Хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу  “Ар баян шанд” ХХК-ийн захирал С.Дэлгэрмаагийн  2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сонгино хайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 19 дүгээр гудамжны 534 тоот өөрийн эзэмшлийн хашаанд барьсан Монгол гэрт Бүгд найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын иргэн Ан Хиок ЧолРёнг ЮннамКим МанхуПак КионгилРим Чун Ил, Пю Кван ЧолКан Сүн Чол, Жон ЧолсүРи Жа Ил, У ЖонгилКим Жонгбом, Ким Кван ХиокЖо Ён Гил, Ки Ён Чол, Ма Кён Пил нарын 15 иргэнийг хууль бусаар хорьсон гэмт хэргийн талаар мэдээлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл хүний гэм буруутайг шүүх тогтоодог. Тиймээс сэтгүүлчид шүүхийн шийдвэр гарсны дараагаар буюу С. Дэлгэрмааг хоёр буюу түүнээс олон хүнийг хууль бусаар хорьсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  1 жил /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсний дараагаар бичсэн байгаа юм. Гэтэл үүнд “эгдүүцсэн” С.Дэлгэрмаа

1.      www.itoim.mn

2.      Үндэсний шуудан сонин

3.      www.shuud.mn

4.      www.Mongolcom.mn

5.      www.shuurhai.mn

6.      www.nuuts.mn

7.      www.bolod.mn сайтыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгчээ. Үүний дагуу өнөөдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй долоон хэвлэл мэдээллийн байгууллагаас 200 000 000 төгрөг нэхэмжилсэн хэргийн шүүх хурал товлогдоод байгаа.

Сэтгүүлчид анхан, давах, хяналтын шатны шүүх хурлын шийдвэрийг өөрийн ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлдэг. Сэтгүүлчийн бичсэн шүүхийн шийдвэрийн тухай мэдээ давж заалдах шатны шүүхэд өөрчлөгдсөн гэж хэн ч хэвлэлийг шүүхэд өгдөггүй. Өгсөн ч шүүгчид хэрэг үүсгэхээс татгалздаг. Учир нь сэтгүүлчид тухайн үед баримттай бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа бичсэн материалд болоогүй байсан давж заалдах шатны шүүхийн шийдвэр огт хамааралгүй гэж үздэг.

Хэргийг эргэн сануулахад:  “Ар баян шанд” компани Хан-Уул дүүрэгт барьж буй “Хүннү” хороололд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан.  С.Дэлгэрмаа захиралтай “Ар баян шанд” компани 2014 онд Хойд Солонгосоос ажиллах хүч оруулж оруулж ирээд цалинг нь өгөлгүй удсан бөгөөд нөгөөдүүл нь “халтуур” хийж явахад С.Дэлгэрмаа захирал хамгаалагч явуулан Баянхошуунд хорьсон байгаа юм. Энэ үйлдэл нь гэрчүүдийн яриагаар нотлогдсон байдаг. Тухайлбал, хохирогчийн “...С.Дэлгэрмаа нь хохирогч нарыг өөрийн аж ахуйн хашаанд барьсан гэрт аваачиж хүчээр оруулан, гаднаас нь цоожилсон, бусдаар мануулсан, өөрийн эрхээр бие засах, чөлөөтэй байх эрхээ эдэлж чадаагүй...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Нэргүйгийн “...Дэлгэрмаа гээд захирал нь гэх эмэгтэй микро автобусан дотор Солонгос улсын иргэдийг суулгачихсан байсан юм. ...номер дугаар байхгүй хашаанд аваачаад тэд нарыг нэг гэрт оруулсан юм. Тэр гэрт байсан ажилчдын захирал нь гэж байсан 40 орчим насны Дэлгэрмаа гээд эмэгтэй хоол ундыг нь бэлдэж өгөөд гаднаас нь түгжээд... яваад өгсөн. Манай хамгаалалтын албаны дарга Батбаяр, Уламбаяр бид хоёрыг хараад хоно гэсэн үүрэг өгөөд явсан. Ингээд байж байхад цагдаагаас хүмүүс ирсэн. Тэр Солонгос хүмүүсийг гэрт оруулж цоожилж өгөөд захирал Дэлгэрмаа Батбаяр нар яваад өгсөн. ...ингээд намайг гаднаас нь харж бай гэж надад үүрэг Дэлгэрмаа өгсөн....” гэх мэдүүлэг,

гэрч Б.Уламбаярын “...Дэлгэрмаа Солонгос хүмүүсийг алга болчихно гээд гэрийн хаалгыг түгжээд хамгаалалтын албаны дарга, орчуулагч, захирал нар яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ууганбаатарын “...тухайн хэргийн газарт үзлэг хийсэн. Сонгино хайрхан дүүргийн 31-р хороо, 19-582 тоотод байх хашаанд ороход тухайн хашаанд нэг гэр байсан ба тэр гэрийг 2 цоожоор цоожилсон байсан бөгөөд цүүгээр нь эвдэж гэрт ороход гэр дотор Солонгос улсын 15 иргэн газарт суусан байдалтай байж байсан...бидний хашаанд ороход харуулын 2 хүн байсан...” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...5 ханатай Монгол гэр байх бөгөөд гэрийн хаалга нь 2 ширхэг никель өнгийн цоожоор давхарлаж түгжсэн байдалтай байсан ба хаалганы цүүг эвдэж гэрт орсон...” зэрэг тайлбараас нь харж болно.  Тиймээс С.Дэлгэрмаад хүнийг хууль бусаар цагдан хорьсон гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, анхан шатны шүүхээс ял шийтгэж, тэнссэн. Хэрэг шалгагдаж байхад болон анхан шатны шүүхийн шийдвэр shuukh.mn сайтад байршсан үед мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүхэд дуудагдаад байгаа юм.

Гэтэл иргэн С.Дэлгэрмаад холбогдох хэрэг давж заалдахаас нэмэлт мөрдөн байцаалтад буцсан бөгөөд прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон байна. Тэрээр хэвлэлийнхнийг Хойд Солонгосчуудын захиалгаар өөрийг нь гүтгэсэн гэж үзсэн байна.

Шүүх хурлын шийдвэрийг үндэслэн бичсэн сэтгүүлчдийг ийнхүү шүүхээр “далайлгаж” байгаа нь хэвлэл мэдээллийн эрхэнд ноцтой халдаж байгаа хэрэг юм. 

Сэтгүүлчид шүүхийн шийдвэр байршдаг албан ёсны сайтаас шүүхийн шийдвэрийг баримт болгон бичсэн байхад Хойд Солонгосчуудын захиалгаар бичсэн хэмээн сэтгүүлчдийг шүүхэд өгч байгаа нь өөрөө бусдыг гүтгэж байгаагаас өөрцгүй хэрэг бөгөөд шүүхийн шийдвэрийг мэдээлсний төлөө  сэтгүүлчийг шүүхэд дууддаггүй юм!!!