УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааны алдагдлын шалтгааныг тогтоосон билээ. Энэ шалгалтын үеэр хэд хэдэн улстөрчийн эзэмшдэг компани Монголбанкны алдагдалд буруутай гэх маш нууц баримт ил болсон байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын “Монполимет” ХХК  2003 онд Монголбанкинд 183 кг алт тушааж, түүний захиалгаар алтны арилжааг олон улсын санхүүгийн зах зээл дээр 2003 оны 9-р сараас гүйцэтгэж эхэлжээ. 2006 оны 11-р сар хүртэл нийт 10 арилжаа хийсэн бөгөөд 2007.04.12-ны өдрийн Монголбанкны ерөнхийлөгчийн 172 тоот тушаалаар компаниудын захиалгаар хийдэг арилжааг зогсоосон байна.
2006 болон 2017.12.31-ний байдлаар арилжаагаар үүссэн өглөг, авлагыг баталгаажуулах тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж, тэргүүн ээлжинд авсан премимумын төлбөрийг барагдуулах хуваарь гаргаж ажилласны дагуу 2008 оны 11-р сард 151.658 ам.доллар, 2010 онд 7500 ам.долларыг тус тус хийсэн.

Арилжааны банкинд их хэмжээний зээлтэй тул зээлийн төлбөрийн хажуугаар Монголбанкинд төлбөр хийх хүндрэлтэй байгаа, өглөг авлага зөвхөн арилжаанаас үүссэн тул төлбөрийн арилжааг цааш үргэлжлүүлэн хийх замаар төлж барагдуулах саналыг манай талд удаа дараа тавьж ирсэн.

Монголбанкнаас 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан гаргасан бөгөөд 2016.06.30-ны өдрийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны А/302 тоот тушаалын нэг дэх заалтад “”Монголбанкны тайлан тэнцэлд бүртгэлтэй “Монполмет” ХХК-иас авах авлагыг БОЛЗОШГҮЙ АЛДАГДЛЫН НӨӨЦ САНГААС ХААЖ, ТЭНЦЛИЙН ГАДУУР БҮРТГЭХ ГҮЙЛГЭЭ ХИЙХИЙГ үүрэг болгосон байна” гэжээ.

Дүгнэлтэд дурдсанаар, Монголбанкны ажлын хэсэг “Монполимет” ХХК-ийн захирал Ц.Гарамжавтай /2008.01.9/ 2007 он дуустал хугацаанд үүссэн тооцоо нийлэх актад гарын үсэг зурсан байна. Тооцоо нийлэх актад “Монполимет” ХХК-ийн Монголбанкинд төлөх өрийг 882 сая 768 мянган төгрөг, 4 сая 256 мянга 689 ам.доллар гэж дурдаж өгсөн аж.
Ингэхдээ “Монполимет” ХХК-ийн захирал Ц.Гарамжав Монголбанкнаас гэрээний премиумд олгосон 839.568 ам.долларыг авлагад оруулж, буцаан төлөхөөр зөвшөөрчээ. Энэ дагуу Монголбанк, “Монполимет” ХХК хооронд “Өр барагдуулах гэрээ” байгуулагдсан /2008.09.17/ байна. Гэрээний хүрээнд “Монполимет” ХХК 285.888.10 ам.долларыг Монголбанкинд шилжүүлжээ. Үүгээр төлбөр үндсэндээ зогссон байна.

Асуудал ингэж даамжирч, Захиргааны хэргийн шүүх дээр очсон ч “Нөхөн хэлэлцэх хугацаа дууссан” хэмээн буцаажээ. Эцэстээ Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар “Монполимет” ХХК-ийн төлбөл зохих 882 сая 768 мянган төгрөг, 3 сая 970 мянган ам.долларыг тус банкны эрсдэлийн сангаас хаасан байна. Өрийг ингэж хаахдаа тэнцлийн гадуур бүртгэх гүйлгээ хийснээр асуудал “Монполимет”-д цэвэр ашигтай байдлаар төгсчээ.

Монголбанкны активын ангилал, болзошгүй алдагдлын нөөц сан байгуулах, зарцуулах журмын 3.3.4-т зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн авлагыг эрсдэлийн сангаас хаахыг зөвшөөрдөг. Тийм байтал анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэн, “найдваргүй авлага” гэж үзэж, төлөлтийг эрсдэлийн сангаас хийсэн нь анхаарал татна.

Тиймээс ч анхан шатны шүүхийн шийдвэрээр 882 сая төгрөг, 3 сая 970 мянган ам.долларын өрөө Монголбанкны эрсдэлийн сангаар хаалгаж амжаад байсан Ц.Гарамжав гишүүн сандарч, УИХ-ын дарга М.Энхболдод хандаж, мэдээллийг олонд ил гарахаас нь өмнө нам дарах арга хэмжээ авсан юм билээ.

Г.Наран

zaluu.mn