Ерөнхийлөгч Х.Баттулга: Тавантолгойн нүүрсийг дэлхийн үнэ цэн рүү ойртуулах боломжийг харлаа
2017/09/07
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол, Оросын бизнес форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлжээ. Уг арга хэмжээ ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болж байгаа юм. Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ОХУ-ын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Левитин, тус улсын Байгалийн нөөц, экологийн сайд С.Донской, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.Азизов, Оросын төмөр замууд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.Белозёров нарын албаны хүмүүс болон хоёр улсын бизнес эрхлэгчдийн 150 гаруй төлөөлөл оролцов.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус форумын нээлтэд “Бизнесийн энэ чуулга уулзалт нь Монгол Улс, ОХУ хоорондын харилцааг сэргээн өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж бид үзэж байна. Монгол Улсын хувийн хэвшил өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлэн, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь болоод байгаа юм. Эдийн засгийн бүхий л салбарт бид гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, манай улсын татварын хувь хэмжээ Ази, Номхон далайн бусад орнуудын татварын хувь хэмжээтэй харьцуулахад хамгийн бага түвшинтэйд орж байна. Тухайлбал, гаалийн татвар 5 хувь, НӨАТ 10 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10 болон 25 гэсэн шатлалтайгаар явж байна...
Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийг ОХУ-тай хамтарч байгуулж, Монголд зэс баяжуулах үйлдвэр барьсныг бид мэднэ. Энд судалгааг зөв хийж, боловсон хүчнийг цогцоор нь бэлтгэснээр одоо хүртэл Монгол Улсын эдийн засагт ашиг тусаа өгсөөр байгаа юм. Үүнтэй адилханаар Монголын говьд, Дорноговь аймгийн төв Сайншандад Эрдэнэттэй тэнцэхүйц аж ахуй байгуулъя гэсэн ирмүүн хүслээр их хэмжээний судалгаа хийснээсээ бас танилцуулъя гэсэн бодолтой байна. Энэ юу вэ гэхээр уул уурхайн бүтээгдэхүүнээ бид түүхийгээр нь экспортолдог биш, тодорхой хэмжээгээр боловсруулдаг арвин туршлагаа Эрдэнэттэй зүйрлэж барьж байгуулъя гэсэн санаа дэвшүүлж байгаа юм. Монгол Улс нүүдлийн мал аж ахуй бүхий ХАА-н том салбартай. 70 гаруй сая толгой малтай болсон. Жилд 10-15 сая ширхэг арьс ширийг гадагш нь нэмүү өртөг шингээлгүйгээр экспортолж байгаа. Үүнийг боловсруулдаг болбол малчдын амьдрал, ХАА-н салбарт маш их өгөөжтэй салбарыг бий болгоно гэж нэлээд судалгаа хийсэн. ХАА-н салбараа бид сүүлийн 20-иод жилд нэлээд орхигдуулсан. Энэ салбарт нэлээд анхаарч ажиллана гэдэг саналыг форумд оролцогчид, бизнес эрхлэгчдэд дэвшүүлж байна. Саяхан бид “Восточный” боомтод очоод ирлээ. Тэр боомтод Монгол Улсын нүүрсийг Зүүн Азид нийлүүлэх боломж байгааг харлаа. Тэнд Монголоос хол оршдог Хакасын нүүрсийг 8000 гаруй км тээвэрлэж авч ирээд зарж байна гэдэг бол Монгол Улсын Тавантолгойн сайн чанарын нүүрсийг төмөр замаар дамжуулж борлуулах боломж байгааг харуулж байна. Дэлхийн үнэ цэн рүү ойртуулах боломжийг өөрийн нүдээр төлөөлөгчдийн хамт очиж харлаа. Уул уурхайн бүтээгдэхүүнийг далайд гаргахын тулд бидэнд дэд бүтэц хэрэгтэй. УИХ-аар 2010 онд 5000 орчим км төмөр зам бүтээн байгуулах төсөл оруулж батлуулсан. Үүний Тавантолгойгоос Сайншанд хүртэлх эхний хэсгийн 458 км төмөр замын ажлыг ирэх жилээс бид эхлэх талаар ОХУ-ын Тээврийн сайд М.Ю Соколовт танилцуулсан. Үүнийг нэлээд найрсгаар хүлээж авлаа. Энэ 5000 км төмөр зам дээр хөндлөн буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон гурван транзит тээврийн төслийг танилцуулж байгаа. Үүн дээр Дэд бүтэц гэсэн том төсөл байгаа. Энэ төслийг хоёр хөрштэйгээ хамтарч хэрэгжүүлье гэдгийг Владивостокийн уулзалтын үеэр та бүхэнд танилцуулахад таатай байна.
2017 оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс, ОХУ-ын худалдааны эргэлт 705.3 сая ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46.8 хувь өссөн таатай мэдээ байна. Үүний дотор ОХУ-д гаргасан манай экспорт 33.4 сая ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.5 хувь, ОХУ-аас импортолсон бараа, бүтээгдэхүүн 671.9 сая ам.доллар буюу 49.5 хувиар тус тус өссөн байна. Хэдийгээр өссөн дүн харагдаж байгаа ч 4000 орчим км хуурай газраар хиллэдэг хоёр орны хувьд чамлалттай байгаа. Үүнийг өргөжүүлж, бүс нутаг хоорондын харилцааг дэмжиж ажиллах хэрэгтэйг энэ статистик тоо харуулж байна. ОХУ-тай хийх худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгахын тулд ЕвроАзийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг бас дэвшүүлсэн. Ойрын үед ЕвроАзийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд манай саналыг хүлээн авч нааштай шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорыг байгуулах нь Алс Дорнодын энэ бүс нутгийн хөгжил, дэд бүтцийн орчинг сайжруулахад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол, Оросын үйлдвэрлэгчид, экспортлогчид, бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг таниулах, бизнесийн холбоо тогтоох, гэрээ хэлэлцээ байгуулах боломжийг эрэлхийлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ чуулга уулзалт улам бүр хүрээгээ тэлж Ази, Номхон далайн асар уудам орон зай дахь бизнесийн тоглогчдын чуулга уулзалт болох ирээдүй харагдаж байна.” хэмээсэн байна.
В.Путинтай уулзана
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний түвшний уулзалтаа гуравдагч хөрш Японоос эхэлүүлсэн. Тухайлбал, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өчигдөр бараалхсан байна. Энэ үеэр Шинзо Абэ "Х.Баттулга таныг Монгол Улсын Ерөнхийлөгч болсонд туйлын баяртай байна. Монгол Улсыг дипломат харилцааны чухал түнш гэж үзэж байна. Иймээс цаашид тантай дахин уулзаж хамтарч ажиллахдаа таатай байх болно" гэжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга дараагийн уулзалтаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хийсэн бөгөөд өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах юм.
zochin · 2017/09/07
ta nar hereldeed hereggui shde zarj chadahgui tumur zamch tavidahgui zugeer l hiine gej mungiig ni l ideh gej bgn shde bidend padliichgui yum da
Chiniiheer bol Hytadruu zugeer gargasaar baih yum baina l daa chi mun hutsdag nohoi yum daa iim nohoi manai hotond zohihguio buudsan deer · 2017/09/07
Unen
tt · 2017/09/07
tavan tolgoi ingeed nohoin zamaar orloodoo. teneg gehed dendyy teneg yum bolloo
Зочин · 2017/09/07
Ерөнхийлөгчдөө амжилт хүсий