Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын хэргийг хэрхэн шийдсэн талаар УИХ-ын сонсгол явуулах санал гаргалаа
2017/10/10
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын хэргийг хаасан болон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар тагнаж чагнан гүйцэтгэх ажил явуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод илгээлээ.
2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн 8.1-д “УИХ нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулна”, мөн хуулийн 8.2.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна” хэмээн заасан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн холбогдох заалтуудын дагуу дээрх хоёр асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээгээд байгаа юм.
Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр арилжсан гэх “60 тэрбумын” хэргийг хаасанд ард иргэд илэрхий дургүйцэн тодорхой мэдээлэл шаардсаар байгаа болон Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар мөрдөн мөшгиж тагнан, гар утсыг нь чагнаж, бусадтай ярьсан яриаг нь бичлэг болгон улс төрийн зорилгоор олон нийтэд цацсан үйл ажиллагаа нь төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж, иргэд, олон нийтийг айдаст автагдуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү УИХ-ын даргад явуулаад байна.