Э.Хишигжаргал: Ипотекийн зээл зогсоогүй
2013/12/18
Засгийн газраас олгож буй найман хувийн зээлийг энэ сарын 25-аас эхлээд ирэх оны нэгдүгээр сарын 15-ыг хүртэл зогсоохоор болсон тухай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан билээ.
Энэ талаар Монгол банкны Олон нийттэй харилцах албаны ажилтан Э.Хишигжаргалаас тодруулсан юм.
-Наймын хувийн зээлийг энэ сарын 25-аас эхлээд түр хугацаагаар зогсоохоор болсон гэж байсан Ямар шалтгааны улмаас зогсоох гэж байгаа юм бэ?
-Ипотекийн найман хувийн зээл зогсохгүй. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр ташаа мэдээлэл явж байна. Энэхүү найман хувийн зээлийг Засгийн газраас үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгож байгаа. Санхүүжилтийн 300 тэрбум төгрөгийн үнэт цаасны асуудал шийдэгдчихсэн байгаа. Тиймээс ипотекийн буюу найман хувийн зээл зогсох ямар үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.
-Зарим арилжааны банкнууд зээл олгох болон найман хувийн зээлтэй холбоотой материалыг хүлээж авахгүй байна. Энэ ямар учиртай юм бол?
-Манайхаас ямар нэгэн зээлээ хаа гэсэн үүрэг даалгавар өгөөгүй. Тухайн банкны үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй юм.
-Одоо арилжааны ямар банкууд зээл олгож байгаа вэ?
-Манайхтай хамтарч ажилладаг бүхий л арилжааны банкуудаар олгох ёстой. Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, Хаан банк, Капитал банк, Хас банк, Төрийн банк зэрэг бүхий л арилжааны банкуудаар олгогдож байгаа.
Н.Баасандэмбэрэл