“UBS music awards-2013” наадам өнгөрсөн сарын 29-ны өдөр зохион байгуулагдсан билээ. Харамсалтай нь зохион байгуулалт муутай болсон энэ наадам  шилдгийн шилдэг буюу  Гранпри шагналыг хүртсэн уран бүтээлчдээ гомдоогоод зогсохгүй цаашдын  ажилд нь саад учруулсан байна. Өөрөөр хэлбэл тус наадмын шилдэг зураглаач, эмэгтэй  дуучин, хамтлагийн шилдэг клип, Гран при шагналыг  хүртсэн  “Black Zebra” студийн хамт олныг “UBS music awards” наадмыг зохион байгуулагчид АНУ-ын Нью-Йорк  хотноо дуучин Бионсигийн тоглолтыг урилгын суудалд суун үзэх эрхийн бичгээр шагнасан. 8000 ам.долларын өртөг бүхий  энэхүү эрхийн бичгээр бол  “Black Zebra” студийн залуус энэ сарын 17-нд АНУ-ыг зорьж 24-нд эргэж ирэх байлаа. Харамсалтай нь  залуусын замын зардлыг дааж, аялуулна гэж байсан нь үлгэр болж, өнөөдөр хэрхэх нь бүрхэг болоод байна.  Өөрөөр хэлбэл аялалыг хариуцаж байсан “UBS music” телевиз болон “Grape city”-ийн хамт олон хариуцлага алдсны улмаас тус студийн залуус “хар даруулжээ”, нэг жилийн турш АНУ-ыг зорих  боломжгүй болгожээ.

“Black Zebra” студийн хамт олны хувьд ирэх жил АНУ руу баримтат киноны ажлаар явах гэж байсан бөгөөд  “хар даруулсан” тул боломжгүй болж байгаа юм. “Black Zebra” студийн хамт олон тоглолт үзүүлнэ гэж хуурч, цаашдын ажилд нь саад учруулсанд бухимдалтай, гомдолтой байгаа ажээ.  Харин энэхүү мэдээллийг наадмыг зохион байгуулагчид болон “Grape city”, “Black Zebra” студийн хамт олон нууцалж байгаа бөгөөд ойр тойрны цөөн хүн л энэ талаар мэдэж байгаа ажээ. Тиймээс энэ асуудал өнөөдрийг хүртэл олны анхааралд  өртөөгүй юм байна.

Удаа дараа уран бүтээлчдийг  гадаад явах эрхийн бичгээр шагнаж байсан “UBS music” телевизийнхэн туршлага дутсан гэж өөрсдийгөө зөвтгөхгүй л байх.  Хариуцлага алдсан энэ үйлдлээ хэрхэн тайлбарлах бол? Харж л сууя даа...

П.Төгөлдөр