Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн НҮБ-ын Эрүүл, аюулгүй, цэвэр, тогтвортой орчинд амьдрах эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч ноён Жонн Кнокс тэргүүтэй төлөөлөгчдийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ноён Жонн Кнокс нь Монгол Улс дахь хүний эрхийн байдал, ялангуяа аюулгүй, цэвэр, эрүүл, тогтвортой орчинд амьдрах хүний эрхийг хангах чиглэлээр Монгол Улс олон улсын гэрээ конвенцийн дагуу хүлээсэн үүрэг амлалтаа хэрхэн биелүүлж байгаатай газар дээр нь танилцаж, зөвлөмж гаргах зорилготойгоор манай улсад ирээд байгаа аж. Тэрээр 2015 онд НҮБ-ын тусгай элчээр 3 жилийн хугацаатай томилогдсон бөгөөд Доктор Хенри С.Лоурмены нэрэмжит Вейк Форест их сургуульд хүний эрх, хүрээлэн буй орчны эрх зүйн хичээл заадаг юм байна.

Уулзалтын эхэнд Х.Батсүрэн НҮБ-ын тусгай илтгэгч, АНУ-ын нэр хүндтэй их сургуулийн багштай уулзсандаа баярлаж буйгаа илэрхийлээд Монгол Улсын шүүхийн тогтолцоо, Улсын Дээд шүүх, Захиргааны хэргийн дагнасан шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар товч танилцуулав.

Ноён Жонн Кнокс Монгол Улсын Үндсэн хуулийн “иргэд эрүүл, аюулгүй, орчинд амьдрах эрхтэй” гэсэн заалтыг баримталж шүүх шийдвэр гаргадаг эсэх, нийтийн эрх ашгийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах тухай, шүүхийн шийдвэрийн нээлттэй байдал, шийдвэрээ тайлбарладаг эсэх, уул уурхайн компаниуд өөрсдийнх нь эсрэг мэдээлэл өгсөн иргэнийг нэр хүндэд нь халдсан асуудлаар шүүхэд өгсөн зэрэг асуудлыг сонирхон асууж байсан юм.

Х.Батсүрэн шүүгч Захиргааны ерөнхий хуульд нийтийн эрх ашгийг төлөөлж төрийн бус байгууллагууд нэхэмжлэл гаргах тухай заалт орсон, үүнээс өмнө хуулийн ийм зохицуулалтгүй байхад ч шүүх байгаль орчинтой холбоотой тодорхой хэргүүдийг тухайн орон нутгийн иргэдийн эрх ашиг хөндөгдсөн байна гэж үзэж шийдвэрлэж байсан талаар ярилаа. Түүнчлэн Захиргааны хэргийн шүүх дагнасан байдлаар ажиллаж эхэлсэн 2004 оноос хойших бүх шийдвэрийг shuukh.mn сайтаас үзэж, үндэслэлтэй нь танилцаж болно гээд шүүгчид шүүхийн шийдвэрийн үндэслэлээ аль болох тодорхой бичихийг эрмэлздэг талаар хэллээ.

Ноён Жонн Кнокс өөрийнх нь сонирхсон асуултад бүрэн дүүрэн хариулт өгсөнд нь Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.