Засгийн газар огцруулах асуудлыг өнөөдөр шийднэ
2017/09/07
УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах албан бичгийг 08-р сарын 24-ны өдөр өргөн барьсан. Үүний дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг зарласан. Өчигдөр УИХ-ын чуулганаар асуудлыг хэлэлцэхээр чуулган эхэлсэн ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: “Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар ямар ч шийдвэр гаргасан бай хамаагүй тагнаж чагнасан асуудлыг шалгаж өгөөрэй.” Гэсэн хүсэлт гаргасан юм. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дэмжиж завсарлага авсан юм.
Үүний дараа УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо өчигдөр 16:00 цагт хуралдах тов гарсан ч хуралдаагүй. Тусгай хяналтын дэд хороонд Сү.Батболд, Н.Энхболд, Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Я.Санжмятав нарын таван гишүүн байдаг. Хуралдаанаар тагнаж чагнасан асуудлаар мэдээлэл сонсох юм. Гэвч дэд хороо хуралдаагүй шалтгаан нь тодорхойгүй байгаа юм.
Уг нь тус хорооны хуралдааны дараа чуулган орох байв. Гэвч дэд хорооны хуралдааныг хүлээсээр ажлын цаг дууссан тул УИХ-ын чуулганыг өнөөдөр 10:00 цаг хүртэл хойшлуулсан. Хуралдаанаар Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулах эсэхийг өнөөдөр шийдвэрлэх болно. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.