МАН-ынхан улс төрийн тоглолтыг өөрсдийнхөө найруулдаг боллоо. УИХ-д 65 суудалтай тус намынханд улс төр явуулахад хэн ч нөлөөлж дөнгөхгүй гэдгийг шинэ Засгийн газрыг байгуулах үйл явц харуулав. Мэргэжлийн Засгийн газрыг огрцуулах асуудлыг хэлэлцсэн ээлжит бус чуулганы үеэр л УИХ-ын нэр бүхий гишүүд дараагийн Засгийн газрыг яаралтай байгуулахыг шаардаж байсан. Мөн ҮЭХ, Монгол Улсын Ерөнхийлөгч гээд шинэ Засгийн газрыг байгуулахыг шаардаж, шахсан хүн олон. Гэвч МАН-ынханд хэн нь ч нөлөөлсөнгүй. Зөвхөн тэд өөрсдийнхөөрөө бүх зохиолыг найруулж, өөрсдийнхөөрөө удирдав.

 

УИХ-ын АН-ын бүлгийнхэн УИХ-ын чуулганыг яаралтай хуралдуулж, Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэдгийг өгүүлж, УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Тэд “Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн чадамжгүй болсон нь төрийн алба тасралтгүй байх зарчим алдагдаж, улс даяараа өвөлжилтийн асуудал хүндхэн, хүүхдийн мөнгө цагтаа олгогдохгүй байх зэрэг олон шийдлээ хүлээсэн асуудлууд эрсдэлд ороод байгаа учраас ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж нь зүйтэй гэж үзэж байна” хэмээсэн байв.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээсэн. Уг албан бичигт “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө. Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна.

 

Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд хуралдуулах саналтай байна. Аль нэг намын дотод ажил, асуудлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурьдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлана уу” гэх албан бичгийг илгээсэн.

 

Түүнчлэн УИХ-д суудалтай МАХН-ын гишүүн О.Баасанхүү ч мөн л ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол УИХ-д “ганцаараа” гэгддэг С.Жавхлан ч мөн Засгийн газрыг яаралтай байгуулах нь зүйтэй гэдгээ өмнөх ээлжит бус чуулганы үеэр мэдэгдсэн. Үүгээр зогсохгүй Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ч мөн Засгийн газрыг яаралтай хуралдуулах тухай мэдэгдлийг УИХ-д хүргүүлээд амжсан.

 

Харин эрх баригчид ээлжит бус чуулганыг ирэх сарын 2-ны өдөр хуралдуулж аравдугаар сарын эхний 10 хоногт багтаан Засгийн газраа эмхлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд болно. Бага хурлаараа Ерөнхий сайдаа тодруулна. Улмаар намрын чуулганы хамгийн эхний өдөр Ерөнхий сайдаа батлуулж, аравдугаар сарын эхний 10 хоногт багтааж Засгийн газраа бүрдүүлье гэсэн шийдэлд хүрсэн” гэдгийг хэлсэн юм.

 

Энэ бүхнээс харахад МАН-ынханд хэн ч нөлөөлж дөнгөхгүй, тэд улс төрийн тоглоомын дүрмийг өөрсдөө зохиох нь гэдэг нь харагдаж байна. Харин тэдний тоглоомын дүрэм хэр зөв, цаашид хэрхэн үргэлжлэх үү гэдэг нь л олны анхаарлыг татаж байна.

 

Ямартай ч МАН-ынханы дүрмээр ирэх сарын 2-ны өдөр Монгол Улс Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг батламжлах эсэхийг шийдэх бол 10-ны дотор Засгийн газар байгуулагдах учиртай юм.

 

24tsag.mn