Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар огцрохтой зэрэгцэн дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг асуулт анхаарлын төвд орж ирлээ. Олон нийтийн дунд Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хөшигний ардаас амжилттай удирдсан Шадар сайд У.Хүрэлсүхийг 30 дахь Ерөнхий сайд болох болов уу гэдэг хүлээлт өндөр байгаа. Гэсэн хэдий ч Засгийн газраа огцруулсан У.Хүрэлсүхийг “Хотын фракц”-ын 30 гаруй гишүүд Ерөнхий сайдад дэмжихгүй гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна.

Харин дараагийн Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхээс илүүтэй УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн нэр энэ цаг үед МАН-ын бүлгийн гишүүдийн дунд хүчтэй яригдаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв. Түүний тухайд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроо УИХ-ын дарга М.Энхболдтой өрсөлдөөд ялагдаж байсан. Улстөр судлаачдын зүгээс Ц.Нямдорж өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдын оронд нэр дэвшин өрсөлдсөн бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг илт давуу саналаар ялахаар байсан гэх нэг бус дүгнэлтийг гаргасан. Энэ утгаар нь харвал түүнийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшээд гараад ирвэл олон нийт гайхаж хүлээж авахгүй нь тодорхой байгаа юм.



Х.Онон

http://www.zuv.mn