Яг одоогийн нөхцөл байдал ийм байна. Улс төрөөр хамаагүй оролдож болдоггүйн жишээг МАН-ын өнгөтөөр харууллаа. Тус намыхан уг нь УИХ-д үнэмлэхгүй олонх буюу 65 суудалтай. Иим суудалтай нам эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлж, өөрийн бодлогоо боловсруулж, өөрсдийн санаачилсан хуулиа “инээж” байгаад л баталчихна. Өнгөрсөн хугацаанд МАН энэ давуу байдлаа хадгалж ирсэн. Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хүртэл УИХ-д оруулж, ОУВС-тай хамтарч ажиллахаар болсон. Харамсалтай нь өөрийн намын 30 гишүүнээс болж үнэндээ ийм ичгүүртэй байдалд орчихов. 66 суудалтай МАН-ын Засгийн газар нурж унах эсэх нь АН-аас шалтгаалахаар болоод байна.

 

 

Засгийн газрыг огцруулах саналд МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсэг зуржээ. Үлдсэн 35 гишүүн нь Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байгаа бололтой. Үүнээс харахад  УИХ-ын 76 гишүүний олонхи болоход 9 кноп хэрэгтэй болно. Тэгэхээр гарын үсэг зурсан гишүүд ямар ч тохиолдолд АН-ын бүлгийн дэмжлэггүйгээр санасандаа хүрч Засгийн газрыг огцруулах боломжгүй нь харагдаж байгаа юм. Зарим улс төр судлаач гарын үсэг зурсан МАН-ын бүлгийн гишүүд сөрөг хүчинтэйгээ хуйвалдлаа хэмээн хардацгааж байна.

 

Мэдээж энэ боломжийг  АН-ын алдахгүй хичээх нь ойлгомжтой. Ёстой энэ дөрвөн жилд бараг ганцхан удаа тохиох боломжоо тэд хэр томруулж чадна, тэр хэрээр АН-ын хүч зузаарна. Төрийн албаны зарим нэг нүх сүвийг бөглөж, гар хөлөө оруулах боломжтой болно. Харин хуйвалдсан гэх МАН-ын гишүүд ирэх сонгуулиас өмнө иргэд болоод намыхандаа хэлэх үгээ бэлдэцгээж, сэтгэлийн утсыг нь хэрхэн хөндөж тойрогтоо үлдэх талаар нэгийг бодох ажил үлдэх биз ээ. Тэр болтол зай ч байна.

 

АН-ын хувьд Засаг огцруулж сурсан гарууд. Н.Алтанхуягийн газрыг АН-ынхан өөрсдөө унагаж, арыг нь даах нь гэж эдийн засгаараа тоглосон улс. Туршлагын хувьд яриад байх зүйлгүй ч туулж ирсэн түүх нь хар бараан толбоор дүүрэн байдаг АН-ынхан харин Засаг хамт барилцана хэмээн гүрийж мэдэх. Энэ талаарх мэдээлэл аль хэдийнэ тархчихаж.

 

Ямартай ч У.Хүрэлсүхийн эхлүүлсэн гэх Засгийн газрыг огцруулах ажиллагаа энэ мэтээр үргэлжилсээр “бай”-гаа онох нь. Харин хэргийн эзэн хэнгэргийн дохиур хэзээ нэг ил гарч, МАН-ыг цэвэрлэх нэрээр манаргах ажиллагаагаа эхлэх бол. 

 

24tsag.mn