НИТХ-ын даргыг өнөөдөр тодруулах гэнэ. МАН “мангар” нөхдөө цэвэрлэж буй. Энэ цэвэрлэгээ хэрхэн шударга бөгөөд цэвэр хийгдэхээс хамаарч ах намын цаашдын өнгө төрх тодорно.

Барин тавин мэдээлэл хийж, үг үйлдэл нь бодлоготойгоо зөрчилдсөн Засгийн газартаа хариуцлага тооцлоо. Ингэснээр мэргэжлийн бус мэдрэлийн тасаг шиг болсон кабинетийг үгүй хийж дөнгөв. Үүний дараагаар 60 тэрбумын  асуудалтай Ц.Сандуйг огцрууллаа. Хэдийгээр өөрөө өргөдлөө өгсөн ч шахаж, шаардуулж, буландсаны ач гавьяа гэхэд хилсдэхгүй.

Гэтиэл хогийн шүүрэнд өртөөгүй нэг эрхэм бусдын хараанаас мултарчих санаатай гэтэж явна.  Энэ хүн бол хотын дарга Су.Батболд. Нийслэлийн Засаг даргыг тамгаа гардсан энэ эрхэм намаа муухай харагдуулаад зогсохгүй Улаанбаатарынхны нүүрийг “улалзуулах” боллоо.

Нийслэлийн долоон дүүрэгт ялагдаж энэ нам түүхэндээ байгаагүй дүнгээ сонссон. Одоогоор энэ ялагдалд “миний буруу” хэмээн гараа өргөж хариуцлага хүлээсэн нь ганцхан Ц.Сандуй болж таарлаа. Гэвч Ц.Сандуй ганцаараа хариуцлага хүлээгээд үлдэнэ гэвэл хэтэрхий өрөөсгөл болно. Нийслэлийн МАН-ын хорооны хувьд Хотын дарга Су.Батболдоос эхлээд чирэгдэх хүн олон бий. Су.Батболд анх хотын дарга болохдоо Нийслэлийн иргэдэд таалагдаж сонгуулийн үед тэдний саналыг авах хэмжээнд намын нэр хүндийг өргөх үүрэг хүлээсэн нь лавтай. Гэтэл ажлаа аваад жил ч болоогүй байтал Ерөнхийлөгчийн сонгууль болж намын нэр хүндийг өргөх нь битгий хэл навс унагасан нь сонгуулийн дүнгээс харагдана.

Ер нь Су.Батболдыг хотын дарга болох гол тохироог Ц.Сандуй хийсэн байдаг. Гэтэл 60 тэрбумын хэрэг ил болж Ц.Сандуйн нэр хүнд унахтай зэрэгцэн хотын дарга жийрхэсэн үү, нэг хэсэг “Хот хоёр толгойтой боллоо”, “Хотын дарга нар хоёр тийшээ харлаа” хэмээн бичигдэж байлаа. Ямартай ч Ц.Сандуй, Су.Батболд нар хотын өмнөх удирдлага шиг сайн хамтрагчид байж чадсангүй. Үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр МАН дүүргүүдэд унасан шалтгааны эзнийг олж хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзвэл Су.Батболд ч үлдэх учиргүй юм. Нийслэлийн иргэдийн саналыг авах нь тухайн намаас сонгогдсон Хотын даргын ажил, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаатай шууд биш юм аа гэхэд ямар нэгэн сэжимээр холбогдож таарна. Тэгэхээр нийслэлийн иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчинд саналаа өгсөн нь одоогийн хотын удирдлагуудын үйл ажиллагаанд тийм ч таатай ханддаггүй гэдгийг харуулж байна. Нийслэлийн долоон дүүрэгт МАН ялагдал хүлээсэн. Үүний хариуцлагыг Су.Батболд ч хүлээх ёстой.

niigmiintoli.mn