Оросын армийн алба хаагчдад селфидэх, нийгмийн сүлжээнд зураг ба дүрс бичлэг тавихыг хориглоно
2017/10/06
Оросын армийн алба хаагчдад аюулгүй байдлын шалтгааны улмаас нийгмийн сүлжээнүүдэд янз бүрийн зураг тавьж, юм бичиж, селфидэхийг хориглох тухай хуулийн төслийг ОХУ-ын БХЯ боловсруулжээ.
"Ройтерс” агентлагийн мэдээлснээр, энэ хуулийн төсөлд “Алба хаагчид өөрийнхөө талаарх болон улс орны цэрэг армийн тухай мэдээллийг дайснуудад дэлгэх зураг, дүрс бичлэг болон бусад материалыг интернэтэд тавихыг хориглоно” гэжээ.
Өмнө нь Оросын армийн алба хаагчдын нийгмийн сүлжээнд тавьсан зураг болон дүрс бичлэгээр Украин болон Сири рүү албан хаагчдаа илгээснийг нь холбогдох улс орнууд олж мэдэж байсан аж.
Тухайлбал, 2014 оны долдугаар сард Оросын нэгэн алба хаагч Украин дахь Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүдэд “Град” пуужингуудыг хүргэж өгснөө харуулсан зургийг “Твиттер” хуудсандаа оруулж байжээ.
Орос нь 2014 оны гуравдугаар сард Украины Крымын хойгийг өөртөө нэгтгэснээр хүн амынх нь дийлэнх хувийг орос хэлээр ярьдаг хүмүүс эзэлдэг Украины Донецк болон Луганск мужийн байдал тогтворгүй болсон билээ.
Донецк болон Луганскийн салан тусгаарлах үзэлтнүүдэд хүнд зэвсгүүд нийлүүлж, цэргүүдээ тус мужууд руу орууллаа гэж ОХУ-ыг Украин болон барууны улсууд буруутгасаар байгаа юм.
Харин ОХУ мэдэгдэхдээ “Манай улсын “сайн дурынхан” Донецк болон Луганскийн ард түмэнд тусалж байгаа. Зэвсэгт хүчний алба хаагчдаа Украин руу илгээгүй” гэж мэдэгдсэн юм.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг