Хүний хөрөнгө дээр хөлөө олсон Б.Ундармаа гишүүн “Алтжин”-г давтах уу
2017/10/09
“Алтжин”-гийн Г.Алтан хатагтайг танихгүй хүн үгүй. Түүний мэдлийн “Бөмбөгөр” худалдааны төв гурван ч удаа шатаж их бага хэмжээгээр түрээслэгчдийг хохироож нэг хэсэгтээ л дуулиан болж байв.
Тэгвэл Г.Алтангийн арыг залгах нэгэн бизнесмэн нь “Бишрэлт” группийн захирал УИХ-ын гишүүн Б.Ундармаа болчихов бололтой. Түүний харъяанд үйл ажиллагаагаа явуулдаг Ботаникийн эцэст байх “Wellmart” худалдааны төв шатаад бараг жил болох гэж байна. Гэтэл өнөөдрийг болтол цөөн хэдхэн түрээслэгчидтэйгээ хэл амаа олсныг эс тооцвол бусдыг нь үнсэнд хаясан шалз шиг орхижээ. Б.Ундармаа гишүүн өнөөдрийг болтол түрээслэгчдийг хэт өндөр мөнгө нэхэж байна хэмээгээд хохирлыг нь барагдуулах нь бүү хэл өөрийн эзэмшлийн гурван давхар байшингаа бүтэн үлдсэнд талархсан уу албан тушаал, амбийц хоёрт нь сэв суух вий хэмээн сэтгэсэн үү хохирогчдынхоо асуудлыг үл хайхран чимээгүйхэн төрийн ажлаа хийж сууна. Эрхэм хатагтайтай тохиролцсон гэх 10-аадхан хүн өдгөө хоосон шахуу худалдааны төвд бууриа сахиад үлджээ. Тэдний дунд 2 лангуу эзэмшиж 20-иод сая төгрөгийн бараагаа шатаачихаад чимээгүйхэн сууж байгаа ч хүн байна. Тийм нэгэн хүний төлөөлөл А гэгч эмэгтэй “Эгч нь христийн шашинтай юм. Зовлон бид бүгдийг дайрсан. Бурхан авах ёстой зүйлээ авлаа гэж бодсон учраас гэр бүлийнхээ хүнтэй ярилцаж байгаад хохирол барагдуулж байна гэсэн 2 сая төгрөгийг нь авсан. Мөн түрээсийн хэлбэр дээрээ тохиролцсон. Ингэхдээ гурван сарын турш түрээсгүй ажиллана гэсэн нөхцөлтэйгээр хохирол барагдуулсан 2 сая төгрөгийг авсан ч өдгөө биднийг чулуу хөөлгөсөнийг нь мэдэж байна. Гал гарсантай холбоотой дуулиан намжингуут түрээсгүй ажиллуулсан гурван сарынхаа мөнгийг нэхээд эхэллээ. Ийм увайгүй зан гаргах байсан бол бид тохиролцохгүй байсан. Бусдынхаа адил шүүхээр явж эцэст нь ямар шийдвэр гарахыг нь харах байсан. Зарга хийж цаг алдаж суухаар тохиръё гэсэн минь эцэстээ дахин өр төлбөрт унагаж байна” гэсэн юм.
Б.Ундармаа гишүүн ээ, галд амьдралаа алдсан хохирогчдынхоо асуудлыг цэгцэлээч ээ. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг үг бий. Жирийн иргэний хувьцааг худалдаж авчихаад хэрхэн мөнгийг нь өгөхгүй зугатаж улмаар шүүхэд дуудагдсан хэдий ч шүүхийн шийдвэрийг үл хүндлэн очоогүй гэх балраагүй түүх, арилаагүй нэр танд байдаг. Үүнийг сөхвөл бусдын эзэмшлийн хөрөнгө дээр өндийж хөл дээрээ бат гэгч зогссон таныг өдгөө ч хүний хөрөнгөөр хэтэвчээ түнтийлгэж суугаа гишүүн гэдгийг мэдэхгүй хүн байхгүй. Wellmart худалдааны төв үүд хаалгаа нээсэн цагаас эхлэн түрээсээ тасралтгүй өгч байсан тэднийг зовоход нь ингээд өөрөөсөө түлхээд хаяж болж байна уу. Хүн чанаргүй мөн чанаргүй тантай холбоотой ийм нэгэн баримт олдсныг сийрүүлье.
…Нэхэмжлэгч Л.Цэцэгээ 1992 онд Үйлдвэрийн хувь нийлүүлэх банкинд 200 мянган төгрөг өгч хувьцаа эзэмшигч болжээ. Тухайн үеийн 200 мянган төгрөг гэдэг чамлахааргүй тоо. Гэтэл тухайн банк дараа нь “Шинэчлэл” нэртэй болж удирдлагууд нь солигдсоноор иргэн Л.Цэцэгээгийн хувьцаа олдохоо байж эхэлжээ. Нэлээд хэдэн жил хөөцөлдсөний эцэст 2003 онд хувьцааг нь “Бишрэлт” компанийн захирал Б.Ундармаа гэдэг хүн авсан гэдгийг олж мэдсэн байна. Бүтэн 11 жил эрэл сурал болсон хувьцааны учир олдож “Бишрэлт”-ийн Б.Ундармаагаас хувьцааны үнэ болох 881.000 төгрөгөө авахаар очтол уулзахгүй зугатсаар байж. Иргэн Л.Цэцэгээ “Бишрэлт”-ийн Б.Ундармаатай хоёр жил хөөцөлдсөний эцэст арга буюу шүүхэд хандсан аж. Нэхэмжлэлийн шаардлагыг сонссон “Бишрэлт” компанийн захирал Б.Ундармаа хуулийн зөвлөхөөрөө дамжуулан банк алдагдалтай ажилласан мөн 201.300 төгрөгийг илүү бодсон байна гэсэн тайлбар хүргүүлээд бэлэн мөнгө өгч чадахгүй оронд нь бараа өгөе гэсэн санал тавьжээ. 1992 оны 200 мянган төгрөг 2003 оны 600 мянган төгрөгийн ханштай дүйцэхгүйгээр барахгүй уг нь ашиг олох гэж банкны хувьцаа эзэмшигч болсон хүнд хохиролтой тусч байж. Сүүлдээ тэр нь бараа болох хандлагатай болж ирсэнд иргэн Л.Цэцэгээ бухимдаж 11 жил хөөцөлдсөн зардлын хэмжээнд ч хүрэхгүй мөнгийг нь өгчихөж чадахгүй байгаа “Бишрэлт” холдингийн захиралд гомдохын туйл болсон хэдий ч иргэн Л.Цэцэгээ барааны оронд ядаж 881.000 төгрөгөө авахыг хүссэн байна. 2005 оны тавдугаар сард шүүхийн шийдвэр гарч “Бишрэлт”-ийн Б.Ундармаагийн хариу тайлбарт мэдэгдсэн 201.300 төгрөгийг хасах үндэслэл болохгүй хэмээж 881.000 төгрөгийг иргэн Л.Цэцэгээд яаралтай гаргаж өгөхийг шаардсан байна. Энэхүү шүүхийн шийдвэрийг дор нийтэлсэн болно.
Энэ мэт намтарыг нь ухвал “хар” үйл бишгүй хийсэн түүнд хаяглах ээлжит баримтыг засварлаж нэмж хачирлахгүйгээр хүргэе. Түрээслэгчдээ хохироодог ээлжит “Алтжин”-г давтахгүй байх сэтгэл зүтгэл байна уу.
niigmiintoli.mn
иргэн · 2017/10/09
Энэ шившигтэй явдлын эзэн чинь арай өнөөх ах намын хатагтай биш биздээ.