МАН-ын залуучууд албан тушаалын төлөө хөнжилдөө орох завгүй хөлхөлдөн тэмцэл байгаа талаар УИХ-ын ахмад гишүүн Д.Лүндээжанцан нэгэнтээ  дуу алдсан байдаг. Үнэхээр ч сүүлийн өдрүүдийн улс төрийн хүрээний сэдэв албан тушаал болоод түүний эздүүд болчихоод байна. Албан тушаалын албан бус  наймаа хэн нь Ерөнхий сайд болохоос ихээхэн шалтгаалах нь дамжиггүй. Тиймээс хэн гарна, тэр нүүх зарчимаар дараагийн Засгийн газар бүрдэнэ гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд хэн ерөнхийлөн удирдах сайд болохоос хамаарч, засагт тэр үлдэнэ гэсэн таамаг ч хөвөрч мэдэх нь.   

 

 

Ерөнхий сайдад одоогоор хүчтэй яригдаж байгаа хүмүүс гэвэл мэдээж У.Хүрэлсүх, Д.Нямдорж нар. Харин сүүлийн хэд хоногоос Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нарын нэр дуулдаж эхэлсэн нь тэднийг нэлээд өндөр албан тушаал хашиж магадгүйн цондон гэлтэй. Хэрвээ тэд Ерөнхий сайдыг бардаггүй юмаа гэхэд сайдад бол зоолттой гэх эх сурвалжууд байна. Тодруулбал Ч.Хүрэлбаатарт Сангийн сайдын албан тушаалыг халаасандаа хийчихээд явж буй гэх. Харин Ерөнхий сайдаар сонгогдвол одоогийн байгаа сайдын үүрэг гүйцэтгэгчид буюу өмнөх Засгийн сайдуудаас хэд хэдэн хүнийг авч үлдэх санаархал өвөртөлж явааг үгүйсгэсэнгүй.

 

МАН-д хоёр том бүлэглэл байдгийн нэг нь М.Энхболдынх буюу хотын фракци. Тус фракцийнхан Ерөнхий сайдын энэ удаагийн сунгаанд УИХ-ын гишүүн Н.Энхболдыг сойж буй. Хоёр Энхболдуудын хувьд хоёул Төв аймгийнх. Сонгууль болох тоолонд гар гараа хөтөлцөж явдаг тэд биесээ хачин сайхан ойлгодог гэлцдэг. Нөгөөтэйгүүр намын даргын суудлаа УИХ-ын даргын суудалтай алдчих гээд байгаа  М.Энхболдын хувьд өөрийнхөө үгэнд орох хүнээ юунаас ч чухал болоод буй. Тиймдээ ч Энхболд Энхболддоо найдлага тавьчихсан сууна. Хэрвээ Н.Энхболд Ерөнхий сайд болчихвол Эрүүл мэндийн яамны сайд нь солигдохгүй байх магадлал өндөр юм. Учир нь Н.Энхболдын хүү А.Цогцэцэг сайдын охинтой гэр бүл болжээ. Өөрөөр хэлбэл худ, ураг барилдлагатай улсууд учир  “Би 30 жил эрүүл мэндийн салбарын тогоонд чанагдсан. Үүнээс сүүлийн 15 жил нь Төрийн удирдах албан тушаал хашиж ирсэн” хэмээн саймширан ярьдаг А.Цогцэцэгийн хувьд “аюул” холуур өнгөрч мэдэхээр байна.

 

Ерөнхий сайд болох магадлал өндөртэй хүмүүс  ч энэ удаагийн Засгийн газрын гишүүдээс зарим нэгийг нь авч үлдэх санаа байгаа гэнэ шүү. Гадаад харилцааны сайдын томилгоо яаж ч мэдэхээр байна. Учир нь одоогийн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайдад Ц.Нямдоржийг “балиашиглаж” байгаа сурагтай.  Тиймээс хэрэвзээ Ц.Нямдорж Ерөнхий сайдаар томилогдвол Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны сайдаар үргэлжлүүлэн ажиллах магадлалыг ч өндөрсгөж байгаа юм. За үгүй юм гэхэд энэ салбарыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тэргүүлэх жив жув байна.

 

Түүнээс гадна Ерөнхий сайдын албан тушаалыг сэрүүн зүүдлэж яваа хүмүүсийн нэг бол Ө.Энхтүвшин. 2007 онд Засгийн газрыг огцруулан хэмээн дайрч байгаад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болж байсан тэрбээр  шинээр байгуулагдах Засгийн газрыг тэргүүн болбол Ж.Эрдэнэбатын тэргүүлж байсан Засгийн газрын хэд хэдэн сайдыг хэвээр нь үлдээх тухай тохироо хийсний нэг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд гэнэ. Хэрэв тэрбээр Ерөнхий сайдад хүчин мөхөсдвөл БСШУС-ын сайдын албан тушаалыг ч давхар өвөртөлчихсөн яваа гэнэ билээ.

 

24tsag.mn