"Гайхамшигт үдэш" тоглолтын үл мартагдах 18 мөч
2017/10/07
Түүнээс өмнө ба хойш гэсэн цаг хугацааны зааг, хэр тоглолт гэдгийг чансаалах чанарын хэмжүүр, үзэгчдийн сэтгэл ханамжийн хэмийг тогтоох үнэлэмж босгыг дуучин Т.Ариунаа дэглэн тавьсан нь одоогоос 8 жилийн өмнөх “Гайхамшигт үдэш”-т цогцолсон билээ.
Хүйт тачигнасан өвлөөр тоглолтын танхимд цугласан олныг Ариунаа тасралтгүй үргэлжлэх амьд дуу хөгжим, уян налархай бие галбир, бүжгийн гал цогтой хэмнэлээрээ шатааж орхисон нь 2009 оны 12 дугаар сарын сүүл, он солигдох торгон мөчийн урьтал өдрүүд. Энэ бол Монголын урлагийн ертөнцийг цоо шинээр зөгнөсөн, буй бодитоор урласан жинхэнэ “Гайхамшигт үдэш” болсон.
Энэ тоглолт урлагт мөнхрөх рекорд амжилтууд, мартахын аргагүй мөчүүдийг олноор туурвин бүтээжээ. Ингээд “Гайхамшигт үдэш” тоглолтын хөшигний ард болсон сонирхолтой үйл явдлууд, тайзан дээрх нүд гялбаж, зүрх буцлам мөчүүдээс онцолъё.
1. Соёлын төв өргөөнд 2 өдөр дараалан тоглосон “Гайхамшигт үдэш” тоглолт үнэхээр л эхлэлээсээ төгсгөл хүртэл ГАЙХАМШИГТАЙ байж чадсан юм.
-Тэр үдшийн гол дүр болох дуучин Ариунаагаас үзэгчид үргэлж шинийг хүлээдэг зангаар суудлаа нэхэл хатуу эзэлцгээв. Тоглолт эхлэх мөчөөс эхлэн Ариунаа хүмүүсийн хүлээж байснаас илүүг өгч чадсан. Хүмүүс Ариунааг сонсохоороо, бас харахаараа шууд л доргио мэдрэмж авдаг шүү дээ. Тэр энэ удаа Ариунаа бол зөвхөн дуучин төдийгүй бүжигчин, жүжигчин гэдгээ харуулж, Монголын үзэгчдэд орчин үеийн тоглолт ямар байдгийг таниулсан.
-Харин урлагийнханд бол Монголын шоу бизнесийн тэргүүн хатагтайн имиж ямар байж болохыг үзүүлсэн гэж бодож байна. “Гайхамшигт үдэш” тоглолт олны хэзээний танил Ариунаа дуучны ур чадварыг бүрэн нээснээс гадна хөгжим, бүжгийн хамтлаг, зохион байгуулалтын баг, гоёл чимэглэл, хувцасны дизайн гээд бүхий л зүйл төгс байж гэмээнэ энэ бол жинхэнэ тоглолт болдгийг харуулсан даа. Түүнээс өмнө ч, хойш ч ийм бүрэн хэмжээний тоглолт давтагдаагүй. Урлагт том тэсрэлт болсон байдаг.
2. “Гайхамшигт үдэш”-ийг бүтээхийн тулд зохион байгуулалтын нүсэр баг ажилласан.
- “On and off” продакшн, гитарчин Өөжгий, бөмбөрчин Золбоо, бүжиг дэглээч Төгсөө, “The most” орчин үеийн бүжгийн хамтлаг, бүжиг дэглээч Батсайхан, латин америк бүжгийн “Star” хамтлаг, “New star студи”-ийн найруулагч С.Гантөр, “A sound” хамтлагийн Пүрэвсүх, басс гитарчин Билгээ, туслах бөмбөрчин Жерри, Бүх цэргийн эрдмийн дуу бүжгийн чуулгын эстрад найрал оркестор, “Баянмонгол” чуулгын хөгжимчид, “Натур саунд” студийн багш Мөнгөнсүх, СУИС-ийн оюутнууд, “Туяарах” салон, make-up Отгоо Швейцарын Цюрих хотын циркийн сургуулийн багш Д.Цэрэннадмид зэрэг томоохон баг хамтран ажиллажээ.
-”Гайхамшигт үдэш”-ийг цогцлоохын тулд Ариунаа нийт 300 гаруй уран бүтээлчийг зохион байгуулалтын багтаа нэгтгэсэн нь урьд хождын тоглолтуудын давтагдаагүй статистик үзүүлэлт юм. Сонирхолтой нь, энэ тоглолтын арын албанд “Монгол тулгатны” хэмээн хожим алдаршсан П.Анужин, өдгөө Улаанбаатарын тэргүүн гангачуудын хувцсыг урлах болсон “Monalun” брэндийн дизайнер Номунгэрэл нар ажилласан юм билээ.
3. Энэ тоглолтын үеэр дуучин Ариунаа поп опера дуулсан нь үзэгч олныг ёстой л гайхашруулж орхисон.
-Тэр үдэш бүжиг, циркийн үзүүлбэр, дуу, дуун дундаа дуурийн дуутай нүсэр шоу тоглогдсон. Т.Ариунаа нэрт поп опера дуучин Сара Брайтманы “Anytime, Anywhere” дууг дуулж хоолойн хүч чадлаа гайхуулсан нь бас нэг дуулиан болсон юм.
4. “Дурлал шиг асна” дууны хэсэг бол тоглолтын итгэмээргүй бөгөөд сэтгэлд хоногшим мөч байв.
- “The Lemons” хамтлагийн дуучин Одноо “Baby, би наранд ойрхон байна Baby, би үүлэн дээр унтаж байна Baby, би дуу шиг дүүлэн байна Baby, би дурлал шиг асаж байна” хэмээн дуулахад үзэгчид поп хатагтайн бүтэн жилийн сургуулилалтын үр дүнг бишрэн ширтэж суусан юм.
5. Циркийн үзүүлбэр энэ үдшийн оргил хэсэг байлаа.
-“Гайхамшигт үдэш”-т зориулан дуучин Т.Ариунаа маш олон төрлийн бүжиг бэлдсэнээс гадна Швейцарын Цюрих хотын циркийн сургуулийн багш Д.Цэрэннадмидаар дэглүүлсэн циркийн үзүүлбэр үзүүлсэн мөч тэр үдшийн хамгийн оргил хэсэг байсан нь гарцаагүй.
-Танхим даяараа амьсгал түгжиж харсан гээд бод доо.
6. Зөвхөн мэргэжлийнхний зориглодог үзүүлбэр үзүүлж байхдаа ч Ариунаа инээмсэглэхээ мартаагүй.
-Шантаршгүй хөдөлмөрийн үр дүнд бүтсэн тэр тоглолт бүхэлдээ Ариунаагийн эрч хүч, эерэг энергийн илэрхийлэл байлаа.
-Урлагийн төлөө, үзэгчдэд ариун дагшин гоо сайхан, тэнгэрлэг оршихуйг мэдрүүлэхийн төлөө Ариунаа асахгүй юм бол, Ариунаа зориглохгүй юм бол, Ариунаа хөдөлмөрлөхгүй юм бол өөр хэн гэж… Ийм л мэдрэмж төрж байна.
7. “Гайхамшигт үдэш”-ийн амжилтын ард баг хамт олны цуцашгүй хөдөлмөр байсан юм.
-Циркийн үзүүлбэрийн үеэр арын албанд ажиллаж буй хүмүүс ч анх удаа харж буй үзэгчдээс дутуугүй сэтгэл хөдлөл гаргаж буй сонирхолтой дүр зургийг та эндээс харж болно.
8. Циркийн үзүүлбэрээ дуусгаад сэтгэл хангалуун тайзны ар луу гүйн орж буй Ариунаа. Ёстой нөгөө “Хар даа…” гэмээр.
-Түүнтэй хамт олон хүн ажилласныг ч та эндээс харж болох юм.
9. Үүнээс 8 жилийн дараа Монголд агаарын иог эрчээ авч, дур булаам уян хатан галбиртай болох гэсэн охид хүүхнүүдийг байлдан дагуулахын эхлэлийг Ариунаа энэ тоглолтоороо тавьж байж шүү.
10. Тоглолтын хувцас ба гоёл чимэглэл, үсний засалт, нүүр будалтыг дурдахгүй орхиж болохгүй.
-Цав цагаан богино даашинз, барбигийнх шиг гялалзсан, ганган даашинзууд нь тоглолтод онцгой уур амьсгал цогцлоож байсан юм.
-Ариунаа тоглолтод хэрэглэх гоёл зүүлт, хувцас хэрэглэлээ “Гайхамшигт үдэш”-т зориулан бүгдийг тусгайлан захиалж урлуулсан гэдэг.
11. “Гайхамшигт үдэш” тоглолт дээр Ариунаа өөрийгөө 100, бүр 200 хувь дайчилж чадсан.
-Магадгүй тэр бүтэн тоглолтын турш амьдаар дуулахын хажуугаар өөрөө мэргэжлийнхэнтэй эн зэрэгцэн бүжиглэсэн хамгийн анхны уран бүтээлч байсан.
-Тангогоос эхлээд Майкл Жэйксоны бүжгийг ч торох юмгүй хийсэн билээ.
12. Тайз руу гарахаар алхаж буй сэтгэл догдлуулам мөч.
-Уран бүтээлч хүн бүр магадгүй тэрхэн мөчид л ер бусаар сэтгэл догдолж, бас дээр нь сандрал, түгшүүрийг мэдэрдэг биз ээ.
-Энэ бүр яг кино, кино. Кино цаашаа.
13. Хормын өмнө тайзны ард яарч сандран гүйж байсан Ариунаа тайзан дээр гараад сандрах зүйлгүй, бүх юм хэвийн, зүгээр л “үзүүлээд өгөх” тэр гайхалтай мөч...
-Хөшигний ард ийм л үйл явдал болж байсан. Харин тэр тайзан дээрээ гараад л хүссэнээрээ бүжиж эхэлсэн дээ.
14. Эмэгтэй Майкл Жэксон
-Түүний бүжгийн үзүүлбэр бүр дахин давтагдашгүй, бас мэргэжлийн төвшинд болсныг тэр тоглолтыг үзсэн хүн бүр санаж байгаа биз.
-Тэр үед попын хаан Майкл Жексон таалал төгсөөд удаагүй байсан үе л дээ. Үнэхээр гүнзгий сэтгэгдэл төрүүлж чадсан шүү.
15. Сандрал, түгшүүрээ “гөвж” хаяад тайзны зүг...
-Мэдээж түүний дотор асар их түгшүүр, сандрал байсан. Гэхдээ тэр хэд сайн нуруу руугаа цохиулж аваад л гарч өгсөн дөө. Энэ чинь л Ариунаа шүү дээ!
16. Тоглолтын эхлэлийн сүр жавхаатай мөчөөс хэдхэн хормын өмнө тайзны доор тэр ингээд хүлээж байсан.
-Тайзан дээрээ гарсан даруйдаа ямар гайхалтай, эрч хүчтэй зогсолт хийж байгааг нь хараач!
-Тэр зөвхөн энэ үдшийг бүтээхийн тулд өөрийгөө бүх талаар бүрэн бэлтгэж, төгс урлаж чадсаан.
17. Тасралтгүй бүжиглэж, дуулна гэдэг асар их энерги, хүч зарцуулсан ажил болохын баталгаа энэ.
-Хацар даган урсан хөлс нь түүний хөдөлмөрийн үр дүн билээ.
18. Яг энэ л Ариунаа шүү дээ!
-Дүүлэн нисэх шувуу шиг тэр тайзан дээрээ юу юунаас илүү эрх чөлөөтэй.