УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-УИХ-д 65 суудалтай эрх баригчид Засгийн газраа огцруулаад нэлээд хугацаа өнгөрлөө. Одоо шинэ Ерөнхий сайд, Засгийн газрын асуудал яригдаж байна. Гэхдээ Та Ерөнхий сайдыг огцруулсан чуулган дээр харагдаагүй?
-Тухайн үед би эрүүл мэндийн шалтгаанаар оролцоогүй. Оролцсон бол үгээ хэлж, асуулт тавина, харин санал өгөхгүй байсан. Учир нь би Монгол Улсын Их Хурлын гишүүн болохоос МАН-ын хэрүүлийг салгагч биш. Одоо дахиад л МАН-аас Засгийн газраа байгуулж байна. Тухайлбал, нэг айлын талаар ярихдаа “Авгай нь ухаантай, нөхөр нь тэнэг” гэдэггүй биз дээ. Харин энэ их зөв айл, хүүхдүүд нь хүмүүжилтэй гэж л ярьдаг. Тэгэхээр айлын хэрүүлд орох хэрэггүй. Хэрэв Засгийн газрыг шүүмжилсэн 33 намаасаа гараад тусдаа нам байгуулчихсан бол жинхэнэ шударга ёсны талд байна гэж үзэх байлаа. Засгийн газрыг огцруулж болдоггүй юм биш л дээ. Гэхдээ үнэхээр УИХ-аараа асуудлыг шийднэ гэсэн бол бусад намынхаа гишүүдтэй яриад үндэслэлээ тавиад, хамт гарын үсгээ зурдаг юм. Тэгсэн бол ойлгож болно. Ерөнхий сайдыг огцруулах санал гаргахдаа тэр 33 гишүүн гуравхан үндэслэл тавьсан байна лээ. Би бол 10-ыг тавих байсан юм. 
-Тухайлбал?
-Жишээлбэл, 60 тэрбумын асуудлыг яримаар байна. Энэ 65 чинь 60 тэрбумыг ярьж чадахгүй. Бие биенийхээ хүмүүсийг ажилд оруулчихсан явж байгаа. Төрөл саднаа дэмжиж болно, төрийг доромжилж болохгүй гэдэг үг бий. Гэтэл доромжлоод зогсохгүй гутаан доромжилж байгааг харахаар зэвүү хүрээд байна шүү дээ. Надад нэг хүн гомдол тавьж, өөр рүү нь ирсэн мессежийг үзүүлж байсан. “Хөөе, чи 3.5 сая төгрөг өгөөч ээ. Чамайг ажилд оруулаад байхад” гэсэн мессеж бичсэн байгаа юм. Бүр эрээ цээрээ алдчихаад байна. 
-Таны хувьд шинэ Засгийн газар яаж ажиллах ёстой вэ?
-Шинэ Засгийн газар худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, хэмнэлтийн горимоор ажилладаг байгаасай. Нэгэнт огцорсон юм чинь хуучин Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх ёстой. Хамгийн гол нь дэд сайдуудыг байхгүй болгох хэрэгтэй. Энэ олон орлогчийн орон тоог цомхотгох ёстой. Мөн төрийн албан хаагчдын цалинг жигд нэмэх ёстой гэж би харж байгаа. Багш нар надтай уулзаад 1.6 сая төгрөгийн цалин авъя гэж байна лээ. 
Тэгэхэд нь би “Та нар хоёр сая төгрөгийн ч цалин авч болно. Асуудлын гол нь та нарын авах цалин худалдан авах чадварт таарах уу, үгүй юу гэдэг чухал байна. Цалин нэмснээс үүдээд долларын ханш өсөөд, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадчихвал бидний үр хүүхэд, ах дүү, өвөө, эмээ нар зовно шүү дээ” гэж хэлсэн. Төрийн албанд ойролцоогоор 190 мянган хүн байдаг юм. Тэдний 40 мянга орчим нь багш, бас нэлээд хэдэн мянга нь эмч байгаа. Үүнийг цогцоор нь бодлогоор шийдэх талаар энэ Засгийн газар ажиллаасай гэж хүсч байна. 
-Засгийн газрыг байгуулах бүрт дан, давхар дээлний асуудал сөхөгддөг. Та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ, Засгийн газрын ажил хоёр тусдаа зүйл. УИХ-ын гишүүн гэдэг чинь аймшигтай завгүй хүн байдаг юм. Ялангуяа бид чинь 76 тойрогтой болчихсон шүү дээ. Тойргийн иргэдээ хүлээж авах, өргөдөл, гомдлын асуудал шийдвэрлэх, хууль санаачлах, хуульд хяналт тавих гэх мэт. Тэгэхээр ямар завандаа Засгийн газарт ажиллахыг нь би ойлгохгүй байгаа. Эсвэл УИХ-ын гишүүнээсээ татгалзаж болно. Манай УИХ-ын тухай хуульд сайн дураараа татгалзаж болно гэсэн байдаг. Хүндэтгэж үзэх шалтгаан нь бэлэн байна. Юу гэвэл “Би Монгол Улсын Засгийн газарт ажиллахыг хүсч байна. Надад хоёр ажил давхар хийх цаг байхгүй. Тийм учраас энэ ажлаа албан ёсоор өгч байна” гэж болно шүү дээ. Тэгээд нөхөн сонгууль явуулна биз. Жишээлбэл, та эмч, багш хоёрыг зэрэг хийнэ гээд бод доо. Танд тийм зав, боломж байх уу. Тэс өөр хоёр зүйл шүү дээ. 
-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний оруулсан асуудал УИХ дээр илүү дэмжлэг авч сайн явдаг гэдэг шүү дээ?
-Өөрөө өөрийгөө яаж хянах юм. УИХ чинь Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавина гээд байгаа шүү дээ. Хяналт тавина гэдэг нь огцруулна гэсэн үг биш л дээ. Хянаж шалгаж, шүүж, тунгааж ажиллана гэсэн үг. Орж ирж шахалт үзүүлээд “Намайг бага хянаач ээ” л гэсэн үг шүү дээ. Наадах чинь зүгээр л давхар дээлтэй байдаг хүмүүсийн хэлдэг шалтгаан. Яг ний нуугүй хэлэхэд Засгийн газрыг УИХ-ын гишүүдэд зориулж, эсвэл тэдэнд таалагдах гэж байгуулдаг уу. Явцуу утгаар хэлбэл намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж л байгуулж байгаа биз дээ. УИХ-ын гишүүдэд таалагдах гээд байгуулж байгаа бол 76 хүнээс Засгийн газар байгуул л даа. Тэгвэл гомдол, саналгүй асуудал илүү хурдан явна. Дэлхийн бүх улсад Засгийн газар, парламент нь тусдаа байдаг нь шалтгаантай шүү. Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байдаг жишиг бол бий. Тийм болохоор би давхар дээлийг ерөөсөө ойлгохгүй байгаа. 
-Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАХН нам жим байх шиг. Та ер нь намынхаа ажилд оролцож байна уу?
-МАХН харин ч идэвхтэй байгаа. Шинэчлэлийн асуудлаа ярилцаж байна. Оффшорын эсрэг, 60 тэрбумын асуудлыг цэгцлэх гэдэг талаар анхаарал хандуулж байна. Саяхан бид Бага чуулганы гишүүдтэйгээ Төрийн ордонд шинэ Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийлээ. 
-МАХН-ын дэд даргаар С.Ганбаатар ажиллаж байгаа. Та хоёрыг таарамж муутай байдаг гэх мэдээлэл гардаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр та дэмжээгүй юм биш үү?
-Намаа бол дэмжиж болно. Намаас буруу хүн дэвшүүлбэл тэр дэвшигчийг бол дэмжиж чадахгүй шүү дээ. Гэхдээ би намаа дэмжээд явсан. Манай Эрдэнэтэд С.Ганбаатар ялсан. С.Ганбаатарыг дэмжиж зөв сонголт хийе гэж уриалаад ажилласан. 50 сая вонын асуудлаар “Зууны мэдээ” сонинд өмгөөлөгч нь ярилцлага өгсөн. Өөрөө танай сонинд ярилцлага өгсөн байна лээ. Танай сонинд өгсөн ярилцлагыг харахаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тагнуулынхны хяналт хамгаалалт дор байхад нь найз нь гадаад хүн дагуулж ирээд мөнгө өгөхөд найз нөхөд юм чинь гээд авчихсан юм уу даа. Харин Мөнхсайхан гэдэг өмгөөлөгч нь сонгуулийн өмнө хамгаалалт аваагүй байхад нь мөнгө авсан гэдэг яриа өгчихсөн байна. Аль нь үнэн яриад байгаа юм. МАХН гэдэг бол С.Ганбаатар, Н.Энхбаярын нам биш шүү дээ. Энэ бол Монголын ард түмний нам учраас намаа дэмжээд л явна шүү дээ.
-Гэхдээ Н.Энхбаярын гэдэг хүний нам шиг харагддаг л даа?
-МАХН-ыг анх яаж байгуулсан бэ гэдэг түүхийг үзэх хэрэгтэй. Ардын намд жигүүр үүсээд олны мэддэгээс Н.Удвал, Ц.Оюунбаатар зэрэг хүмүүс бүх аймаг, дүүрэгтээ шинэчлэл хийе гээд явсан. Сүүлд намын нэрийг солингуут “Энэ ерөөсөө олигархуудын нам болчихжээ. Олон түмний нам байя, хуучин нэрээрээ байя” гээд нам байгуулсан. Харин Н.Энхбаяр гэдэг хүнийг намаас нь хөөгөөд мөн Д.Тэрбишдавга, О.Чулуунбат зэрэг гишүүний зургийг Сүхбаатарын талбайд залуучууд нь шатаахад бид маргааш нь намдаа авсан шүү дээ. Түүхэн тийм л баримт байна. Тэрнээс Н.Энхбаяр гэдэг хүн гарч ирээд би ийм нам байгууллаа гээд яваагүй. Байгуулчихсан намд ирээд намын дарга болсон. Яахав, цаанаас нь дэмжиж түлхсэн, санхүүгээр дэмжиж байсан байж болно. Манай намд дөрвөн төрлийн гишүүд бий. 
-Тодруулбал?
-Яг 2010 оноос МАХН гэсэн хуучин үнэмлэхээ сэргээгээд авч яваа хэсэг бий. Мөн намынхаа үзэл бодол, зорилгыг эсэргүүцээд АН, МАН-аас орж ирсэн хүмүүс байна. Иргэний хөдөлгөөнөөс орж ирсэн хүмүүс байдаг. Хэрвээ Ж.Батзандангийн шар зангиатай бичлэгийг харвал хажууд нь зогсож байгаа хэд хэдэн залуучууд одоо манай намын хүмүүс байгаа шүү дээ. Түүнчлэн Н.Энхбаяр даргыг шүтэн биширдэг, бурхан мэт хүндэлдэг, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг хүмүүс байна. Энэ дөрвөн чиглэлийн хүмүүс бий. Гэхдээ бид бүгдээрээ намаа өөрчилье, шинэчилье, цааш нь авч явъя гэж байгаа. 
Нам бол дүрмээр явах ёстой. Намын дүрмээр хоёр жилд нэг удаа Их хурал хийж, тэр хурлаар намын дарга орж албан тушаалаа баталгаажуулаад явж байх ёстой. Одоо манайх хэдэн жил болж байна. Хэдэн удаа их хурал хийсэн. Намын Бага чуулганы тодорхой тооны гишүүдийг Гүйцэтгэх товчоо чөлөөлж, огцруулж болно. Гэхдээ нэг бодит үнэн байна. Тэр нь дүрмээрээ 205-аас дээш байж болохгүй. Дээшээ байх юм бол Улсын Дээд шүүхэд дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэх ёстой. Намын Бага чуулганы гишүүд өөрчлөгдөх юм бол өөрчлөлт бүрийг Дээд шүүхэд арав хоногийн дотор өгөх учиртай. Тэгж чадаж байна уу. Тийм учраас энэ нам жинхэнэ өөрчлөгдөх ёстой юм. Яагаад бид өдий хүртэл суучихсан бэ гэхээр шударга бусын хонгилоор явчихсанд байгаа юм. Ц.Нямдорж, Ц.Элбэгдорж гэдэг хоёр хүн нийлж Н.Энхбаяр гэдэг хүнийг шоронд хийсэн гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Тэгээд хөөрхий шоронд орсон, Солонгос явсан, дараа нь сонгуульд оруулаагүй. Тэр болгонд нь өнөөдөр юм яриад яах вэ дээ. Азаар Ц.Элбэгдорж буухаасаа өмнө манай Н.Энхбаяр даргатай маш ойрхон найз болсон шүү дээ. 
-Тийм үү?
-Ц.Элбэгдорж өөрөө надад хэлж байсан. Нэг, хоёрдугаар сард байна уу даа, “Би танай даргатай их ойрхон найз болсон. Танай даргыг сонгуульд оруулах асуудлыг би дэмжинэ” гэсэн. Тэгээд ч дэмжсэн. С.Ганбаатар дэвшиж байна гэдэг чинь дэмжиж байгаа хэрэг. Н.Энхбаяр дарга дэвших асуудал дээр ч дэмжсэн. Зовлонтой нь сонгуулийн жил Батбаяр гэдэг нөхөр Н.Энхбаяр дарга дээр гэнэтхэн хүрч ирээд хуулийн зөвлөгөө өгье гээд шүүх рүү тун буруу бичиг өгүүлчихсэн. Нөгөө бичгээр нь Сонгуулийн ерөнхий хороо тоглоод Н.Энхбаяр даргыг дэвшүүлээгүй. Та бод доо. Дээд шүүхээс нэг ял өглөө гэж бодъё. Энэ ялын хэмжээг томсгоё, багасгая гээд дахиж шүүхэд ханддаггүй л байхгүй юу. Ял шийтгэлгүй гэдгийг тогтоочихсон, Өршөөлийн хуулиар орчихсон байхад түүнийгээ шүүхэд дахиж өгдөг нь ямар учиртай юм. Зүгээр л  тойрон хүрээлсэн хүмүүс нь зориуд унагаах гэсэн оролдлого гэж хардаж болж байна. Шүүхээс ийм бичиг өгдөггүй юм гэсэн хариу өгсөн дээр нь Сонгуулийн хороо далимдуулаад нэр дэвшигчээр аваагүй шүү дээ. 
МАХН-ыг нэг хүний нам гэдэг байдлаар хараад байгаа нь бид яахав лидерээ хаядаггүйд л байгаа хэрэг. Одоо Г.Шийлэгдамбыг өмөөрөнгүй яриад байгаа шалтгаан минь бас л манай лидер байсанд нь юм. Дээрээс эхний хоёр, гуравт зогсохоор албан тушаалтай байсан. Өнөөдөр унаад, бүдрээд явж байхад Н.Энхбаяр даргыг яаж өмөөрсөн түүн шигээ өмөөрөх ёстой шүү дээ. Тэр хүн мөнгө аваад намдаа зарцуулсан. Мөнгөнөөс нь аваад ашигласан л байгаа. Хувьдаа юу, намдаа юу гэдгийг хуулийн байгууллага нь тогтооно биз. Хүн болгоныг мөнгө олж ир гэж хэлдэг байсан нь бодитой шүү дээ. Бүх намд байдаг зовлон. Ц.Элбэгдорж АН-ын дарга байхад ийм л байсан. Д.Дорлигжав байхад ийм л байсан. Одоогийн С.Эрдэнэд ийм л зовлон байгаа. Намын санхүүжилтийг шийдэж чадаагүй бол хэцүү шүү дээ. Тийм болохоор манай нам шинэчлэгдэнэ ээ. Бид бусад шиг бөөн юм болох гээд урьдчилж бэлдээд байхгүй. Хийдгээ хийгээд, шийддэгээрээ шийдээд явчихна. Харин манай намын 100 мянган гишүүн байдаг гэж үзвэл бүгдээрээ Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлж, шоронд оруулж болохгүй гэдэг дээр хатуу байгаа. Гэхдээ нам бол ямар ч байсан хувийн өмч биш. Аль ч улсад тийм байдаггүй. Намын Их хурал, намын Бага чуулган нь эрх мэдлээ хэрэгжүүлээд л явдаг. Бүх нам тийм байгаа.

Үндэсний шуудан сонин