Сүнсний түүх (Өгүүллэг)
2017/09/10
Би Бродвейгээс хол, намайг ирэх хүртэл олон жил эзгүй байсан, хуучны түүх өгүүлэх том барилгын нэгэн сэлүүхэн өрөөг авлаа. Өрөө маань тоос шороондоо дарагдаж, аалзны шүлсээр торлогдсон, нэг л ганцаардмал, цаанаа л анир чимээгүй ноёлсон газар байв. Надад яг л булшин дундуур тэмтчин үхэгсдийн нууцад халдаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн ч эхний шөнөө л би дээшээ гарч үзлээ. Амьдралдаа анх удаагаа мухар сүсэгт эзэмдүүлсэн би өөрөө шатны нэг бараан өнцөг болчихсон ч юм шиг, аалзны сүлжсэн эргүүлэг бүхий торон шүлс нүүрэн дээр минь наалдах бүрийд яг л сүнстэй нүүр тулсан мэт дагжин чичирч байв. Энд тэндгүй үүссэн хөгц, түнэр харанхуйгаас холдож өрөөндөө орж ирсэндээ би үнэхээр их баяртай байлаа. Задгай зуухныхаа өмнө очоод гал дүрэлзэн асахыг тухтай гэгч нь харж суунгаа өнгөрсөн үеийн зарим нэгэн зүйлээ эргэн харж, тухайн үеийн мананд төөрсөн зарим нэгний хагас танил төрхийг нэхэн санаж, хамгийн сонирхолтой нь бүх л цаг үеийн туршид чимээгүй байсан нэгэн хоолойг сонссоор хоёр цаг болчихсон байв. Тэр дуу хоолой одоо хэн ч дуулахаа больсон нэг л танил дотно дууг аялан байлаа. Гадаа шуугин исгэрч байсан салхи намдасхийж, зөөлөн яриа ч сонсогдохооргүй цонх товшин асгарч байсан бороо аажуухан шиврээ болж, гудамжны шуугиан багассаар, гэрийнхээ зүг яарах хэн нэгний хөлийн чимээ алсран нам гүм айсуйд сэтгэл минь уйтай ч урам зоригийн оч гялсхийнэ.
Гал унтрах дөхмөгц ганцаардал намайг эзэмдлээ. Босож хувцсаа тайлаад үхэлд хүргэх шөнийн дайснууд намайг хүрээлвэл юу хийх байсан бол гэж бодож үзээд өлмий дээрээ алхсаар өрөөндөө орж ирэв. Орондоо орж, хөнжлөө нөмрөөд бороо, салхи, алсаас сонсогдох бүдэг бадаг хяхтнаан зэргийг сонсон хэвтэж, унтах хүртлээ тэдгээр чимээгээр бүүвэйлэгдлээ.
Хэр удаан гэдгийг мэдэхгүй ч маш их унтсан байв. Сая л нэг юм сэрсэн би гэдэг хүн дотор жихүүцэм догдлолоор дүүрэн байгаагаа мэдэрлээ. Бүх юм байр байрандаа, бүгд хэвээрээ. Гэвч миний зүрх нэг л өөр. Зүрхнийхээ цохилтыг чагнах мөчид хэн нэгэн орны цагаан хэрэглэлээс чангаах мэт даавуу орны хөл рүү урсаж эхэллээ. Би хөдөлж ч чадахгүй, дуугарч ч чадахгүй байв. Биеэ бүхэлд нь хучсан байсан хөнжил маань зориудаар ч гэмээр их л хол унахад ер бусын их хүч гарган унасан хэрэглэлээ түүж аваад хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрлөө. Тэгээд хүлээлээ, чимээ чагналаа, ахин хүлээлээ. Даавуу дахин нэг удаа сэмхэн татагдсаар цээжин бие маань нүцгэрэх хүртэл би ямар ч хөдөлгөөнгүй зуун хором хэртэй хэвтэв. Эцэст нь би хамаг хүчээрээ хөнжил, бүтээлэг, даавуу гээд бүгдийг нь угз татан аваад, чанга гэгч нь атгаж бариад юу болохыг хүлээлээ. Дахиад л бага багаар татагдаж, би ч ахиулж зууран барьсан ч нөгөө таталт улам л хүчтэй болж, бүр угзарч эхлэв. Миний зууран барьж байсан хөнжил гурав дахиа газарт шидэгдэхэд би гасаллаа. Өөр нэг гасалсан хариу орны хөл хавиас дуулдах нь тэр. Сувдан дусал мэт хөлс духан дээр минь бөнжигнөж, би амьд эсэхээ ч үл мэдрэн байтал өрөөнд маань зааны гэлтэй хүнд даацын хөлийн чимээ надтай ойрхон байгаа нь тодоос тод сонсогдов. Яавч тэр хүнийх биш байлаа. Тэр чимээ хаалга руу дөхөх нь сонсогдсон боловч цоож, түгжээг онгойлголгүй шууд л өнгөрч, бүрэнхий хонгилд сарниж одлоо. Шал, ялуу хоёр нийлэн хяхтнах мэт чимээ гарсанаа дахин анир чимээгүй ноёлов.
Сэтгэл минь арай гэж тайвшрахад би өөртөө "Энэ бол зүүд. Зүгээр л хар дарсан зүүд" гэж хэлээд болсон явдлыг зүүд байсан гэж өөртөө итгүүлэх хүртлээ энэ тухай бодож хэвтлээ. Азаар тайтгарлын мишээл нүүрэнд минь тодорч, эргээд жаргалтай болов. Орноосоо босож, гэрэл асаагаад хаалганы цоож цуурга миний орхисон яг тэр хэвээр байхыг хараад сэтгэл баясан дотор уужирч, уруул минь өөрийн эрхгүй мушилзаад авав. Гаансаа авч асаагаад зуухныхаа урд сууя уу гэтэл гар минь суларч гаансаа алдаад, царай минь хувхай цайж, амьсгаа минь түргэсч эхэллээ. Задгай зуухны үнсэн дээр миний хөлийн мөрний дэргэд дахин нэг мөр зэрэгцэн байсан нь минийхтэй харьцуулахад хариугүй жижиг байлаа. Түүнээс үзвэл зочин ирсэн бололтой, заан алхааны учир ч тайлагдав.
Гэрлээ унтрааж, орондоо буцаад орсон боловч айдаст автан чичирч, түнэр харанхуйд удаан хэвтэхдээ чих тавин чимээ чагнаж байтал нэг хүнд биеийг шалан дээгүүр чирч байгаа юм шиг хахирган чимээ толгой дээр минь гарахыг сонсов. Тэгсэнээ нөгөө зүйл чинь доош шидэгдэж, тэрийг нь нотлох гэсэн мэт цонх хүчтэй доргилоо. Барилгаас холгүй хаалганууд аяархан хаагдах чимээ, хэн нэгэн хонгилд сэмхэн алхлан шатаар өгсөж, уруудах хөлийн чимээ сонсогдож байв. Заримдаа нөгөө чимээ хаалганд дөхөж ирсэнээ эргэлзсэн бололтой эргээд алхах юм. Би хяхтнах чимээ аяар гарахыг, тэр чимээ алсаас алгуурхан ойртон ирж буйг сонслоо. Шатаар дээш өгсөж байгаа нь гэрийн буг хаа нэг тийшээ яаралгүй дэмий л хөлөө зөөн урагшлах мэт алхам бүр нь нэг л удаан, алхаж ядан байв. Амьсгал нь боогдсон хүн амаа хагас нээлттэй хашгирч байгаа юм шиг, үл үзэгдэх хувцастны исгэрээн, үл үзэгдэх далавчтаны дэвэлт мэт бувтнасан хэдэн үг сонсоод сая нэг юм ухаан орж, өрөөндөө ганцаар биш байгаагаа ойлголоо.
Орны дэргэд хэн нэгний гүнзгий санаа алдалтаас гадна нууцлаг шивнээ сонсогдоно. Бүдэгхэн гэрэлтэй бөөрөнхий гурван зүйл таазан дээр үзэгдэж, тодрон тодорсоор хага үсрэхэд хоёр нь нүүрэн дээр, нөгөө нэг нь дэрэн дээр уналаа. Тэр гэрлүүд усан шингэн, бас дулаан байх нь мэдрэгдэнэ. Зөн совин минь надад тэр хагарлын дуслуудыг цус байх гэж хэллээ. Үүнийг мэдэхэд надад гэрэл хэрэг болсонгүй. Дараа нь агаарт цонхигор царай сул авиа гарган, цав цагаан гар урагш сунасан байдалтай биегүй хөвж байх нь хэсэгхэн зуур харагдаад алга болчихов. Нөгөө шивнээ, дуу хоолой, элдэв чимээ ч намжлаа. Би чих тавин хүлээх зуураа гэрлээ асаах хэрэгтэй, эсвэл үхнэ гэдгээ мэдэрч байсан ч айдсаасаа болоод бүр сульджээ. Алгуурхан өндийж суутал миний нүүр цэв хүйтэн гартай туллаа. Хамаг хүч чадал үгүй болж, бие минь ямар нэг хүчинд автсан мэт санагдав. Удалгүй би нөмрөгийн чимээ сонслоо. Тэр өрөөнөөс гарч байгаа бололтой хаалга руу дөхөх нь сонсогдов.
Бүх зүйл дахин нэг удаа эргэн, хэвэндээ ороход би орноосоо сэмээрхэн бослоо. Сульдсан байгаагаа мэдэрч, хэдэн зуун насыг элээсэн хүн шиг чичирч салганасан гараар дэнлүү асаав. Гэрлийн ачаар оюун бодолд минь багахан ч болов баяр баясал гийлээ. Болсон явдлын ул мөр болон үнсэн дээр үлдсэн хөлийн мөрийг харж суутал гэрлийн дөл аажмаар бөхөж, өнөөх мөр алгуурханаар бүдгэрч замхран арилахыг хальтхан харлаа. Энэ мөчид би дахиад л нөгөө заан алхааг сонсов. Муудсан ханыг даган улам бүр бүдгэрч байгаа гэрлийн дундуур нөгөө чимээ ойртсоор, ойртсоор л байлаа. Тэр чимээ яг хаалганы өмнө ирэн зогстол гэрэл бүүдгэр хөх өнгөтэй болж, би бүхлээрээ хий үзэгдлийн бүрэнхийд уусан байв. Хаалга нээгдээгүй хэдий ч хацар луу минь зөөлнөөр хүйтэн үлээж байгаа нь мэдрэгдэж, зэгэл саарал ямар нэгэн зүйл өмнө минь зогсоог би мэдэрлээ. Би түүнийг үнэхээр гайхаш тасран харлаа. Бүхэлдээ цайвардуу өнгийн нэг зүйл байх шиг байснаа аажмаар үүлэн атираа бий болж гар, хөл, бие гээд хамгийн сүүлд ууран дундаас гунигтай царай харагдан дүрсжиж эхэллээ. Тэрбээр хагас нүцгэн, булчинлаг, дур булаам нэгэн байв. Өмнө минь сүр жавхлант, үлэмж биет Кардифф зогсож байлаа.
Тийм энхрий, зөөлөн царайг харсан хүүхэд хүртэл ямар ч муу зүйл болохгүйг мэдэж болохоор байсан тул миний бүх айдас түгшүүр ор мөргүй арилав. Баяр баясгалант ухаан бодол минь эргэн ирж, хийн гэрэл маань дахин гийлээ. Ганцаардан хаягдсан түүнийг урихаар хэзээ ч, хэн ч над шиг тийм нөхөрсгөөр мэндчилэхгүй байсан байх. Би түүнд "Яагаад энд өөр хэн нэгэн биш, харин та байгаа юм бэ? Сүүлийн хоёр, гурван цагийн турш би өөрийгөө үхэх нь гэж хичнээн их айсныг та мэдэх үү? Би тантай уулзсандаа маш их баяртай байна. Том сандал байсан ч болоосой. Энд, бас энд суух гээд дэмий л байх" гэж хэлсэн ч хэтэрхий оройтсон байв. Түүнийг болиулахаас өмнө тэр аль хэдийнэ доошилж байлаа. Тэгж их доргиж байгаа сандлыг би амьдралдаа үзээгүй болохоор "Боль, болиоч дээ. Чи эвдэлчихнэ шүү дээ, сүнс ээ" гэсэн ч ахиад л хэтэрхий оройтсон байв. Яг хэлснээр минь болсон ч тэр дахин нэг сандал дээр суухаар зэхэж эхлэхэд нь "Наадахаа сүйдэл. Танд ер нь энэ бүхний талаар бодох ухаан байна уу? Та энд байгаа бүх тавилгыг эвдэхийг хүсээ юу? Энд ээ, энд суу муу чулуужсан тэнэг минь" гэсэн ч нэмэргүй байлаа. Түүнийг болиулахаас өмнө орон дээр минь суугаад бас нэг бухимдмаар сүйрэл болоодхов.
"За, одоо яавал зүгээр вэ? Юун түрүүнд та энэ хэрэггүй зүйлсээр дүүрэн газар намайг үхэх нь гэж айлгасан золбин гэрийн бугнуудтай хамт ирсэн. Дараа нь би театраас өөр хаана ч өмсдөггүй болов уу гэмээр, бас таны ямар хүйстэйг мэдэж болохуйц хайш яаш хувцсыг харсан. Мөн та суух газар олох гээд тавилгуудыг маань доргион, эвдэлж сүйдлэн надад хор хохирол учруулсан болохоор үнийг нь буцаан төлөх хэрэгтэй. Та гол баганыг сүйдэлсэн, бас наад гуянаас чинь унах хэлтэрхийнүүд шалыг маань гантиган хашаа шиг л харагдуулж байна. Та өөрөөсөө ичих хэрэгтэй. Таныг хангалттай мэдэхэд та хэтэрхий том юм аа" гэвэл "За, за. Би дахиад нэг ч тавилга эвдэхгүй ээ. Гэхдээ би яах ёстой юм бэ? Надад түр ч болов суух боломж олдохгүй байна шүү дээ" гээд нүдэнд нь нулимс цийлэгнэлээ.
"Хөөрхий, сүнс минь дээ. Би тантай ийм муухай харьцах хэрэггүй байж. Тэгээд ч та эргэлзээгүй орь ганцаар нэгэн байна. Ядаж та энд, шалан дээр суу л даа. Үгүй бол таныг даах ямар ч юм байхгүй. Мөн таныг тэр дээр байгаад байхаар чинь би тантай найрсаг харилцаж чадахгүй байна. Би таныг жаахан доошоо болоод, хэтэрхий их зүйлтэй ч танд л суух юм олдохгүй байгаа энэ өрөөнд сууж болох хамгийн боломжит хувилбарыг санал болгоод, нүүр нүүрээ харж байгаад хөөрөлдмөөр байна шүү дээ" гэхэд тэр шалан дээр суун түүнд өгсөн гаансыг асааж, мөрөн дээгүүрээ миний нэг улаан хөнжлийг тохоод, усанд ордог түмпэнг маань толгой дээрээ хөмөрсөн байгаа нь түүнийг бас ч үгүй загварлаг дуулга өмссөн мэт харагдуулж, өөрөө ч арай өнгөлөг бас тухтай болоод ирлээ. Намайг гал нэмэх үеэр тэр хоёр шагайгаа солбин тавьж, хөлөө дулаацуулахад үргэлж нааш цааш холхиж байдаг ул нь энд тэндээ нүхтэй байх нь харагдав.
- Наад хоёр хөлийн чинь ул яачихсан юм бэ? Хэн ингээв?
- Тамын үлээгчид. Ньювэллийн фермийн тэнд хоног төөрүүлдэг байх үедээ толгой тавих хэсгээ цэвэрлэхийн тулд би өөрөө авчихсан юм аа. Тэгээд ийм нүхтэй бас сийгдэг болчихсон. Харин энэ газар надад таалагддаг. Энэ барилгад би хөгшин эр өөрийн гэрт хамгийн дуртай байдгийн адилаар дуртай. Одоо энд мэдэрч байгаа шиг ийм амар амгалан тэнд хэзээ ч байгаагүй.
Бид хагас цаг гаран ярилцлаа. Ядарсан байна даа гэж анзаарах үеэр тэр ч "Ядарч байна уу?" гэж хэлээд "Ер нь ядарч л байгаа байх. Чи намайг сайн тэнхрүүлсний дараа чамд бүх зүйлийн талаар ярьж өгнө өө. Би уг нь гудамжны эсрэг талын музейд байдаг чулуужсан хүн, үлэмж биет Кардиффын сүнс. Энэ биеийг олох хүртэл би амарч амгалан байдлыг мэдэрч ч чаддаггүй байлаа. Миний хийж чадах хамгийн энгийн зүйл юу вэ гэвэл хүмүүсийг оруулж ирж айлгах, барилгыг эзлээд тэндээ хэвтэх юм л даа. Тиймээс би музейн шөнийн хий үзэгдэл болсон. Надад туслах өөр сүнснүүд ч байдаг. Гэхдээ сайн юм болоогүй ээ. Музейд хэн ч шөнө дунд ирдэггүй юм. Тийм болохоор надад өөр газар хэрэгтэй болж, бага багаар эндхийн хий үзэгдэл болсон гэх үү дээ.
Хэдийгээр ийм зүйлийг хэн нэгэн заавал залгамжлах ёстой гэж сонсоогүй ч би өөрийгөө хамгийн шилдэг нэгэн гэж мэдэрч байсан юм. Чамд үнэнээ хэлэх хүртэл бид энэ газрын ялзарч муудсан ханыг чичиргэж, гинж чирч, ёолж, шивнэж, шатаар өгсөж, урууддаг байлаа. Би ч бараг найдлага тасраад байсан шүү. Харин шөнө өрөөнд чинь гэрэл асахыг хараад хамаг л хүчээ шавхан байж чиний өрөө рүү очин хүйтэн амьсгалаар үлээсэн ч би ядарсан, бүхэлдээ тамирдсан. Тиймээс чамаас гуйж байна, надад жаахан найдвар өгөөч” гэхэд нь би сэтгэл хөдлөлийн галаа унтраагаад түүн рүү ийнхүү хашгирлаа:
- Хэтэрч байна шүү. Тохиолдсон бүхнийг бодохоор арай л хэтэрч байна. Хөөрхий хуучирсан, чулуужсан амьтан. Чамд ийм зүйл тохиолдох ёсгүй байсан юм. Чи өөрөө яагаад энэ хариугүй байшингийн хий үзэгдэл болсон юм бэ? Жинхэнэ үлэмж биет Кардифф Албанид байгаа шүү дээ. /Баримт-Хамгийн анхны хуурамч дууриамал нь ихээхэн ур дүйтэй хийгдсэн бөгөөд Нью-Йорк дахь үзэсгэлэнгийн үеэр "цор ганц жинхэнэ" үлэмж биет Кардифф нэртэйгээр тавигдах үед Албани дахь музейд олон хүн сүүлийн хэсгийг нь урлаж байсан юм/ Ичээч дээ. Чи өөрийнхөө цогцосны тухай мэддэггүй хэрэг үү?
Би лав өмнө нь тэгж ихээр ичиж, гомдолтой доромжлолыг мэдэрсэн хөөрхий төрхийг харж байсан удаагүй.
Чулуужсан хүн хөл дээрээ алгуурхнаар босож зогсоод:
- Энэ үнэхээр үнэн гэж үү? гэхэд нь,
- Миний энд сууж байгаа шиг л үнэн гээд хэлчихэв.
Тэр амандаа зуусан гаансаа авч зуухан дээр тавиад хэсэг тээнэгэлзэн зогссоноо /ухаан нь балартсан, хуучин зуршил нь бололтой өмднийхөө халаасанд гараа шургуулж, бодлогоширсон байдалтай эрүүгээ цээж рүүгээ ойртуулав/ арайхийж нэг юм ам нээн:
- Би өмнө нь хэзээ ч ийм утгагүй байдлыг мэдэрч байсангүй. Чулуужсан хүнийг хэн ч худалдаалж, худалдаж авч болно гэж үү? Тийм бол хамгийн сүүлийн луйврыг би өөрөө хийх болно. Хүү минь, сайн зүйл хийж байна гээд хэлтэл над шиг хөөрхийлөлтэй сүнсийг ингэж зовоох үг сэтгэлд чинь ахин үлдсэн бол битгий хэлээрэй. Хэрэв чамд тийм зүйл тохиолдсон бол чи юу мэдрэх байснаа сайн бод гэлээ.
Тэгээд сүр жавхлант тэнүүлч маань өрөөнөөс гарч шатаар уруудаад эзгүй гудамжинд гарахыг сонсохдоо би түүнийг гомдоосондоо гэмшиж байлаа, хөөрхий залуу. Тэр миний улаан хөнжил, усанд ордог түмпэнг аваад явчихсанд бүр ч ихээр гуниглаж орхив.
Марк Твэн
Эх сурвалж www.wikimon.mn
Орчуулсан Ч.Болортуяа