Монгол улсын эдийн засгийн өсөлт 2018 онд 3 хувьтай байна гэсэн таамаг дэвшүүлэв
2017/09/26
Азийн хөгжлийн банк (АХБ)-наас Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 онд 3 хувьтай байна гэсэн таамаглал дэвшүүлжээ.
Тус банкнаас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, цаашдийн таамаглалаа танилцуулсан юм. 2017 оны эхний хагас жилд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрсэн нь өмнөх оны 1 хувьтай харьцуулахад томоохон үзүүлэлт юм. Энэхүү өсөлт нь нүүрсний олборлолт сэргэж, экспортын гүйцэтгэл сайн байсантай холбоотой хэмээн АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий мэдээллийнхээ эхэнд онцлов.
Энэ оны эхний хагас жилд Монгол Улсын төсвийн алдагдал 34.1 хувиар буурсан нь ДНБ-ий 5.8 хувьтай тэнцэж байна. Мөн хугацаанд төсвийн орлого 41.1 хувиар, зарлага 9.6 хувиар өсчээ. Нүүрсний экспорт огцом нэмэгдэж, гадаад худалдаа өнгөрсөн оноос 69.9 хувиар илүү ашиг олсон. Мөн урсгал дансны алдагдал 42.8 хувиар буурсан нь ДНБ-ий 5.6 хувьтай тэнцэж байгаа аж. Гадаад валютын албан нөөц 1.3 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа нь 2.6 сарын импорттой дүйцэж байгааг тэрбээр дурьдаад, “Оны эхний хагас жилд Монгол Улсын инфляци 3 хувьтай байсан. Энэ нь 2016 онд төгрөгийн ханш суларснаас үүдэн импортын бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой. Монголын нүүрсний олборлолт огцом өссөн. Мөн БНХАУ-ын нүүрсний эрэлт өндөр хэвээр байна гэж тооцсоны үндсэн дээр бид 2017 оны эдийн засгийн өсөлтийн таамгийг нэмэгдүүлсэн. Үүнд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор бизнесийн итгэл сэргэж байгаа нь ч тодорхой нөлөө үзүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, 2017 оны эцэст эдийн засгийн үзүүлэлт 4 хувь, 2018 онд гурван хувьтай байна гэсэн таамаг дэвшүүлж байгаа.
Шатахууны онцгой албан татвар нь түлшний үнийн өсөлтөд төдийлөн нөлөөлөөгүй учраас инфляцийг бууруулж тооцсон. Бид инфляцыг 2017 онд 3 хувь, 2018 онд 3.4 хувь байна гэж тооцоолж байна. Харин Оны хоёрдугаар сард импортын бүтээгдэхүүний хэмжээ өсөх хандлагатай байгаа тул урсгал дансны алдагдал 2017 онд -6.4, 2018 онд -8.5 хувьтай байна гэсэн таамаг дэвшүүлж байгаа юм” хэмээв.
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Эдийн засгийн өсөлтөд ямар салбар голлон нөлөөлөх вэ. Нүүрсний салбарын өсөлт цаашид үргэлжлэх үү?
-Оны эхний хагаст нүүрсний салбарын гүйцэтгэл сайн байсан. Энэ нь оны хоёрдугаар хагаст үргэлжилнэ гэж үзэж байгаа. Гэхдээ эдийн засгийн өсөлтөд нүүрсний салбараас гадна бусад нөлөөлөл бий. Тухайлбал, ОУВС-нийн хөтөлбөр тодорхой нөлөө үзүүлж байгаа. Монголын уул уурхайн салбар эдийн засгийн уналттай байгаа. Уул уурхайн салбарын уналт зэсийн баяжмал дахь алт болон бусад металийн агууламж буурсантай холбоотой. Мөн барилгын салбар нийлүүлэлт хэтэрснээсээ шалтгаалан мөн уналттай байгаа. Үүнээс бусад буюу хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар өсөлттэй байгаа.
-ОУВС-гаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд АХБ Монголд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой. Үүнээс эхний шатны хөрөнгө оруулалт орж ирсэн. Дараагийн хөрөнгө оруулалт хэзээ орж ирэх вэ?
-Өмнө бидний зүгээс Монгол Улсад олгодог санхүүжилт 100 хувь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулдаг байсан. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд бидний оруулж буй хөрөнгө оруулалтын 50 хувь нь төсвийн алдагдлыг нөхөх, 50 хувь нь төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд зориулагдаж байгаа. Бид одоо 100 сая ам.долларын санхүүжилтыг банкны салбарыг эрүүлжүүлэхэд зориулж олгоно. Мөн нийгмийн халамжийн тогтолцоог бэхжүүлэхэд зориулна. Энэхүү санхүүжилтийн судалгааны ажил үргэлжилж байна Мөн бага сургууль, цэцэрлэгийн 30 цогцолбор барих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төслийг судалж байна.
-Монгол Улс 2018 онд хоёр томоохон бондын эргэн төлөлтийг хийнэ. Эдгээр бондын хугацааг сунгах, эсхүл шинээр бонд гаргах гэсэн хоёр гарц яригдаж байна. АХБ аль сонголтыг нь зөв гэж харж байгаа вэ?
-Өөрийн нөөц бололцоогоороо эргэн төлөлт хийх нь хамгийн ухаалаг бодлого. Үүний тулд төсвийн зардлыг бууруулан эргэн төлөлтийн нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ одоогоор ийм боломжийг бүрдүүлэх нь хүндрэлтэй байгаа. Тиймээс өндөр хүүтэй бондоо бага хүүтэй зээлээр дахин санхүүжүүлэх боломжийг олгох зорилгоор ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд жилийн 1 хувийн хүүтэй хөнгөлөлттэй санхүүжилт орж ирж байна. Тиймээс дахин санхүүжилт хийх байх. Цаашдаа бол аливаа эргэн төлөлтийг өөрийн эх үүсвэрээр шийдвэрлэх нь чухал гэж харж байна.
-2017 оны намрын чуулганаар Ерөнхий сайдыг томилно. Дараагийн Засгийн газрын үйл ажиллагаа та бүхний тооцоололд нөлөөлөх магадлалтай юу?
-Шинэ Засгийн газар бидний тооцололд нөлөөлөхгүй. Гэхдээ Монгол Улс тун удахгүй олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох үйл ажиллагаа явуулах учраас улс төрийн тогтвортой байдал туйлын чухал.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг