Энэ сарын эхээр УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүд, ажлын албаныхантай дөрөв хоног зүүн аймгийн иргэдийн ахуй амьдрал, хөгжлийн төлөвтэй танилцав.

Гишүүд дарга нарт хөдөөгийн амьдрал ямархан харагдсаныг мэдэхгүй ч сэтгүүлчийн нүдээр бүрхэг саарал өдөр дөрөв хоног үргэлжлэв. Тэдэнд нийтийн хэрэглээг дагасан гар утас, олон сувгийн антени байна. Үгүй бас ч гэж хоосонгүй хэдэн мал байна.

Зүүн хязгаарын ганц нэг суманд хаваржилт хүндэрч байгааг эс тооцвол мал, малчин хоёр зутраагүй гэнэ. Сайн хэрэг. Гэвч нэг их том зүйл дутаад байгаа нь тэдэнд хотыг аймагтай, аймгийн сумтай холбосон авто зам алга. Байгаа хэсэгхэн зам нь аймгийн төвдөө л юм. Автозам гэхээсээ илүү асфальт байж дээ гэмээр бүдгэрч элэгджээ. Ямартай ч нийслэлээс гараад 2500 гаруй км замын энхэл донхол, хагархай, онгорхойг “тоолсоор” ирэв. Аяны уртад юу эс бодогдхов. Мэнэнгийн шаргал талд хараачлан зээр хайж, өвдөг татсан хөр цасанд мал ямар өвс олж идэхээр хошуугаа газраас салгахгүй байгааг, энгэр заам, хацар, нүдгүй шуурах хүйтэн цасыг, энд хэзээ орон нутгийг нийслэлтэй нь холбосон толь шиг зам тавьж эхлэхийг бодсоор бодлын богц дүүрэн ирэв.

Үнэхээр зам, дэд бүтэцгүй хөдөөгийн амьдрал аанай л шалдар булдар, цагийн байдал ороо бусгай байна. Иргэд бухимдлаа, санаа бодлоо хэнээс ч айж эмээхгүйгээр илэрхийлж, амин хувийн гэхээсээ илүү ард олон, улс үндэстний сэдэвтэй асуудал ярьж, тулга тойрсон сэдвээс хэдийнэ хальжээ. Орон нутгийн иргэд минь ардчилсан, хамтарсан, эвсэж, солонгорсон гэх нам, засгийнхны хэрэгжихг үй хууль, хэнд ч үр ашиггүй ажлыг ичиж нуугдтал нь шүүмжилж чаддаг болжээ. Дэмжиж, гар бие оролцмоор, өмөөрч, хувь нийлүүлмээр ажлыг нь харин илүүрхэж онгиртол нь магтаж чадаж байна. Гэвч тэд минь дээлнээсээ салаагүй байна. Зутруухан байна.

Яг л өнөөх “Хуучин хүү” шиг цагаан даавуу алчуураар толгойгоо ороож, хөдсөн дээл, зуузай нь ханзарч элэгдсэн ээтэн гутлыг эргэтэл нь гишгэжээ. Ийм дүр зургийг иргэдтэй уулзах танхимд бишгүй харна. Ерөнхийлөгч өө алслагдсан хөдөөгийнхний хүсэл нийслэлийнхэнтэй нэг ижил байна. УИХ-ын даргад санал, бодлоо дэлгэж байгаа 10 хүн тутмын найм нь архины асуудлыг тоочиж байгаа бол тамхины хууль, түүний хэрэгжилтийг дуу нэгтэйгээр дэмжиж талархан хүлээн авч байна. Одоо харин архичдын толгойг илдэггүй байхыг дамжуулсан юм. Орон нутагт ажлын байр хомсдолтой учир айл бүхэнд сүү биш архи сөгнөгсөд тулга тойрч өрх тэргүүлжээ, Ерөнхийлөгч өө. Хашааны булан эргээд л хэд гурваараа хундага тойруулсан архичин хөдөөд байна.

Хөдөө ч гэлтгүй нийслэлд ч архины асуудал хүүхэд, залуус, эр эмийн ялгалгүй даварч байгаад анхааръя. Яг л тамхийг хязгаарласан шиг ээ архийг ч мөн хуулиар журамлъя л даа. Архи, тамхины тухай ихэр хуулийг яагаад “хатуу гар”-аар хэрэгжүүлэх хэрэгтэй вэ гэдгийг иргэд ингэж хэлж байна. Орон гэр салж, хүүхэд архины уршгийг бие, сэтгэлээр мэдэрч, ажилг үйдэл, ядуурал ихсэж, архинаас үүдэлтэй гэмт хэрэг тоогоо алдаж байгааг онцолж байна. Мөн хувь хүний ааш зан эвдэрч, эрүүл мэндийн хувьд доройтож Монгол айл гэрийн удам тасрах хэмжээнд хүрснийг сануулж байна. Архичин, ажилгүй залуус хүссэн хүсээгүй эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд гологдож орон нутагт харийнхны цус сэлбэлт хүссэн хүсээгүй явагдаж байгаа нь хөшигний цаадах амьдрал болж байгааг сэтгэл зовинон хэлж байна Ерөнхийлөгч өө. Таны он солигдох мөч бүрт хундагатай сүү тулгаж ерөөл хэлдэг дүр зураг жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдшийн “гоёл” биш өдөр бүрт хэрэгждэг улс үндэстний хоол хүнсний “гоёл” болоосой гэдгийг хөдөөгийнхөн дамжуулж байна.

Тамхи татах цэгийг нь зааж өгөхг үй бол энэ хууль ганц хөлтэй хүн шиг “явахгүй”

Тамхины хууль сайн болжээ. Олон иргэн, олон бүсгүйг баярлуулж байна. Бид олон хүүхдээ тамхичин болох замаас нь төөрүүлж байх шиг байна даа хэмээн тамхины хуулийг тэд сайрхан ярьж байна. Гагцхүү ганц ч гэсэн сайн хуулийг хэрэгжүүлэхийн тулд тамхины тодорхой цэгтэй байвал яасан юм бэ.

Тамхи татах цэгийг нь зааж өгөхгүйгээр энэ хууль ганц хөлтэй хүн шиг “явахгүй” гэсэн санал хэлсэн. Тамхи татах цэг ч үгүй болчихоор ил, далд зарж буй наймаачид ашиг олж тамхины үнийг “хаданд” гаргаад байгаа юм биш үү хэмээн хардаж буйгаа нуугаагүй. Үүний хариу болгож З.Энхболд дарга “Цөөн хэдэн тамхичдын төлөө хуулиа өөрчилж гаргасан шийдвэр, тогтоолоосоо эргэж буцдаг улс манайх биш. Бид хууль гаргачихаад тэр минь болохгүй байна, түүнд харшлаад байна гэдэг шалтгаанаар гар хүрээд байх юм бол хэрэгждэг хуульгүй, мөрддөг иргэнгүй болно” гэснээр тамхины тухай хуульд “өршөөлийн” заалт оруулах тухай санал дэмжигдсэнгүй. Хэнтий аймгийнхны хэлсэн архи, тамхины тухай дээрх санал, асуудал Дорнод, Сүхбаатарт ч ялгаагүй уулзалтын гол сэдэв байлаа.

Ерөнхийлөгч өө, дахиад сануулъя. Хотод ч хөдөөд ч ялгаагүй хундага тулгах цэвэр, ориг цагаан сүү алга. Хаана л бол хаана архи өргөж, архиар цангаагаа тайлж байна. Тэгэхээр таны өргөдөг хундагатай сүүг хуулиар баталгаажуулж цэвэр сүү өргөд өг болохын тулд архи, сүүний үйлдвэрүүдийг үнээний фермтэй болгоё.

М.Мөнхтунгалаг