Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт анхныхаа гадаад дахь айлчлалыг ОХУ-аас эхэллээ. Тодруулбал тэрээр ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцсон юм. Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай ганцаарчилсан уулзалт хийж, Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтын нээлтэд үг хэлж, Дорнын эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай хамт илтгэгчээр оролцон чуулганд оролцогчдын асуултад хариулсан юм.

 Үүнээс гадна “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцаж, Алс Дорнодын холбооны их сургуулийн  оюутны хотхонд байгуулж байгаа жудо бөхийн ордны барилгын үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд оролцсон билээ. Хамгийн сонирхолтой нь Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын нийгэмд хамгийн талцал дагуулсан зүйлсийн нэг болох шинэ төмөр замын асуудал дээр өөрийн олон жил ярьсан өргөн царигтай ОХУ-тай холбогдсон төмөр зам барих хувилбараас буцахгүй гэдгийг энэ үеэр батлах шиг боллоо. Тодруулбал тэрээр 9 сарын 6-нд  Монгол, Оросын бизнес форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлэхдээ: "Саяхан бид “Восточный” боомтод очоод ирлээ. Тэр боомтод Монгол Улсын нүүрсийг Зүүн Азид нийлүүлэх боломж байгааг харлаа. Тэнд Монголоос хол оршдог Хакасын нүүрсийг  8000 гаруй км тээвэрлэж авч ирээд зарж байна гэдэг бол Монгол Улсын Тавантолгойн сайн чанарын нүүрсийг төмөр замаар дамжуулж борлуулах боломж байгааг харуулж байна. Дэлхийн үнэ цэн рүү ойртуулах боломжийг өөрийн нүдээр төлөөлөгчдийн хамт очиж харлаа. Уул уурхайн бүтээгдэхүүнийг далайд гаргахын тулд бидэнд дэд бүтэц хэрэгтэй. УИХ-аар 2010 онд 5000 орчим км төмөр зам бүтээн байгуулах төсөл оруулж батлуулсан. Үүний Тавантолгойгоос Сайншанд хүртэлх эхний хэсгийн 458 км төмөр замын ажлыг ирэх жилээс бид эхлэх талаар ОХУ-ын Тээврийн сайд М.Ю Соколовт танилцуулсан. Үүнийг нэлээд найрсгаар хүлээж авлаа.

Энэ 5000 км төмөр зам дээр хөндлөн буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон 3 транзит тээврийн төслийг танилцуулж байгаа. Үүн дээр Дэд бүтэц гэсэн том төсөл байгаа. Энэ төслийг хоёр хөрштэйгээ хамтарч хэрэгжүүлье гэдгийг Владивостокийн уулзалтын үеэр та бүхэнд танилцуулахад таатай байна." хэмээсэн юм. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн царигтай хөндлөн төмөр зам барих санал бүс нутгийн түвшинд яригдаж эхэллээ.

 

Э.Мягмар

http://sonin.mn