор танд таалагдаж, танд тус болно гэдэгт итгэж байна. Та манай мэдээллээс тухайн рашаан сувилалын холбогдох утас, хаяг, үнэ тариф, ямар унаагаар очих боломжтой зэрэг мэдээллүүдийг авах боломжтой юм.
ОТОЧ МАНАЛ УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ
Оточ-Манал бурханы нэрийг хүндэтгэн дээдэлсэн тус эмнэлэг нь Монгол Улсын гавьяат эмч П.Сагараажавын санаачилгаар дөрвөн их эмч, гурван бага эмчийн бүрэлдэхүүнтэйгээр анх 1990 оны хоёрдугаар сарын 17-нд нээгдсэн байна.
Тус эмнэлэг нь уламжлалт анагаах ухааны аргаар эмчилгээ үйлчилгээ явуулж, олон түмэнд үйлчилж эхэлснээс хойш 27 жил болж байгаа аж.
"Оточ-Манал" эмнэлэг нь цус харвалтын үлдэц, саа саажилт, бөөрний гаралтай үрэвсэл, үе мөчний өвчнүүд, харшлын гаралтай өвчнүүд, уушигны архаг өвчин, уушигны багтраа, зүрх-судасны дутагдалд ороогүй зүрх судасны системийн өвчин, хоол боловсруулах замын өвчнүүд зэрэг архаг хууч өвчнүүдийг уламжлалт эмнэлгийн аргыг орчин үеийн эмчилгээний аргатай зохистойгоор хослуулан эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг байна. Энэхүү хослуулан эмчилдэг нь үйлчлүүлэгчдийн эмчилгээ үр дүнд хүрэхэд сайнаар нөлөөлдөг байна.
Энэхүү эмнэлгийнхээ үйл ажиллагааны талаар Монгол Улсын гавьяат эмч П.Сагараажав гуайн зээ охин Г.Батцэцэг “Олон жилийн турш үйл ажиллагаагаа жигд, сайн явуулахад миний өвөө, ээж хоёрын мэдлэг, туршлага, хүнийг гэх сэтгэл гол хөшүүрэг болж байсан гэж надад бодогддог.
Эмч хүн гол нь –Сэтгэлтэй байх хэрэгтэй гэж надад үргэлж хэлдэг байсан болохоор энэ сайхан сургаалыг гол болгон ажилладаг.
Бидний гол чиглэл бол уламжлалт анагаах ухаан. Энэ нь хүнийг өөрөөр нь, идээ ундаа, явдал мөрийн дэглэмээр эрүүлжүүлэх, мөн эмгүй эмчилгээг хийдгээрээ давуу талтай” хэмээн ярьж байлаа.
“Оточ-Манал” эмнэлэг нь:
- Цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ/энэ нь тус эмнэлгийн үйлчлүүлэгчдэд хүмүүст танигдсан эмчилгээ юм байна/
- Толгойн өвдөлт
- Тархины доргилт
- Нурууны өвдөлт
- Нурууны суулт, мурийлт
- Хуян хөөрөлт
- Үе мөчний өвчин
- Зүрх судасны архаг өвчин, цусны даралт ихдэх өвчин
- Архаг ядаргаа
- Мэдрэл сульдал, саа саажилт
- Архаг бронхит, ханиад
- Астма
- Сарын тэмдэг алдагдах, өвдөлтэй ирэх
- Цистит
- Могойн яр зэрэг өвчнүүдийг эмчилнэ.
Эмчилгээ
- Бариа засал:бүтэн биеийн болон хэсэг газрын бариа
- Бурмын татлага
- Блок гаргах
- Бумба /гулгуур бумба, шивүүрт бумба/
- Зүү /ган зүү, соронзон зүү/
- Хануур
- Самнуур
- Шивүүр
- Төөнө
- УВЧ шарлага
- Татлага /нуруу, хүзүү/
Шинжилгээ
- ЭХО
- Зүрхний цахилгаан бичлэг хийх зэрэг эмчилгээнүүдийг хийж иргэдэд үйлчилдэг байна.
Хаяг:
Салбар 1. Дархан-Уул аймаг, 14-р баг, "Оточ Манал" эмнэлэг.
Харилцах утас: 9907-7379, 7037-7290.
Салбар 2. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Жуковын автобусны хажууд байрлах JOBI-72 төвийн 3 давхар 306 тоот
Харилцах утас: 9907-7379, 9901-1791.
АВАРГА ТОСОН СУВИЛАЛ
Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 250 километр зайтай орших ба Хэнтий аймгийн Жаргалтхаан сумыг өнгөртөл 230 км засмал замаар, Жаргалтхаан сумаас Аваргатосон рашаан сувилал хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явж очно.
Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай соодлог нуур юм. Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.
Эмчлэх өвчний заалт:
- Арьсны эмгэгүүд
- Харшил, хордлогын нөлөөтэй эмгэгүүд
- Сахарын диабет
- Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг
- Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд
- Үе мөчний хэрх өвчин
- Хамар хоолойн эмгэг
- Гэмтэл бэртлийн дараах үе
Тус рашаан сувилал нь зургаадугаар сарын 1-15-ныг хүртэл 20 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх аж. Тухайлбал, энгийн өрөөний нэг хоногийн үнэ 47 мянган төгрөг бол 20 хувийн хөнгөлөлттэй үнээр 28600 төгрөг болж үйлчилж байгаа аж. Харин люкс өрөөнүүдэд нь зургаадугаар сарын 1-15-ний хооронд хоёр том хүн амарвал 0-6 насны нэг хүүхэд үнэгүй амрах хямдрал эдлэх юм байна.
Харин зургаадугаар сарын 15-наас хойш бол эрүүл мэндийн даатгалтай бол энгийн өрөө нь 35500-58800 төгрөг /энэ төлбөрт нь хоол, эмчилгээний төлбөр орсон болно/, харин люкс өрөөнүүд нь зэрэглэлээс хамааран нэг өрөөний үнэ нь 75 мянга, 95 мянга, 250 мянган төгрөгийн төлбөртэй бөгөөд үүнд хоол, эмчилгээний зардал ороогүй аж. Харин тухайн люкс өрөөнүүд нь таван хүн орох боломжтойгоос гадна хоол, эмчилгээний зардалд нэг хүний 30500 төгрөг /эрүүл мэндийн даатгалгүй бол нэмж 11 мянган төгрөг/төлөх юм байна.
Хаяг: Баянгол дүүрэг, 13-р хороо, Ард Аюушийн гудамж, Тана мебелийн 1 давхарт
Утас: 7000-3034, 9582-9918, 9636-3032
Жич: Долоо хоногт 2-3 удаа автобусаар үйлчилдэг.
АР ЖАНЧИВЛАНГИЙН РАШААН
Ар Жанчивлан рашаан сувилал нь 1973 оны тавдугаар сарын 20-нд байгуулагдсан.
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутагт, Нийслэл Улаанбаатар хотоос 60 км, Төв аймгаас 57 км, Налайх дүүргээс 26 км-т байрладаг. Хан Хэнтий нурууны баруун урд үзүүрт, Туул голын урд, Баянцогт уулын ард далайн түвшнээс дээш дунджаар 1000-1500 метрт оршдог.
Сувилалд ашигладаг рашаан нь ходоод, элэг, цөс болон цусны даралт ихсэх ба багасах, үе мөч, ууц нурууны архаг өвчин, мэдрэлийн системийн төрөл бүрийн өвчтэй хүмүүсийг эмчлэх бололцоотой нүүрс хүчлийн хийтэй, хүчилтөрөгчийн давхар исэлтэй хүйтэн рашаан юм.
Эдүгээ Ар жанчивлан рашаан сувилал нь дотор ходоод, элэг, цөс, бөөр, үе мөч, тулгуур эрхтэн, булчин шөрмөсний өрөвсөл, мэдрэлийн системийн сульданги, төв болон захын мэдрэлийн судлын үрэвсэл зэрэг өвчнүүдийг үр дүнгтэй эмчилж сувилж байна. Олон жилийн ажиглалт судалгаанаас үзэхэд эмчилгээний үр дүн 94-96%-ийн сайжиралттай байдаг.
Эмчилгээ үйлчилгээ нь 3 тасаг буюу 6 кабинетэд 3 их эмч, 1 бага эмч, 4 сувилагч нийт 12 ажиллагсадтайгаар явагддаг. Биеийн тамир чийрэгжүүлэлтийн кабинет нь бялдаржуулах урлагийн техникээр тоноглогдсон, орчин үеийн технологийг нэвтрүүлсэн. Бариа засал, физик, биеийн тамир, порцедур, парафин, усан эмчилгээ, шавар эмчилгээний кабинетууд тус тус ажилладаг. Нэг ээлжиндээ 160 хүнийг хооллох хүчин чадалтай зоогийн тасаг нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эмчилгээний болон эрчимт хоолоор үйлчилдэг.
Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин II Б түүнээс дээд шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Жилийн аль ч улиралд байнгын ажиллагаатай.
Эрүүл мэндийн даатгалтай бол хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой. Сувилуулах эрхийн бичиг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, амбулаторийн карттай хүлээн авах ба доорх утсанд захиалгаа өгч бүртгүүлснээр сувилуулах боломжтой. Эрүүл мэндийн даатгалтай бол хөнгөлөлттэй үнээр нэг хоногийн 29 мянган төгрөг, харин даатгалгүй бол 38 мянган төгрөгийн төлбөртэй юм байна.
Утас: 99176806, 89267061 99267061
АШУҮИС-ИЙН “ИХ СУРГУУЛИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ"
АШУҮИС-ийн “Их сургуулийн нэгдсэн эмнэлэг”-ийн эрхэм зорилго нь их сургуулийн профессор, багш нарын чадварлаг багаар орчин үеийн тоног төхөөрөмж, шилдэг технологид тулгуурлан олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлдэг эмнэлзүй, сургалт, эрдэм шинжилгээний цогц ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ болоход оршино. ЭМШУИС-ийн захирлын 2007 оны 5-р сарын 25-ны өдрийн А/41 тоот тушаалаар АУС-ийн харъяа “Эрхэс” зөвлөх поликлиникийг байгуулан, Гастероэнтерологи, дурангийн тасаг, Дүрс оношлогооны тасаг, Мэдрэл судлал, үйл оношийн тасгийг байгуулан ажиллуулснаар тус эмнэлгийн түүх эхэлсэн. Их сургуулийн нэгдсэн эмнэлэг нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн, профессор, багш нарын оролцоотойгоор:
- Өвчин эмгэгийг олон улсын түвшинд оношлох
- Эрт илрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эмчлэх
- Нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд авах
- Зөвлөгөө өгөх
- Урьдчилан сэргийлэх үзлэг хийх
- Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах
- Эрүүл мэндийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг шинэ шатанд гаргах зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.
Та хэрэв зөвлөх эмчид үзүүлбэл 35 мянга, нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлбэл 25 мянган төгрөгийн төлбөр төлөх юм байна. Харин шинжилгээ, оношлогоо, бусад үзлэг үйлчилгээний төлбөрийг тухайн эмнэлэгт хандаж лавлана уу.
Харин та хэвтэн эмчлүүлэх бол 60 мянган төгрөгийн төлбөртэй. Энэхүү төлбөрт эмчилгээ, хоол, ор хоногийн зардал орсон байна. Хэрэв эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлбэл тухайн өвчний оношны кодоор хөнгөлөлттэй юм байна.
Хаяг: Их Сургуулийн нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн Б корпус 1-2 давхар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, С.Зоригийн гудамж-3, Улаанбаатар хот
Утас: 70120091
E-mail: [email protected]
Цагийн хуваарь: Даваа – Баасан : 8.30 – 17.30, Бямба, Нямд амарна
КЛИНИК СУВИЛАЛ
60 хүртэлх сувилуулагч хүлээн авах хүчин чадалтай. АШУҮИС-ийн “Их сургуулийн нэгдсэн эмнэлэг”-ийн харъяа 60 ортой клиник сувилал нь Төв аймгийн Баянчандмань суманд 2012 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд эмчлэх, сувилах, нөхөн сэргээх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тухайн ажил үүргийг гүйцэтгэх мэргэжлийн өндөр чадвартай, эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдтэйгээр ажилласан болно.
Сувилал нь эмчлэх, сувилах, нөхөн сэргээх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тухайн ажил үүргийг гүйцэтгэх мэргэжлийн өндөр чадвартай, эмч сувилагч тусгай мэргэжилтнүүдтэй. Физик эмчилгээний чиглэлээр нурууны массажны хаш чулуун халаагууртай ор, хүзүүний татлагын аппарат, хөлний болон толгойны массажны аппарат, гүйлтийн цахилгаан зам, хаш чулуун халаагууртай гудас зэрэг багаж аппаратуудыг ашиглаж физик эмчилгээ болон уламжлалт эмчилгээний чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг.
Сувилал нь сувилгаа болон амралтын чиглэлийг баримтлан сувилуулагч, амрагч нарын ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор наран шарлагын саравч, байр хоорондын цементэн зам, хүүхдийн тоглоомын талбай (гулсуур, хүүхдийн тоглоомын элсэн талбай, суниалтын хэрэгслүүд, нарны саравч, сургалт сурталчилгаа болон мэдээлэл солилцох хагас задгай байр)-тай, бүх өрөө нь дотроо бие засах өрөөтэй, гар угаалтууртай, халуун устай цэвэрхэн дүнзэн модон дулаан байртай.
Сувилал, эмнэлэгт эмчлүүлэхэд нэг хоногийн 35-45 мянган төгрөгийн төлбөртэй аж. Энэхүү төлбөрт хоол, байр, эмчилгээний төлбөр орох аж. Харин өдрийн амрагч буюу 5 доош хоногоор амарсан тохиолдолд эмчилгээний зардал орохгүй аж. Өндөр настан хөнгөлөлттэй үйлчилгээтэй юм байна.
Холбоо барих утас: 99630223
БАГАНУУР СУВИЛАЛ
Багануур ХХК - бүсийн сувилал нь Улаанбаатар хотоос 130 км зайд Багануур хотын төвд байрладаг. Ахуйн болон үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст зориулан тусгай эмчилгээ буюу нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг сувилал юм. Зуны улиралд Хэрлэн голын эрэг дээр зусланд гарч, долоодугаар сарын дундаас эхлэн гүүний саам уулгах эмчилгээг давхар хийдэг.
Багануур сувилалд нэг өдрийн төлбөр нь өндөр настан 19 мянга, эрүүл мэндийн даатгалгүй 35 мянга, даатгалтай 24 мянган төгрөг юм байна. Тус сувилал нь нэг өрөөнд 2, 4, 5 хүний ортой аж. Харин люкс өрөө нь 45 мянган төгрөгийн төлбөртэй юм байна.
Холбоо барих утас: Хүлээн авах эмч - 70210611, 70210109, 99284045
БАЯНЗҮРХИЙН РАШААН СУВИЛАЛ
Баянзүрхийн овооны рашаан нь Завхан аймгийн Нөмрөг суманд УБ-хотоос 1100км-т аймгийн төвөөс 188 км-т, сумаас 40 км-т Шар тагийн өвөр ам, Баян зүрх хэмээх тахилгат уулын ар бэлд ой мод бүхий байгалийн үзэсгэлэнт газарт д.т.д 2080метр өндөрт оршдог. Хүйтэн чанартай рашаан. Уг рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчинг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай.
Хүчин чадал: Амрагч сувилуулагчдын 24 байр гал тогоо, эмнэлэг, халуун ус, клуб, спортын тоглоомын байртай. Нэг ээлжиндээ 120 амрагч хүлээн авах чадвартай. Улиралын чанартай 6-9 сарын хооронд үйл ажиллагаа явуулдаг. Энгийн аялагч амрагч нарт зориулж байгалийн аялал, морь хөсөг тэргээр Улаан, Хунт, Холбоо нуурын үзэсгэлэнт газруудаар аялуулах, малчин айлд зочлуулах, рашааны үйл ажиллагаатай танилцуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
Сувилгааны төрөл үйлчилгээ: Ардын эмнэлэг зүү төөнүүрийн чиглэлээр мэргэшсэн их эмч, сувилагч, мэргэжлийн тогооч, туршлагатай ажилтнуудаар бүрэн хангагдаж рашаанаар эмчлүүлэгчдийг тав тухтай нөхцөлд амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлсэн.
Эмчилгээнд: Зүү төөнүүр, бариа засал, хануур, самнуур, монгол эмэн эмчилгээ зэрэг уламжлалт эмчилгээгээр үйлчилдэг.
Уг рашаан нь элэг цөс, ходоод гэдэсний архаг өвчнүүд болон үе мөчний өвдөлтийг анагаах чадалтай бөгөөд цэвэр агаараар уушгины бүр төрлийн өвчинд тустай гэдэг. Энэхүү рашааныг уух, шавших зайлах, орох хэлбэрээр эмчилгээнд хэрэглэдэг.
Нэг өдрийн энгийн ор нь 10 мянга, хоолоо сонгож иднэ /өдөрт хэдэн хооол идэхээс шалтгаалж нэг өдөрт 10-25 мянган төгрөгийн хооронд/, хоёр хүний люкс өрөө 40 мянга /хоолны үнэ энгийн өрөөтэй адил хоолоо яаж идэхээс шалтгаалан/ төгрөгийн төлбөртэй юм байна. Харин эмчилгээний зардал амрах хугацаанаасаа, ямар эмчилгээ, хэдэн удаа хийлгэхээс шалтгаалаад 100 мянга хүртэл аж.
Очих, ирэх унаа өөрийн унаагаар. Нарантуул захаас шууд очих байгаа. Баянтэс, Асгат, Баянхайрхан гэсэн унаануудад сууж болно. Нөмрөг очвол сувиллаас очиж авах боломжтой. Амрагч зургаадугаар 25-есдүгээр эх үргэлжилнэ. Байр тэндээсээ гаргуулаад өөрсдийн хоол унд хийж идэх боломжтой.
Холбоо барих: 98184711, 94064466
БАЯНХОНГОР АЙМАГТ БАЙХ РАШААНУУДЫН ТУХАЙ
Баянхонгор аймагт Бүрэн хайрхан, Доной, Өлтийн нуураар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт тогтоцтой Өргөөтийн халуун рашаан гэж бий. Мөн ходоод, чих, хамар, хоолой, бөөр, ядаргаа, үе мөчний өвчнийг анагаадаг Үхэгийн халуун рашаан тус аймгийн Галуут сумын нутагт байдаг аж.
Баянхонгорын рашаануудаас хамгийн сонирхолтой нь Гурванбулаг сумын нутагт оршдог Нарийны рашаан юм. Энд жилийн дөрвөн улиралд усанд нь амьдардаг болжмор, оготно, байдаг ажээ. Тэр байтугай зарим өвөл ялаа хүртэл энд амьд өвөлждөг гэнэ. Яг тэр үедээ энэхүү рашаан ямар ч өвчнийг анагаах увидастай болдог хэмээн нутгийн хүмүүс ярьдаг байна. Нарийны рашаан гурван хошуунаас салаалан урсах бөгөөд толгой, чих, хамар, ходоод, нүд, шүд, бөөрний гэх мэтээр ангилан хэрэглэсээр иржээ.
Энэхүү рашааны бас нэг гайхалтай чанар нь зун хүйтэн байдаг атлаа өвөл нь бүлээсдэг ажээ. Рашаантай холбоотой домог мэт яригддаг сониноос дурдахад, 1964 онд Хөвсгөл аймгийн харъяат нэгэн хэлгүй хүн рашаанаас ууж овоонд нь мөргөж байтал тушаатай морь нь дэгдээд явахад мориныхоо араас хашгиртал хэл орчихсон байсан гэнэ.
ГАЛТЫН (САЛБАРТЫН) ХАЛУУН РАШААН
1961 онд Галт сумын “Идэрийн-Ундрал” нэгдлийн ерөнхий хорооны хурлын шийдвэрээр халуун рашааны ордыг түшиглэсэн “Халуун усны рашаан амралт” нэртэйгээр байгуулагдсан.
Рашааны найрлага: Сульфат ба сульфат-карбонат натрийн найрлагатай 0.83гр/дм3 эрдэсжилттэй +38⁰С+44⁰С халуун рашаан юм. ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын газрын царцдас судлалын хүрээлэн, Монгол улсын ШУА-ын Хими, хими технологийн хүрээлэнгийн хамтарсан экспедицийнхэн 2007 онд судалгаа хийж найрлагыг тогтоожээ.
Сульфидийн усыг хэсэгчилсэн газарт хэрэглэснээр салст бүрхэвчийн гиперемийг үүсгэж, гялангийн эпителийн (функция мерцательного эпителия) ажиллагааг нэмэгдүүлдэг. Энэ урвал нь амны хөндий, үтрээ, шулуун гэдэсний салст бүрхэвчний эмчилгээ, түүнчлэн хамар хоолойн эрхтэн, амьсгалын замын өвчнүүдэд ч чухал хэрэгтэй байдаг.
Рашаан усанд фтор өөр элементүүдтэй комплекс нэгдэл үүсгэн оршдог бөгөөд түүний илүүдэл ба дутагдал ялангуяа шүдэнд илэрдэг өөрчлөлтийг үзүүлнэ. Галтын рашаанд 9.4 мг/дм3 фторид ион агуулагдаж байгаа нь өндөр үзүүлэлт бөгөөд халуун рашааныг дотуур хэрэглэдэггүй.
Рашаан усны физиологийн үйлчлэл үзүүлдэг үзүүлэлтийн нэг нь түүний орчин рН юм. Шүлтлэг орчинтой рашаан ус арьстай харилцан үйлчлэлцэж түүний уян хатан чанарыг нэмэгдүүлдэг учир Галтын рашаан (рН=8.8) арьсны олон өвчний үед тааламжтай үйлчилгээ үзүүлнэ.
Галтын рашааны цахиурын хүчлийн өндөр агуулга нь түүнийг эмчилгээнд хэрэглэх үндсэн үзүүлэлтийн нэг болно. Цахиур түүний нэгдлүүд нь симпатикометик үйлчлэл үзүүлдэг буюу өөрөөр хэлбэл солилцооны процесст нөлөөлөх чадвартай биологийн идэвхит бүрэлдэхүүнүүд юм. Цахиурт нэгдлүүд нь хортой нэгдлүүдийг устгах чадвартай. Тэдгээр нь паразитын эсрэг үйлчилгээтэй. Цахиурт нэгдлээр баялаг рашаан усыг дотуур хэрэглэх үед гэдэсний эсэлт багасдаг.
Бие махбодийн олон үйл ажиллагаа Калийн ионоос хамаарна. Булчин агших бүр калийн ион булчингаас гарч агшихаа зогсмогц буцаж орж тэнхээ тамир оруулна. Кали дутвал хоол унданд дургүй болох өсөлт удаашрах, мэдрэлийн сэрэл доройтох үе мөч өвдөх эцэж турах, зүрх муудах зэргээр өвчилнө.
Цус бүлэгнэх, хордлого бууруулах, халуун дарах, мэдрэлийн цочрол намжаах, бие чийрэгжүүлэх, халдвар үл халдаах, илүүдсэн кали, натри, магнийн хорыг арилгах, төмрийн солилцол, шингэцийг сайжруулах явцад кальций чухал хүчин болж үйлчилнэ. Кальци дутвал яс зөөлрөн хэврэгших булчин, үе мөч өвдөнө.
Салбарт (Галтын) халуун рашаанд гелий 1.83*10-2 мл/дм3 буюу фон агуулгаас 352 дахин их, хүйтэн рашаанд 4.66*10-4 мл/дм3 буюу фон агуулгаас 9 дахин их агуулагдаж байна. Энэ дүн Галтын халуун рашаан гүний хагарлаас ундарч байгааг илтгэж байна.
ГУРВАННУУРЫН РАШААН СУВИЛАЛ
Хэнтийн Дадал сумын нутагт, Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно далайн төвшнөөс дээш 1300 метрт оршдог. Улаанбаатараас Чингис хотоор дайрч явахад 600 км, Өмнөдэлгэр сумаар дайрч явахад 500 км явж хүрнэ.
Шавар нь химийн бүтцээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй.
Энэхүү рашаан сувилал нь урьд нь дөрөвдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 1-ний хооронд улирлын чанартай ажилладаг байсан байна. Харин энэ жилээс жилийн дөрвөн улиралд буюу байнгын тасралтгүй ажиллагаатай болсон байна.
Нэг ээлжиндээ 250-600 хүн хүртэл хүн авах хүлээн авах хүчин чадалтай.
Шавар эмчилгээ, шилмүүст банн - усан эмчилгээ, физик эмчилгээ, агаар эмчилгээ, бариа засал, зүү төөнүүр, гүүний саам эмчилгээнүүдтэй.
Рашаан сувиллын үнэ өдрийн таван удаагийн хоол цайтай 38000 – 45000 төгрөг. Магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилал учраас тэтгэвэр болон өвчний групптэй хүмүүс тушаасан төлбөрийн 50% болон тээврийн зардлын 50%-ийг харъяа газрын халамжийн төвөөс буцаан авах боломжтой.
Дотоодын жирийн амрагч бол энгийн гэр байр нь өдрийн гурван хоолтой 49 мянга, хагас люкс зэрэглэлийн гэр ба байр нь өдрийн гурван хоолтой 69 мянган төгрөгийн төлбөртэй аж.
Харин олон төрлийн гэрт орох боломжтой бөгөөд гэр нь 30-120 мянган төгрөгийн төлбөртэй. Мөн жуулчны зуны байшин нь 80-150 мянган төгрөгийн төлбөртэй юм байна.
Нарантуул захын дэргэдээс Хэнтий аймгийн Дадал явах унаанд сууж очих боломжтой.
Холбоо барих утас: 77117578, 98887578, 98987578, 98107578, 86117578
ДАРААГИЙНХ
РАШААН СУВИЛАЛД ЭМЧЛҮҮЛЖ БОЛОХ ӨВЧНИЙ ТАЛААР ТАНИЛЦАНА УУ
РАШААН СУВИЛАЛД ЭМЧЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ ӨВЧНИЙГ МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ