МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй улстөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар Ч.Улаан, Н.Батбаяр сайдыг огцрох хэрэгтэй хэмээн үзсэн байна. Тодруулбал  улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хоёр дугаар хуралдаан өчигдөр болж, үнийн өсөлтөд нөлөөлж, улсын эдийн засгийг  хүнд  байдалд хүргэсэн хоёр сайдыг огцруулах асуудлаар мэдэгдэл гаргасан бөгөөд үүнийг зургаан нам дэмжиж гарын үсэг зурсан байна. Үүнд, МАН,  Монголын ногоон нам, Монголын бүгд найрамдах нам,  Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хамаг монгол хөдөлмөрийн нам Ардчилсан хөдөлгөөн нам, Эх орончдын нам, Иргэний хөдөлгөөний намууд мэдэгдэлд гарын үсэг зурж, Засгийн газрын хоёр сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн байна. 

Энэхүү мэдэгдлээ эрх баригчид болон Монголын ард түмэнд хандаж гаргасан бөгөөд цаашид Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг дэмжих эсэхээр ард түмний санал асуулга, эдийн засагчдын хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

 

Мэдэгдэлд: “УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар өнгөрсөн нэг жил таван сар гаруйн хугацаанд үр бүтээлтэй ажиллаж чадсангүй. Улс орны нийгэм, эдийн засгийг сөхрүүлж, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахгүй олон алдаа дутагдал гаргалаа. Тооцоо үндэслэл муутай, алдаатай бодлогынх нь улмаас улс орны эдийн засаг хүндэрч, ард түмний амьдрал эрс муудлаа.

 

Өргөн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах 3 их наяд төгрөг, “Чингис” бондын 1,5 тэрбум ам.долларын хөтөлбөр, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар гээд улсын төсвөөс дутахааргүй их мөнгийг төсвийн гадуур ямар ч хяналтгүйгээр эргэлдүүлсэн боловч өнөөдөр ард түмний амьдралд наалдан, үнэ тогтворжиж, ач тусаа өгсөнгүй. Хэдхэн компанийн халаасыг зузаатгаад өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлснээр Монгол Улсын 2013 оны төсвийн орлого 1 их наяд гаруйгаар тасарч, инфляци хоёр оронтой тоонд орж, гадаадын хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар буурч, Монгол Улсын иргэн бүрийн төлөх өр өдөр бүр нэмэгдсээр байна.

 

Эрх баригчид Засгийн эрх авсанаас хойш цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар ямар ч арга хэмжээ авсангүй, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30 орчим хувиар суларлаа. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит амьдрал дээр 30 орчим хувь өсөж, улмаар иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, ард иргэдийн амьдралд хүндээр тусаж байна. Нөгөө талаар ханшийн энэхүү огцом хэлбэлзэл, эдийн засгийн тогтворгүй байдлаас болж бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож байгаа нь банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2013 оны 11 дүгээр сарын эцэст  572,5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 274 тэрбум төгрөг буюу 91,8 хувиар өслөө. Түүнчлэн Монгол улсын 2013 оны төсөв 1-1,5 их наяд төгрөгөөр тасалдах нь тодорхой боллоо.

 

Эдийн засаг бүх талаар дордсоныг Монгол Улсын Ерөнхийлөгч болон олонхийн  бүлгийн зарим гишүүд ч хүлээн зөвшөөрөх боллоо. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Засгийн газрын өмнөөс хариуцлага хүлээх гэсэн хэдий ч олонхи мөн  л хүлээж авсангүй. Бүх юм сайн сайхан болно, бидэнд цаг хугацаа хэрэгтэй гэж эрх баригчид ард түмнийг тайвшруулан, өнөөгийн алдаатай бүхнээ өнгөрсөн рүүгээ түлхэж, өөрсдөө цэвэр гарах арга хайсаар байтал арга буюу амьдралын үнэнд гүйцэгдэж, ард түмний амьдрал өлөн зэлмүүхэн байгаа нь бухимдлыг улам ихэсгэж байна.

 

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд улсын эдийн засаг, төсөв, санхүүг хүнд байдалд оруулж, макро эдийн засгийг тогтворгүйжүүлсэн гол буруутан болох Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах саналыг тавьсныг Улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар бид дэмжиж байна.

 

Эрх баригчид хариуцлага алдсан Засгийн газрын гишүүдээ хаацайлж хамгаалж авч үлдэх шийдвэр гаргах юм бол Засгийн газрыг огцоруулахын төлөө нийт ард түмэнтэйгээ хамтран тэмцэхээ илэрхийлж байна.” хэмээн тусгажээ.  

А.Баярмаа