УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг хийж гийгүүлсэн ажил бус хэрүүл тэмцэл хийж, хуралдааныг үймүүлдэг зангаар нь олон нийт илүү мэднэ. Болж өгвөл өөрийгөө дөвийлгөж, олон нийтэд таалагдах моментийг алдахгүйн тулд хэлэлцэж буй асуудлыг илт мушгиж хуралдааныг хэрүүл болгож хувиргах “шоучин” авьяастай учир намынхан нь жийрхэж, дотночилж харьцаад байдаггүй.

Чуулган, байнгын хорооны хуралдааныг түйвээж, нохой гахайгаар нь дуудаж байсан бичлэгүүд Youtube-ээр нэг бий. Хамгийн сүүлд хотын дарга асан Э.Бат-Үүлтэй хэрүүл өдөж, уралцсан.

Мөн Ж.Энхбаяр өмнөх Засгийн газрыг хамгийн их баалах болсон нь үг, үйлдлээс илт мэдэгдэнэ. Тэрбээр Сангийн сайд Б.Чдэг байлаа. Түүний энэхүү үйлдэл цаагуураа засгийг унагаах далд явуулгаа эртнээс илэрхийлж байсан нь тэр байж. Тодруулбал, нам дотор хов жив хутгаж, тольхилдуулж байгаад Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгож, өөрөө Шадар сайдын албыг залгуулахаар зүтгэж байсан нь тэр байж, хөөрхий. Тэр санасандаа хүрэхэд нэг алхам ойртлоо.

За яахав, Ж.Энхбаяр мэтийн “шоучид” намынхаа нөхөдтэй үзэлцэж байгаад төрийн өндөр сэнтийд заларлаа гэж бодъё. Тэгвэл тэр улс орныхоо төлөө юм хийх үү. Үгүй л болов уу. Олон 100 сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдож, хэдэн арван чоныг хүйс тэмтэрсэн, тусгай хамгаалалттай газар нутагт яамны нисдэг тэрэг ашиглаж ан хийсэн, жагсаал цуглааныг тараах зорилгоор мэргэн бууч хоёр ротыг бэлтгэх санал гаргасан зэргээр төрийн хүнд баймгүй үйлдэл түүнээс олонтаа гарч байсан. Хамгийн гол нь хийсэн хэрэг нь баримттай байхад нэг ч удаа хариуцлага хүлээж үзээгүй, гоншигнож байгаад мултардаг зантай. Ганц жишээ дурдахад, Ж.Энхбаяр 2012 оны аравдугаар сард Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагддаг хөвчид яамны нисдэг тэрэг ашиглан хулгайгаар ан хийсэн байдаг. Энэ хэрэг нь нотлогдсон боловч ямар нэг ял шийтгэл хүлээгээгүй. Жирийн иргэн байсан бол “торны цаана” суух байлаа.

Түүний болчимгүй үйлдэл үүгээр дуусахгүй. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед хууль бус халаа сэлгээ хийсэн төдийгүй ямарваа жагсаал, цуглааныг тараах зорилгоор мэргэн бууч бүхий хоёр ротыг бэлтгэх саналыг сайдын зөвлөлийнхөө хурал дээр танилцуулж, том асуудалд орж байлаа. Түүний энэ үйлдлийг салбар яамаа ойлгоогүй учраа мэдэхгүй хүүхдийн санаа хэмээн олон нийт дургүйцэж эсэргүүцсэн. Мөн засгийн газар болон банкуудын нууц материалуудыг олонд дэлгэдэг Wikileaks сайтад түүний тухай ноцтой нууц мэдээллүүдийг дэлгэсэн. Үүнд сонгуулийн үеэр санал авах ямар башир аргууд хэрэглэж байсан тухай бий. Түүнчлэн, тэрбээр 2011 оны өвөл УИХ-ын гишүүн байхдаа Говь-Алтай аймагт 270 чоно нутгийн анчдаар агнуулсан нь түүнийг “Чоно” Ж.Энхбаяр гэж дуудахад хүргэсэн.
Парламент дотор сөрөг хүчин мэт тоглолт хийгээд байгаа Ж.Энхбаяр бодит байдал дээр ийм л алиалагч байжээ.

Нийгмийн шуудан сонин

niigmiintoli.mn