Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумьяабазар, Ц.Гарамжав, Н.Учрал, Д.Гантулга тэргүүтэй УИХ-ын нэр бүхий 31 гишүүн Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал гаргасан. 9 сарын 7-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хурааж УИХ-ын гишүүдийн 57.5 хувь нь дэмжээгүй тул Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газар огцорсон билээ. Улмаар МАН-ын IX Бага хурал 9 сарын 25, 26-нд Тусгаар тогтнолын ордонд болж, бага хурлын 294 гишүүний 188 нь У.Хүрэлсүхийн төлөө саналаа өгснөөр тэрээр Монгол Улсын Ерөнхий Сайдад нэр дэвшээд байна. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, намын бүлгүүд ба УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хурлаар хэлэлцэх зэрэг хуулийн процесс явагдаад буй. Тэрээр УИХ-ын чуулганаар олонхийн санал авах нь ч бараг тодорхой биз ээ. Гэхдээ энэ нь У.Хүрэлсүх бүрэн эрх мэдэлтэй болсон гэсэн үг биш бөгөөд түүнд УИХ-д 65 суудалтай эрх баригч намын дарга болж чадах эсэх гэдэг маш том асуудал бий. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар энэ оны сүүлээр болох МАН-ын их хурлын үеэрх намын даргын өрсөлдөөнд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат  оролцохоор нэгэнт шийдсэн байна. 

 

П.Мандах

sonin.mn