-Төр түшилцэх эрх энэ нөхдөд бий юү-

Байгаль сүйтгэгч компанийн эзэн байнгын хороо хариуцах нь зөв үү. Хөгжлийн банкны хөрөнгөнөөс гадна ийм нэг асуултыг Ц.Гарамжав гишүүнд хаяглах нь зүй биз. Албан тушаал бүр алтын дайтай үнэтэй гэгчээр байнгын хорооны дарга ч мөн 76 дотроо өрсөлдөөнтэй, өнгө мөнгөтэй.

Тиймээс л жилийн 1394174.63 мянган төгрөгийн орлоготой хатагтай Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын суудлыг эзэгнэнхэн суугаа хэрэг. Уул уурхайтай насаараа нөхөрлөж, газар сэндийчиж, халаасаа түнтийлгэдэг түүнд ашиг сонирхлын зөрчил хэмээх аман уншлага огтхон ч падлийгүй. Ганц энэ асуудал дээр ч ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх Засгийн газрын журамд өөрийнхөө компанийг түлхүүрдэж дөнгөсөн л хатагтай шүү дээ. Эдийн засаг эмзэгхэн, иргэдийн амьжиргаа ядруухан байхад эрхэм гишүүн “Монцемент билдинг материалс” ХХК-ийн 710 гадаад ажилтнаа ажлын байрны төлбөрөөс чөлөөлж, хэдэн тэрбум төгрөгийг улсад бус хувьдаа халааслаад үлдсэн юм даг. 76 дотроо хөрөнгөөрөө тэргүүлж, өмчлөлөөрөө гайхуулдаг мань түшээд өнөөгийн эрх баригчид нам харгалзахгүй сөгдөдгийн тод жишээ энэ мэтээр үргэлжилнэ.

Байнгын хороо нь УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төсөл болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар, түүнчлэн УИХ-ын хянан шалгах чиг үүрэгтэй холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргах эрхтэй. Мөн УИХ-ын даалгаснаар, эсхүл өөрийн санаачилгаар Засгийн газарт санал оруулах, хууль, УИХ-ын бусад шийдвэр биелүүлэхийг шаардах эрхийг ч эдэлдэг байна. Түүнчлэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлт, парламентад ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, Засгийн газар, түүний гишүүн, УИХ-аас байгуулдаг бусад байгууллага, тэдгээрийн удирдлагын тайлан, мэдээллийг сонсож хэлэлцэх, тэднийг томилох, сонгох, чөлөөлөх, огцруулах тухай санал, дүгнэлт гаргах, чуулганаар хэлэлцэх асуудлаар болон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, санал, дүгнэлт зэрэг баримт материалыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, тэдний мэдээллийг сонсох, парламентын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор дагнасан болон холимог бүрэлдэхүүнтэй шалгалтын ажлын хэсэг байгуулж ажиллуулах, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын гаргасан эрх зүйн актыг хянаж, хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авах эрхүүдийг эдлэнэ. Магадгүй зарим сайдаас ч давуу эрхийг байнгын хороон дарга эдлэдэг гэсэн үг.

Юутай ч Ц.Гарамжав Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын хувиар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны зүгээс оруулж ирсэн хууль тогтоомжид хүссэнээрээ гар хүрэх “боломж”-той. Түүний толгойлж буй байнгын хороогоор дээрх хоёр яамны бодлого заавал дамждаг хуультай. Иймээс өөрийнх нь компанитай холбоотой бодлого, шийдвэрийн асуудлыг тэр хүссэнээрээ өөрчлөн, засварлах боломжтой ч гэж хардаж болохуйц. Үүнийг батлах шиг Заамарыг займар болгожбайхад холбогдох яам үг ч дуугарах эрхгүй мэт гөлөлзөж сууна. Гүний болоод хөрсний усаар тоглогч Монполиметийн драгуудын балаг ундны усанд заналхийлж буй эсэх нь ашиг сонирхлын зөрчлийн хууль түүнд үйлчилдэггүйтэй агаар нэг. Өвөр нь түнтийж байвал хууль нь гууль болно уу, ус нь шалбааг болно уу, улсын хөрөнгө хувхайж цайна уу энэ бүхэн Ц.Гарамжав гишүүнд падлийгүй бололтой. 

 

Д.Дорж

power.mn