Шоронжуулсан эмнэлгийнхэн “шок”-нд оржээ
2013/03/13
Н.ЭНХБАЯРААС ӨӨР ХҮНД “ҮЙЛЧЛЭХГҮЙ”
Н.Энхбаярт ёс зүй гэж байдаггүй юм бол эрүүл мэндийн салбарынханд дэг жаяг байх учиртай. Төрийн өндөр албан тушаалтнуудад үйлчлэх үүрэгтэй хоёрдугаар эмнэлэг ялтнуудын оромж болсон. Хаалга үүднээс нь авахуулаад төмөр шоронд өлгийдүүлж хана туурга нь гав гинжээр бэхлэгджээ. Эмч нар нь хүртэл эдгээр хоригдлуудаас “айж” эмчилгээ хийхдээ чичэрч байна. Ямар сайндаа л эмнэлгийнхэн эрх мэдэлтнүүдэд албан тоот илгээж аргаа барах вэ дээ. Тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Байгалмаа ийн зурвас илгээсэн байна. Үүнээс цухас дурьдвал, “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журманд өөрчлөлт орж Эрүүл мэндийн сайдын тушаалаар хорих ангид ял эдэлж байгаа ялтнуудад төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн. Үүний дагуу Хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгээс гурван өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид эмнэлгийн тусламж авах шаардлагатай бусад хоригдлуудыг тус эмнэлэгт шилжүүлэн эмчлэх тухай асуудал яригдаж байна. Эмнэлэгт үүссэн нөхцлөөс шалтгаалан төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтын нэг, хоёрдугаар зэрэглэлд хамрагдах зочныг хүлээн авах боломжгүй” хэмээжээ. Энэ мэтээр эмнэлгийнхэн “айж” байна. Нэг биш нэлээд олон ялтнуудыг хэвтэн эмчлүүлэх тухай яриа түгсэн нь үнэн.
Гэхдээ төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг онилж олны дургүйцлийг хүргэдэг нь ямар учиртай вэ. Иргэд нь эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй тарчилж байхад эрхээ хасуулсан ялтнууд тусгай өрөөнд тансаглаж төрийн албан хаагчдыг “үх” гэх нь дутав уу.
ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨВЧИН “ЭДГЭРЭХГҮЙ”
Өвчин тусах амархан. Харин өвчилсөн хойно нь эдгээх хэцүү. Ийм л зовлонг Н.Энхбаяр эдэлж байна. Зүй нь тэрбээр ял эдлэх учиртай ч өвчиндөө ялархаж суух юм. Түүний биеийн байдлыг эрс муудсан хэмээн анагаах ухааны доктор, профессорууд нь ам уралдуулан зарлаж орхив. Тэдний оношоор Н.Энхбаяр “үхэх” юм байх. Харин миний оношоор бол хамрын ханиад төдийнхнөөр шалтаглаад байх шиг. Би эмч биш. Гэхдээ өвдөж байсан. Н.Энхбаярын биед илэрсэн зовиурууд надад ч илэрч байлаа. Эмч, мэргэжилтнүүд дүгнэлт харахад яг л тэр зовиурууд. Хавар болохоор хүн төдийгүй адгуус амьтдын бие сулардаг. Энэ нь л жам Н.Энхбаярт нүүрлэсэн юм биш үү. Экс ерөнхийлөгчийн биед эмгэг өвчин гэхээс илүү илааршиж болох өөрчлөлтүүд хургажээ. Амархан ядарч, хоолны дуршилгүй болсон гэх. Аргагүй шүү дээ. Хаврын тарчиг цагт өлсгөлөнгөөр өөрийгөө зовоосон юм чинь өөх тосны дутагдалд ороод биеийн дархлаа нь суларсан байлгүй. Бас болоогүй ээ унтахын өмнө бие нь загатнадаг гэнэ. Арга барилаа өөрчлөөд арц, хүжтэй усанд ороод үзээч. “Аавын хаалга” татсан юм чинь хийморь нь доройтож хир буртагт баригдаа биз. Ханиалгаж, гэдэс дүүрч цанхайна, баас үе үе хатаж заримдаа шингэн зүйлээр суулгадаг гэх юм. Бодисын солилцоо чинь алдагдаж ходоод дотор нь хямарсан юм биш үү. Н.Энхбаярт тавьсан оношийг харахаар эрүүл эрхтэнгүй мэт. Энгийн зовлон тоочсоныг нь бодохоор эмч нараар тохуурхаад байгаа ч юм шиг. Ээдрээтэй оношнууд энэ хүнд зөндөө байна. Хамар битүүрч, хоёр хөлийн булчин чинэрч өвдөнө гэхээр хамрын ханиадны эхэн үе. Харин амьсгал өнгөц, хамрын баруун талын нүхний амьсгал илүү суларсан, үе үе өнгөц ханиалгана гэдэг нь өнгөрсөн сард хатгаа авсанаас үүдэлтэй байж мэднэ. Энэ мэт дурьдаад байвал анагаахын хэллэгээр Н.Энхбаярт эрүүл газар гэж алга. Адаг сүүлд нь ардын уламжлалт эмчилгээгээр авч үзвэл хий бадганд баригдсан нэгэн бололтой. Минийхээр хий бадгана гэдэг ядаргаа төдий зүйл. Харин оточ маарамбийн дүгнэлтээр бол одоо удахгүй “үхэх” юм гэнэ. Түүний судас живэнхүй сул, хэл хий бадганы шинж чанартай байгаа аж. Уушгинд хий бадгана, хамар залгиурт шарын махбодь арвидсан. Элэг болон цөсний шар дийлэнх, баруун бөөрөнд хий бадганы өөрчлөлттэй, ерөнхий биеийн тамир сул дорой гэжээ. Үүнээс айхтар оноштой өвчтнүүд олон. Эмчилгээ хийлгэх гэж эд хөрөнгөө зарж, өр зээлэнд баригдан байж оношлуулж байхад эрх мэдлээр халхавч хийн эмнэлгийн орон дээр жаргасан түүнд “өвчин” гэж айлгахаас өөр ид шид алга. Ингэж байхын оронд эр хүн шиг ялаа эдлэвэл яасан юм бэ.
Б.ЧАНЦАЛ