Ерөнхийлөгчийн үг амьдрал бус цаасан дээр л хэрэгжих үү
2017/09/19
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөөд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тэрбээр ард түмнийхээ итгэлийг хүлээж, Ерөнхийлөгч болсон даруйдаа нэлээд хэдэн асуудалд нухацтай хандаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэгдсэн ч түүний үг амьдрал бус цаасандаа тамгалагдан үлдэх төлөвтэй болоод явчихлаа.
Тодруулбал, Нэг. Ерөнхийлөгч оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан билээ. Хэрэв дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн Ерөнхийлөгч мэдэгдсэн.
Харин энэхүү уриалгын 49 хоног энэ сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон ч оффшор бүсээс нэг ч хүний нэг ч төгрөг Монголын банканд орж ирсэнгүй. Ингээд асуудал таг чиг өрнөх болов.
Хоёр. Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд ялалт байгуулсан даруйдаа эл хэргийг анхааралдаа авч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн. Тиймээс ч тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 24-ний өдөр АТГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулсан байдаг. Мөн оффшорын асуудлыг хөндөх үеэрээ ч мөн энэ асуудлыг дахин сөхөж, шалгахыг үүрэгдсэн.
Гэсэн ч хоёр сонгууль дамжин яригдаж, олны анхаарлыг татаад байсан эл хэргийг хаасан гэдгийг энэ сарын 4-ний өдөр Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч, Ж.Ариунаа олон нийтэд мэдээлэв.
Тэрбээр “Шалгалтын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн” гэх чих дэлдийлгэм мэдээллийг хүргэсэн. Үүнээс хойш дуулиан тариад байсан 60 тэрбум төгрөгийн хэрэг нам жим болоод байгаа.
Гурав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээв. Уг албан бичигт “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө. Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна.
Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд хуралдуулах саналтай байна. Аль нэг намын дотод ажил, асуудлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурьдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлана уу” гэх албан бичгийг илгээсэн. Гэсэн ч энэ нь мөн л амьдралд хэрэгжихгүй нь бололтой.
24tsag.mn
зочин · 2017/09/20
баттулга ерөнхийлөгчид жулдаж байна дөө хэлж ярьж байгаа нь хувцаслаж байгаа байдал нь яавч улсын ерөнхийлөгч бишээ амласан ёсоороо ард түмнийхээ өрийг тэглэж өгөөч ээ туйлдаж байна
tuugii · 2017/09/19
https://www.youtube.com/watch?v=atJGAnWMYMU