Засгаар нааддаггүй МАН-ын гал
2017/08/28
Б.ЭНХЖИН
МАН ойрдоо завгүй. Засгаа унагахаар идэвхийлэн ажиллаж байна. Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл, өр төлөх санхүүжилт болоод эдийн засгийн хөгжилд амь тариа адил нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын яриа хөөрөөг замхартал улстөржицгөөж байна. АН эрх барьж байх дөрвөн жилийн хугацаанд тувт түймэрт автаж байсан шиг МАН-ынхан гартаа гал атгажээ. Харин АН-ын гарт гал өрдөх хөөрөг байна.
МАН-ын түүхэнд өөрийн ялалтаар эмхлэн байгуулсан Засгийн газраа өөрсдийн хүчээр дугтран унагах оролдлого урьд өмнө гаргаж байгаагүйгээрээ л өрсөлдөгчөөсөө арай дөмөг түшигтэй хүчин гэгдэж байлаа. Тэр бүр хүний амнаас унаад байдаггүй эрслэн босох, түлхэн унагах тухай “зоригт” үгсийг МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд хашгиралдах болжээ. Аливаа тэмцэлд цааргалах аргагүй үнэн, хойчийг харсан учир шалтгаан, дараа нь хэрхэх төлөвлөгөө, өргөн олны түрлэг, нийгмийн дэмжлэг хөрс гээд бүхий л зүйл чухал. Гэтэл энэ удаа МАН-д өрнөж буй Засгийн газрыг огцруулах хөдөлгөөн улс төрд зайлшгүй шаардлагатай үйл явц юм уу гэхэд тун учир дутагдалтай, шалтгаан нь шалтаг давамгайлсан гоомой, өөрсдийнхөө ажил хэргийг хойш татан нураахаас өөр ирээдүйгүй эд болох нь улам бүр ажиглагдах боллоо. Зүгээр л өөрчлөхийн тулд, хүмүүсийг солихын төлөөх хиймэл цөн нимгэхэн төдий буй ард түмний итгэл найдварыг хага зүсэн түрэх гэж буй мэт.
Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 30 гишүүн МАН-д одоо өрнөж буй халуун сэдвийг “Засгийн газар бол нам юм” хэмээн тайлбарлаж буйг энэ өдрүүдэд олонтаа сонслоо. Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өрсөлдөөд унасан мэтээр шалтаглажээ. Засгийн газрыг огцруулах бичигт дурдсан гурван шалтгааныг харахад Засгийн газрын муугаас гэхээсээ МАН-ын эрх барих байгууллагаас гаргасан бодлого, шийдвэр нь амь аргацаасан түргэн түүхий, эмх замбараагүй байсны улмаас бий болсны шууд тусгал гэдэг нь ойлгомжтой уншигдана. Ийм дүнг шууд Засагт нялзааж буй нь улс төрийн намын эрх барих дээд байгууллага, бодлого тодорхойлогчид өөрсдийн буруугаас бултсан шалтаг төдий зүйл юм. Эндээс МАН өөрөө танхимаа тараан хоёрдугаар ээлжийнхнийг хоолонд оруулах механик хөдөлгөөн хийх гэж хөгөө хөлдөө чирэхийн оронд эхний ээлжинд намаа шинэчлэх, бодлогын томоохон институц болгон чадавхжуулах шаардлагатай болсон нь харагдана. Энгийн олон нийтэд МАН л бол МАН, У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбатын ялгааг тэд харьцуулж хэрэлдэх албагүй. Хэрэв яг энэ эрчээр Засаг унах бол У.Хүрэлсүхийн Засаг ч унана. УИХ-ын 2020 оны сонгуульд У.Хүрэлсүх биш, МАН ялагдаж таарна. Тиймээс МАН одоо үүсэж бий болсон хямралыг бодитой хөөн шүүхгүй бол хөл толгой нь үл олдох ялагдлыг удаа дараа амсах эхлэл тавигдах нь тодорхой болж ирлээ.
96 жилийн түүхтэй МАН-ын үнэт зүйл юу юм бол? Үнэнч гишүүд нь илүү сайн хариулах байх л даа. Бараг 100 жил оршин тогтносон цадиг түүх, цаг хугацаа нь юм болов уу гэж бодогдоно. Улирч одох цаг үе, ирж буцах хүмүүс, хувьсан өөрчлөгдөх нөхцөл байдлаас үл шалтгаалан эвдэрч алга болдоггүй оршихуй нь тухайн байгууллага, хамт олны үнэт зүйл байдаг. Ийм үнэт зүйлсийг тээгч МАН-ын хувьд эх орон, ард түмний төлөө гал байтугайг атгаж явсан гавьяатай. Гал атгасан тоолонгоор эмхлэн байгуулсан Засгийн газраа түлхэн унагааж байгаагүй нь МАН-ын зангараг юм. Тэд галыг гал гарсан бодит шалтгааныг арилгах замаар л унтрааж байснаараа түвшин байдаг. Харин энэ удаа Засгийн газрын хоёрдугаар ээлжийнхний цээжинд л гал ассанаас биш хөөж явуулах гээд буй танхим гал алдчихаагүй байна. Сандал ширээний төлөө эрслэн босч, түлхэн унагаад байвал хайран чиг МАН-ын нэр төр, улстөрчийн эр зориг.
Зочин · 2017/08/28
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ