М.Энхболдод АН-ын бүлэг анхааруулга, Т.Аюурсайхан гишүүн мэдэгдэл хүргүүлэв
2017/09/06
Өчигдөр МАН-ын бүлэг Засгийн газар огцруулах асуудалд завсарлага авсантай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэл хүргүүлсэн байна. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгээс Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх талаар шийдвэр гаргах хуулийн хугацаа дуусгавар болж байгаа. Хэрвээ хуулийн хугацаанд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын даргад хариуцлага тооцох нөхцөл үүсч болзошгүй байгааг анхааруулсан.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн албан тоотдоо “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх хуулийн хугацаа 2017 оны есдүгээр сарын 06-ны өдрөөр дуусгавар болж байхад УИХ-ын нэр бүхий 30 гишүүний өргөн барьсан саналд огт дурьдагдаагүй буюу “Шадар сайдыг тагнаж чагнасан” асуудлыг Бүлгийн нэгдсэн шийдвэрээр бус Бүлгийн саналын дагуу Аюулгүй байдлын байнгын хороо болон Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэхээр завсарлага өгсөн Таны үйлдэл нь Монгол Улсын Их хурлын чуулганы Дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг шууд зөрчсөн үйлдэл боллоо” гэжээ.