НИТХ-ын даргад өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ
2017/09/25
Монгол Улсад удирдлагын тогтвортой систем шат шатандаа үгүй боллоо. Сүүлийн арав гаруй жил ороо бусгаа байсан Монголын улстөр сая нэг зөв голдиролдоо ороод байсан. Гэвч албан тушаал горилогчид улстөрийн нэгдмэл байдлыг үгүйн хийн байж өөрсдөө байр сууриа олохоор төр засаг, нийслэл, орон нутгуудын захиргааг самарч будилуулав.
Улмаар Засгийн газрыг унагаагаад 20 ч хоноогүй байтал НИТХ-ын хуралдаан болж, хурлын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Хамгийн хачирхалтай нь чухам л Ц.Сандуйг л энэ албанаас зайлуулж гэмээнэ хотын ахуй амьдрал цэгцэндээ орно гэцгээгээд байсан этгээдүүд одоо өөрсдийнхөө хүнийг хурлын дарга болгохоор зүтгэж эхэллээ.
Өнгөрсөн баасан гаригт болсон НИТХ-ын 11 дүгээр ээлжит хуралдаан түр завсарласан. Харин НИТХ дахь МАН-ын бүлэг өглөө хурал эхлээс өмнө хуралдаж Ц.Сандуйгийн оронд хэнийг томилохоо хэлэлцсэн юм. Тэр үеэр Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар НИТХ-ын даргад өрсөлдөхөөс татгалзаж нэрээ татсан. Тиймээс МАН-ын бүлэг Д.Баярсайханыг нэр дэвшүүлжээ. Гэтэл олноо “Оюуны Ундраа”-гийн С.Отгонбаярын дүү гэдгээрээ танигдсан С.Амарсайханы нэрийг заалнаас дэвшүүлснээр НИТХ-ын даргад МАН-ын бүлгийн хоёр хүн өрсөлдөж, нууц санал хураалтаар сонгох шаардлагатай болсон. Гэвч 34 гишүүний санал яг хоёр тэнцүү хуваагдсанаар НИТХ-ын шинэ дарга хараахан тодорч чадаагүй билээ.
Тиймээс яг одоо олон нийтийн дунд энэ хоёр хүний хэн нь хэн бэ гэдэг асуулт хөвөр байгаа ажээ.
С.Амарсайханы тухайд дээр дурдсанчлан ахынхаа нэрээр олонд танигдсан, шаггүй бизнесмэн. Мөн түүнийг МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн нөхөр гэдгээр нь ч хүмүүс мэддэг. Гэхдээ түүнийг гадаад орнуудад хэд хэдэн удаа боловсрол дээшлүүлсэн, сэхээтэн гэж хүмүүс мэддэггүй. Харин сүүлийн үед Зайсан толгойн ар бэлийг сэтлэн сүндэрлэсэн шилэн барилга, Туулын хөвөөн дэх Зайсан Скүэр зэрэг ланжгар баян байгууламжуудын эзэн гэдгээрээ нэр нь дуулдах болсон. Түүнийг ийнхүү бэлтэй загнах болсонд олон хүн гайхдаг. Гэхдээ сайн ахын буянаар “Оюуны Ундраа” хэмээх нүсэр том группын Ерөнхий захирал болсон төдийгүй, “Монгол СЕО” гэх бийлэгжүү эрхмүүдийг эгнээндээ багтаасан клубын Ерөнхийлөгч, хэд хэдэн орд газрын лицензийг эзэмшдэг, олон компанийн ТУЗ-д багтсан нэгэн ийн мөнгө цацлахад гайхах зүйл үгүй гэдгийг онцлох ёстой байх. Гэвч түүнд төрд ажилласан туршлага бараг үгүй. Нэг хэсэг БНХАУ дахь Монголын ЭСЯ-ны ажилтан болж, Бээжинд гурван жил суусныг эс тооцвол тэрбээр төрд зүтгэсэн түүхгүй шахам. Харин яагаад НИТХ-ын дарга болохоор онцгойлон зүтгэснийг нь олон нийт хэд хэдэн байдлаар хардаж байгаа аж. Нэн түрүүнд тэрбээр хэд хэдэн амжилттай бизнестэй учраас үүнийгээ илүү дээшлүүлэх хөшүүргийг ахынхаа тусламжгүйгээр өөрөө бий болгохыг зорьсон гэх. Нөгөөтэйгүүр Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийн толгойлдог Зүүний хүчний холбоо хэмээх амбиц өндөртэй залуусыг нэгтгэсэн бүлэглэлд багтдаг тэрбээр одоо төрд ямар байдлаар орох ёстой болсон ба эхлээд НИТХ-ын дарга болох нь маш зөв алхам ч гэцгээж байна.
Харин түүний өрсөлдөгч Д.Баярсайхан гэгч эмэгтэйн хувьд төрд олон жил ажилласан туршлагатай. Ялангуяа олон нийтийг төлөөлж ажиллах арвин туршлагатай нэгэн аж. Түүнчлэн боловсрол, хувь хүний төлөвшлийн тухайд олны дунд сайнаар яригддаг бөгөөд агаар, хөрс, усны бохирдол, дэд бүтцийн салбарт хийсэн ажил арвинтай. Тиймээс МАН-ын бүлэг Д.Баярсайханыг НИТХ-ын дарга болоход тохирох нэгэн гэж үзээд нэр дэвшүүлсэн нь энэ ажээ.
Ямартай ч НИТХ-ын даргын сунгаа УИХ-ын сонгуулийн дайтай сонирхолтой болох нь ээ. Хураасан юм, ажил байдал, хандлагаараа газар, тэнгэр шиг ялгаатай хүмүүсийн өрсөлдөөнийг нийслэлчүүд тун ч анхааралтай ажиглаж байна.
Х.Маргад
www.eremmews.mn
ить · 2017/09/25
Энэ Баярсайхан гэгч эмээ одоо болноо.