Эдийн засагч Д.Жаргалсайхан: Монголын залуус ба дэлхий
2017/08/24
Сүүлийн арваад жилээ эргээд сайн харвал Монгол улс дэлхийн хөгжлөөс улам л сугаран хоцорсоор байна. Монголчууд бидний ухаан санаа, эрч хүч улс төрийн намагт шигдэж, бид Их хурлын, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуулиуд, завсар хооронд нь засгийн газраа огцруулах эсэх, Үндсэн хуулиа өөрчлөх эсэх, дуулиан шуугиантай гарч ирээд чимээгүйхэн алга болдог авлигын хэргүүдийн эргэн тойронд л завгүй амьдарч байна.
Өөрсдийн бий болгочихсон энэ олон үйл хэргийг төр засгийн удирдлага, улс төрийн намууд шийдэхийг оролдож ухаалаг, шударга дүр уралдан эсгэж, сайд дарга нараа ээлжлэн солихоос өөр ямар ч асуудал шийдэж чадахаа больжээ. Авлигаас үүдэлтэй улс төрчдийн нанчилдаан эдийн засгаа хямруулж, улс орноо гадаад дотоодын өрөнд живүүлж, гадаадаас нэмж зээл авч төлбөрөө хойшлуулснаа алдар гавьяа болгон ярих боллоо.
Төрийн эрх ээлжлэн барьж буй улс төрийн хоёр намын удирдлага нь зөвхөн эрх мэдлээ авч үлдэх, гишүүд нь эрх мэдэлд хүрэхийн төлөө тэмцэлдэж, биенээ тагнан чагнаж, тасчин хаях боллоо. Монголчууд найман зуун жилийн дараа ч бас “орондоо орох завгүй олзолдон булаалдаж, хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэлдэж” байна.
Хүн амын хагас нь шахалдан, түгжрэх нийслэл хотын удирдлага машинуудаа дугаараар нь хязгаарлах, замын хөдөлгөөний урсгалыг үе үе өөрчлөх зэрэг аахар шаахар ажлаар завгүй харагдаж, зундаа бороонд живсэн, өвөлдөө утаанд төөрүүлсэн хот болгоод удаж байна.
Харин иргэд, ялангуяа авьяас чадвартай, эрсдэл хүлээх эрмэлзэлтэй залуус нь эх орноосоо дүрвэж байна. Ажиллах хүчний арван хувь нь буюу зуугаад мянган хүн гадаадад амьдарч, бараг бүх элчингийн гадаах визийн дараалал нэмэгдсээр байна.
Монголын хүн амын дийлэнх нь болох залуучууд төр засаг, хот орон нутаг, сургууль багш нараасаа амьдралын зүг чиглэлийг нь зөв зааж, ажилд нь яг шаардлагатай мэдлэг, дадлагыг өгөх байх гэж найдан сууна.
Залуусын хүлээлт
Монголын хүн амын тавны хоёр нь 1980-2000 онд төрсөн “мянганыхан” буюу өнөөгийн ажиллах хүчний цөм нь юм. Тэдний ажлын ирээдүй нь эх эцгийнхээс нь эрс өөр, үргэлж өөрчлөгдөх ажээ. Мэдээлэл, технологийн хувьсгал ажил, амьдралын орчинг улам хурдтай шинэчлэх болсон учир “мянганыхан” маань ажиллах хугацаандаа ажлын багаж хэрэгсэл, дадлага чадвараа хэд хэдэн удаа өөрчлөх ажээ.
Дэлхийн Эдийн Засгийн Форумын 2016 оны “Ажлын байрны ирээдүй” гэдэг тайланд дурдсанаар өнөөдөр бага сургуульд орж байгаа хүүхдүүдийн 65 хувь нь одоо байхгүй, цоо шинэ ажил хөдөлмөр эрхлэх гэнэ.
Хөгжингүй орнуудад арван жилийн өмнө байгаагүй, шинэ ажлууд хамгийн өндөр эрэлттэй байна. Жишээ нь гар утасны чадамж, хэрэглэх хүрээ, боломж тэлэхийн хэрээр апп хөгжүүлэгчийн (гар утасны програм зохиогч) ажлын байрны хэрэгцээ улам нэмэгдэж байна.
АНУ-ын Evans Data Corporation-ийн мэдээлснээр 2016 онд зөөврийн утасны апп хөгжүүлэгч 12 сая мэргэжилтэн ажиллаж байсан бол 2020 онд 14 саяд хүрэх ажээ. Хиймэл оюун ухаан болон өөрийгөө сургадаг компьютер хамтраад, орон зай, хурдыг мэдрэгч зэрэг бусад технологиудыг ашиглан өөрийгөө жолооддог тээврийн хэрэгслүүдийг бүтээж амьдралд нэвтрүүлж эхэллээ.
Улс орнууд мэдлэгийн эдийн засгийн дэд бүтцийг байгуулж, боловсролын байгууллагууд нь технологийн өөрчлөлтийг даган маш түргэн өөрчлөгдөж байна. Биеийн хүчний олон ажлуудыг компьютер, робот орлох боллоо. Уламжлалт хөдөлмөр эрхэлж буй хүн амын орлого, шинэ технологи эзэмшсэн операторуудынхаас огцом хоцорч эхэллээ.
Дээд боловсролын эрэлт өөрчлөгдөж байна
Мэдлэгт суурилсан эдийн засагтай орнуудад байгалийн ухаан (science), технологи (technology), инженеринг (engineering) болон тооны (mathematics) буюу товчлоод (STEM) мэргэжилтэй ажилтнууд хамгийн өндөр цалин авч байна.
АНУ-ын Статистикийн Товчооноос 2015 онд STEM-ийн салбарт ажиллаж буй 9 сая хүн Холбооны улсын бүх ажиллагсдын 6 хувийн эзэлдэг бөгөөд STEM-ийн бус салбарынхаас 29 хувиар илүү цалин орлоготой байжээ. Энэ тоо 2010 онд 26 хувь байсан. Энэ салбарын ажлын байрны тоо өнгөрсөн арван жилд 24 хувиар, бусад салбарынх дөнгөж 4 хувиар тус тус өссөн, энэ хандлага цаашид ч үргэлжилнэ гэжээ.
Гэхдээ энэ салбарын мэргэжилтнээс танин мэдэхүйн чадвараас гадна, зөөлөн чадвар буюу багаар ажиллах, бүтээлч байх, зохицох чадварууд, нийгмийн болон соёлын харилцааны мэдлэг, мэдрэмж өндөр байхыг ажилд авахдаа шаардах болжээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын (OECD) 2015 оны олон улсын оюутны үнэлгээний тайланд 42 орны оюутнуудын байгалийн ухаан, унших болон тоо бодох чадварыг шалгаад эрэмбэлэхэд Сингапур улс тэргүүлжээ. Монгол энэ судалгаанд хамрагдаагүй, улс дотроо ч STEM-ийн тухай судалгаа байхгүй, сургалт, үр дүнгийн тухай статистик мэдээлэл, тайлан хомс байна.
Улс орны эдийн засаг дан ганц уул уурхайгаас бүрэн хамаарсан хэвээрээ, боловсролын системийн чадамж сул, төгсөгчдийн чадвар муу байгаагаас монголд дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж, гадагшаа гарч мэргэжил чадвараа дээшлүүлэхийг залуус эрхэмлэх болжээ.
Бодит байдлыг дүгнэж, улс төр, төр засгаа авлигаас чөлөөлж үр бүтээлтэй ажил эрхэлж, өндөр өгөөжтэй ажиллах цаг хэзээ ирэх юм бол оо?
Д.Жаргалсайхан
Ene odoo yu meddeg gej ingej hutsaj yavdag um bol doo · 2017/08/24
Erguu tugtsug