Монголын Зэвсэгт хүчин энхийн цагт эр цэргүүд  амь эрсддэг  эвгүй газар болж хувираад удаж байна. Энэ салбарт цэргүүд осолдож, гэмтэж, амиа алдах нь  ердийн үзэгдэл боллоо.   Түүний мөрөөр хариуцлага  тооцсон нэг ч тохиолдол байхгүй.  Харин  Б.Бат-Эрдэнэ аварга   Батлан хамгаалахын сайдаар  жил тойрон ажиллахдаа “Би хариуцлага хүлээнэ” гэж хэлснээрээ анхдагч болсон. Удалгүй Засгийн газар огцорсноор  сайдын суудлаас   буусан. Гэхдээ  Б.Бат-Эрдэнэ Зэвсэгт хүчний салбарын бүх хариуцлагыг үүрч  огцорсон гэвэл өрөөсгөл.  Уг нь сайдтай,  сайдгүй энэ салбарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, чиглүүлж байх үүрэг бүхий  төв байгууллага  нь Зэвсэгт хүчний жанжин штаб.  Түүний командлагч нь хошууч  генерал  Д.Даваа  юм. Харамсалтай нь  төв байгууллага нь ч, дарга нь ч, том цолтнууд, хурандаа, генералуудад нь  түмний үрсийг гэх  сэтгэл, алдаагаа хүлээх чадвар, улайх  нүүр, ичих  булчирхай гэж алга. Тэд асуудлын ард  арьсаа хамгаалж, алдаагаа  өндөг шиг дараад  үлдэж байна.  Ер нь энэ салбарынхан өмнө  ч ийм байсан, одоо ч, цаашид ч ийм л байдлаар явах бололтой.

 Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын  27-нд  Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хааж байсан гурван цэрэг  усанд  осолдож амиа алдсан. Хэргийн мөрөөр хэн  ч хариуцлага хүлээсэнгүй.  Өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл бэлтгэж яваад усанд осолдоход хүрсэн нь   цэргүүдийн буруу биш байлтай. Тэднийг  мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй дарга, албан тушаалтнууд хаана байв.  Удирдан  чиглүүлэх үүрэг бүхий  Зэвсэгт хүчний дээд байгууллага  Жанжин штаб юу хийж байв. Эдгээр асуултад Жанжин штаб ч, Д.Даваа генерал ч хариу өгч байсан нь үгүй. Зэвсэгт хүчний салбарт энхийн цагт  эр цэргүүдийн амь нас эрсэдсээр байгаа  энэ асуудлыг  сонгуулийн үр дүнгээр  салбарын сайдаар түр хугацаатай томилогдож  1-2  жил юм уу ажиллаад огцордог,  сайндаа 3.5 жилийн хугацаатай тамга атгачихаад явчихдаг хүнтэй холбож харах нь  дээр хэлсэнчлэн учир дутагдалтай. Алдаагаа нууж, албан тушаал дэвшиж ирсэн хурандаа, генералууд, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, чиглүүлж байдаг Жанжин штабыг бүрэн бүрэлдэхүүнээр сольж байж л зэвсэгт хүчний салбар шинэ арга барилаар ажиллах боломж бүрдэнэ.

 Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт гарсан  осол, амь эрсэдсэн, эрэмдэг зэрэмдэг болсон алба хаагчдын тоог авч үзвэл дайны цагт галын шугаманд байгаа мэт нөхцөл байдлыг санагдуулж байна. 

2017.01.17: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид  харуулын ахлагч  нь цэргүүдээ дэглэснээс болж, байлдагч Ж.Баярцогт хөлийнхөө хурууг тайруулсан.

2017.02.17: Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн.

2017.04.11: Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар  “Дадлагыг ахмад Н явуулж байхад тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна” гэсэн тайлбар өгсөн.

2017.05.11: Төв аймгийн Алтанбулаг сум Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд сургалтад гарч байсан офицер, ахлагч хоёр УАЗ-469 машинтай явж байгаад осолдож бэртэл авсан.

2017.06.13: Зэвсэгт хүчний Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан. Түүнийг цэрэгжилтийн дэглэмийн ачааллыг даалгүй нас барсан гэх мэдээлэл гарч байв.

2017.08.04: Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс баруун зүгт 26 км-т хоёр иргэн тэсрэх зүйлд өртөж нэг нь нас барсан. Цагдаа, шүүхийн байгууллага шалгаж байгаа.

2017.08.27: Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б, Е, С нар 2017 оны наймдугаар сарын 27-ны өдөр усанд осолдож амиа алдав.

 Мөн  2013 оны аравдугаар сарын 6-ны өдөр 123 дугаар ангийн  байлдагч Д харуулынхаа цэг дээр сургуулийн сумаар өөрийгөө буудсан хэрэг гарч байсан.

 2015 онд Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтсэн аймшигт осол гарч байв.

Цэргүүд амиа алдсаар, Жанжин штабын дарга, цэргийн өндөр цолтон хурандаа,  генералууд  суусаар  байх уу?

Зууны мэдээ
Л.Хэрлэн