Сэтгүүлчид санал хураах төхөөрөмжтэй танилцав
2013/12/19
Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэж эхэлсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чуулганы нэгдсэн хуралдааны танхимд оруулж, санал хураалтын систем хэрхэн ажиллаж байгаатай өнөөдөр үдээс хойш танилцууллаа.
Улсын Их Хурлын Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн ажилтнууд гишүүдийн санал хураалтын yes, no болон үг хэлэх товчлууруудыг ажиллуулан хэрхэн саадгүй ажиллаж байгааг харуулсан юм. Хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид гишүүдийн санал хураалтын төхөөрөмжүүд 100 хувь саадгүй ажиллаж байгаатай танилцсаны зэрэгцээ өөрсдийн биеэр гишүүдийн санал хураалтын товчлууруудыг шалгаж үзлээ.
Цаашид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж гаргах хүртэл гишүүдийг хурууны хээгээр бүртгэх системийг ашиглахаа түр зогсоож, хуучин системээрээ явахаар шийдвэрлэсэн талаар Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар энэ үеэр сэтгүүлчдэд мэдэгдлээ.